Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Барселон хот 1850-иад онд бараг л сүйдээд байлаа. Хөл хөдөлгөөнтэй боомт бүхий аж үйлдвэржсэн хотын дүртэй ч оршин суугчид нь хэдхэн газраа бөөгнөрөн амьдардаг, хөгжил дэвшил нь бөс даавууны цөөхөн үйлдвэртээ дөрөөлсөн ажин түжин суурин байв. Хэдийгээр Барселоны өдөр тутмын амьдралын хэмнэл Испанийн бусад хэсэгтэй харьцуулахад хавьгүй хурдан байж, тус хотыг хэзээ мөдгүй Европын төв болно гэсэн яриа түгээд байсан ч үнэн хэрэгтээ хотын 187 мянган иргэнийх нь аж амьдрал Дундад зууны үеийн хана хэрэм, умгар хэдэн байшин дотроо хашигдсаар уджээ.
Нэг га буюу ойролцоогоор 10 мянган ам.метр газар нутаг дээр дунджаар 856 хүн амьдран сууж асан (тухайн үед энэ тоо Парисын хувьд 400 хүрэхгүй шахам байв) тэр цагийн Барселон иргэдийн нас баралтын тоогоор Европтоо дээгүүрт ордог, хөрөнгөтөн баячуудынх нь дундаж наслалт 36, ядуусынх нь дөнгөж 23 хүрдэг хот байв. Мөнөөх хэрмэн ханануудаас болж иргэдийн амьдрах орчин бохирдож, хүмүүсийн амьсгал хүртэл боогдож байлаа. Мөн язгууртан хэргэмтэн, ажилчин анги, үйлдвэрүүд гээд бүгд нэг дороо шавааралдан байснаас хотын хэрэм дотор сул чөлөөтэй газар бараг үлдсэнгүй. Тиймээс Барселоны оршин суугчид 1843 онд хотыг хашиж хүрээлсэн ханануудыг нурааж өгөхийг шаардан, хотынхоо удирдлагад ханджээ.
Ингээд дараа жил нь хотын олон зуун жилийн настай хана хэрмийг нураах ажил эхлэв. Хотын захиргаа төдийгүй Испанийн Засгийн газар үүнтэй зэрэгцэн шинэ Барселоныг дахин төлөвлөх хэрэгтэй боллоо. Нэгэнт хотын нутаг дэвсгэрийг тэлэх боломжтой болсныг ашиглан албаны хүмүүс хотыг аль болох олон хүн амьдран суух том хот болгохыг зорьжээ. Хотын төлөвлөгчөөр тухайн үед огт танигдаагүй байсан каталан инженер Ильдефонс Серда сонгогдож, түүний боловсруулсан Эшампле буюу шинэ дүүргийн зураг төслөөр хуучин хотын захад тэгш, шулуун гудамтай, эн тэнцүү хайрцагласан зассан шоо дөрвөлжин хэсгүүдтэй цоо шинэ хот баригдаж эхэллээ. Серда инженер Эшамплег барьж байгуулах явцдаа хот төлөвлөлтийн ухааныг шинжлэх ухааны судалгаа, арга зүй шаардсан бүхэл бүтэн салбар болгоод зогсохгүй “хотжилт” гэх үгийг шинээр буй болгожээ.
Хотын хэрэм дотор газар хомсодсоноос өмнө нь ханыг нураахаас бусдаар янз бүрийн арга хэмжээ аваад байлаа. Зай л байвал байшин барьж, гудамжин дахь нуман хаалгыг хүртэл нураан барилга босгож, хуучин байрнуудыг сунгаж зэргэлдээх барилгад шүргэх шахам уртасгах зэргээр барселончууд дор бүрнээ өөрсдийгөө болгоод байж. Харин нөхцөл байдал дордож, хотын ахуй орчин жил ирэх бүр муудсан тул байшин сунгахыг 1770 онд, нуман хаалга сүйтгэхийг 1782 онд тус тус хоригложээ. Гэсэн ч байдал дээрдсэнгүй. Тухайн цагийн гол унаа болох морин тэрэг тэдгээр зай завсаргүй байшин хооронд зөрөлдөхөө байж хотын их, бага замууд байнга түгжрэх боллоо. Энэ нь хотын эрүүл ахуйг бүр ч дордуулжээ. 1780-аад оноос хойш Барселонд дэгдсэн халдварт өвчин, тахлын дайрлага бүрт хотын хүн амын дунджаар гурван хувь нь үхэж үрэгдэж байсан нь чухамдаа үүнтэй холбоотой юм. 1834-1865 оны хооронд зөвхөн булчин задрах тахлаар гэхэд 13 мянга гаруй хүн амиа алджээ.Харин ийм хүнд хэцүү үед Сердагийн боловсруулсан төлөвлөгөө барселончуудын хувьд ёстой л аврал болов. Түүний зургаар хуучин хотын төвтэй өргөн, шулуун замаар холбогдох долоон тосгон баригдсан нь өдгөө Барселоны дотоод дүүргийн Грасия, Саррия зэрэг хорооллууд болжээ.Цугтаа Эшампле гэгдэх тэдгээр тосгоны нутаг дэвсгэрын нийт хэмжээхуучин хотынхоос даруй дөрөв дахин том байлаа.
Серда олон талаар шинэчлэгч байв. Тэрбээр анги давхарга бүрт зориулсан, дор бүрнээ бие даасан, харилцан адилгүй хороо дүүрэг үүсгэх, тэр хүртэл мөрдөгдөж ирсэн хуучны ёсыг дагахыг хүссэнгүй. Тиймээс шинэ санаа эрж хот төлөвлөлт, хотжилттой холбоотой ном товхимол хайталнэгийг ч олоогүй байна. Ингээдөөрөө эрэл хайгуул хийж, гарын авлага бүтээхээр шийджээ. Серда хот суурин газрыг олон хүн багтааж шингээх орон байрны бөөгнөрөл төдий биш, харин өөрийн гэх сүнстэй, өсөлт хөгжилтэй, орчин ахуй нь таатай байгалийн бүтээл байгаасай гэж хүсэж байлаа. Тэрбээр хүслээ биелүүлэхийн тулд нэг хүнд хэр хэмжээний орон зай, амьсгалах агаар хүрэлцээтэй байдгийг хүртэл нарийн судалжээ. Мөн хороо, дүүрэг гэлтгүй томоохон гудамж бүрт хүнсний дэлгүүр, эмнэлэг, сургууль зэрэг үйлчилгээний газрууд зайлшгүй хэрэгтэйг тооцоолсон байна. Түүний дүгнэлтээр хотын гудамж нарийн байх тусмаа иргэдийн амь насанд халгаатай байлаа.
Серда энэ мэт судалгааныхаа явцад urbanus хэмээх латин үгнээс urbanizacion буюу хотжилт гэсэн үгийг бий болгов. Ийм үг тэр хүртэл испани, каталан, англи, франц хэлний алинд нь ч байгаагүй аж. Тэрбээр энэхүү шинэ нэр томъёогоо 1867 онд хэвлэгдсэн “Хотжилтын ерөнхий онол” бүтээлдээ анх хэрэглэсэн байна. Уг номондооСерда бичил хороолол бүрийн голд цэцэрлэг байна, оршин суугчид баян, ядуу ялгаагүй худалдаа, үйлчилгээний ижил газраар үйлчлүүлнэ, унаа тэрэг гудамж дундах замаар саадгүй зорчино гэхчлэн бичсэн нь тухайн үедээ ёстой л биелэшгүй, утопи зүүд зэрэглээ шиг уншигдаж байлаа. Тэр цагт автомашин бүтээгдээгүй байсан ч Серда уураар хөдөлдөг жижиг тэргүүд бий болно, хүн бүр тийм унаа жолоодож гэрийнхээ үүдэнд хүрдэг болно хэмээн зөгнөж, орон сууцны хорооллуудыг дугуйрсан найман өнцөгт хэлбэрээр барьсан тулдаа Барселон хотынхон, ялангуяа Эшамплегээр зорчих хүмүүс түгжрэл гээчийг мэдэлгүй байсаар өдий хүрчээ. Хорооллуудын ийм зохион байгуулалтын ачаар үзэгдэх орчин алсарч, жолооч нар замын хоёр талыг саадгүй хардаг байна.
Гэвч Серда инженерийг Барселоны уран барилгачдаас илүүд үзэн хот төлөвлөгчөөр бүр Мадридаас тохоон томилсон нь түүний хожмын нэр хүнд сэвтэх гол шалтгаан болжээ. Хотыг тэлэх төлөвлөгөөг нь бүтэшгүй хэмээж, яг ижил шугамлан татсан дүүрэг, хорооллын бүтцийг нь “коммунист хуаран” шиг гэж хүртэл шүүмжлэх хүмүүс байлаа. Гэхдээ өрсөлдөгч уран барилгачид нь Сердагаас нүүр буруулсан ч хотын хөрөнгөтнүүд бүгд биш гэхэд олноороо түүний төлөвлөгөөг дэмжин, хөрөнгө санхүүгээр тусалж эхлэв. “Эшамплегийн 150 жилийн түүх” номын зохиогч, нийтлэлч Луис Перманьерийн хэлснээр модернизм дэлгэрэхтэй хамт хэдий ил тод биш ч хотжих өрсөлдөөн ширүүссэн бөгөөд баячууд, уран барилгачид хамгийн өндөр, хамгийн том, хамгийн гоё сайхан байшинтай болох гэж хоорондоо уралдацгаах болжээ. Энэ нь дээрээсээ онц гойд юмгүй харагдах ч ойртож үзэхүл сонин содон, давдагдашгүй загвартай олон сайхан байгууламжийг Барселонд “бэлэглэсэн” байна.
Хүн амьдрах аргагүй хөдөөний маягийн сууринг ийнхүү орчин үеийн их хот болгосон Ильдефонс Сердаг 1980-аад оноос л зохих ёсоор үнэлж, дурсаж эхэлжээ.Түүний гавьяаг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь ч саяхан буюу Барселон хот 1992 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулах үеэр болсон явдал юм. Эдүгээ Барселоны түүх хот төлөвлөлтийн сонгодог жишээ гэгдэж байна.