Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Парисыг шинэтгэн, өнөөгийн өнгө төрхийг нь бүрдүүлсэн эрхмийг гүн Жорж Эжен Осман гэдэг. Тэрбээр түүхэн дэх хамгийн их шүүмжлүүлсэн, басхүү хамгийн нэр хүндтэй хот төлөвлөгчийн нэг юм. Өөд болсноос нь хойш 125 жил өнгөрөөд байхад ч түүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөсөөр байгаа бөгөөд түүний империалист сүйтгэгч байсан уу, эсвэл Парисыг Гэрлийн хот болгосон гавьяатан уу гэдэг асуулт францчуудыг одоо ч талцуулсаар байна.
Осман одоогийн Парис хотын гол нэрийн хуудас болох цөцгийн шаргал өнгөтэй, гоёмсог тагттай байшингууд бүхий өргөн чөлөөнүүдийг буй болгосноороо олон улсад танигддаг ч эх нутагтаа бол хотын түүхэн хэсгийг зүрхэн талаас нь сүйтгэсэн, захын дүүргүүдийг өргөн зам, гудамжаар төв хэсэгтэй холбож бүх нийтийн жагсаал цуглааныг цэрэг, цагдаа нар харгислан дарах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэгдэж, нэр муутай болжээ.
Осман 1848 онд эзэн хаан I Наполеоны зээ дүү Луи Наполеон Бонапартыг бүтэн 12 жил Лондонд цөллөгт сууж байгаад Парист сүр дуулиантайхан эргэн ирж, Францын хоёр дахь бүгд найрамдах засгийн Ерөнхийлөгчөөр сонгогдох үед шат дараалан тушаал ахисан төрийн жирийн нэг албан хаагч байлаа. Ерөнхийлөгч Бонапарт удалгүй эзэн хаан III Наполеон болсон агаад эзэнт улсынхаа нийслэл хотод туйлын сэтгэл дундуур байжээ. Эзгүй байх хугацаанд нь 760 мянгаас сая гаруй хүн амьдран суух том хот болон хувирсан Парис хаантанд дэндүү хуучны өнгө аястай, бохир муухай нь дэндсэн, байнга халдварт өвчин дэгддэгээс хүн амьдрах аргагүй газар шиг санагдах болж. Тэрбээр нийслэл хотоо яагаад Лондон шиг цэцэрлэгт хүрээлэн, ногоон төгөл, модот гудамжтай, бохир ус зайлуулах орчин үеийн системтэй байж болохгүй билээ хэмээн санаж, Парисыг гэрэл гэгээтэй, цэнгэг агаар, цэвэр ус, эрүүл цэмцгэр орчинтой болгоно хэмээн ам гарчээ.
Эзэн хаанд энэ их үйлсээ хэрэгжүүлэхэд нь чадварлаг, итгэл даах, гол нь өөрөөс нь дутахааргүй шийдэмгий, тэмүүлэлтэй сайд хэрэгтэй байлаа. Осман гүн үүнд нь чухам л тохирох хүн байж. Оюун санааны хувьд ч, харагдах сүр бараагаараа ч үеийнхнээсээ гойд ялгарч байсан тэрбээр Лютерийн шашинтай нарийн нягт холбоотой цэргийн хөрөнгөтөн гэр бүлд төрж, Парисын элит коллежид гялалзсан амжилттай суралцсан, мэриймтгий хичээнгүйгээрээ танигдсан түшмэл байв. Францын Дотоод явдлын сайд Виктор де Персиньи анх Жорж Османыг эзэн хаан III Наполеонд танилцуулжээ. Тэрбээр Османыг Сена мөрний асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж чадах, хааны Парисыг өөрчлөх төлөвлөгөөг бүрэн дүүрэн ойлгох хүн гэж үзээд “Гүнтэн бол манай эрин үеийн хамгийн ер бусын сэхээтний нэг билээ. Эрч хүчтэйгээс гадна алсын хараатай, туйлын няхуур хүн” гэсэн үгтэй захидлыг эзэн хаандаа илгээсэн байна.
Ингээд Осман гүн 1853 оны зун Парисын асуудал хариуцсан сайд боллоо. Тэрбээр үүрэгт ажилдаа томилогдсоноосоо долоо хоногийн дараа эзэн хааны албан өргөөнд дуудагдаж, Парисыг шинэчлэх хааны төлөвлөгөөтэй танилцжээ. Тэрхүү төлөвлөлтийн бүдүүвч зураг дээр нэгийг нь хойноос урагш, хоёрыг нь зүүнээс баруун тийш буюу Сена мөрний хоёр талаар татсан эгц шулуун гурван гол шугам бүхий эмх цэгцтэй хотыг дүрсэлсэн байлаа. Тэр шугамууд нь Парисын хамгийн олон хүн оршин суудаг, түүх дурсгалын барилга байгууламж олонтой газруудыг хүртэл дундуур нь хайр найргүй “хэрчсэн” байв.
Уг зураг Парисыг 17 жилийн турш асар том барилгын цэг болгосон их бүтээн байгуулалтын суурийг тавьжээ. Европын өөр нэг ч том хот Парис шиг энх цагт ингэтэл зүсээ хувиргасан нь үгүй юм. Хааны бүдүүвчийг нь гаргаж, Османы боловсруулсан зургийн дагуу хотын төвийн төөрдөг хонгил шиг эмх замбараагүй гудамж талбайг бүхэлд нь шинэчилж, 12 мянга орчим барилгыг нураан, дуурийн театр, асар том талбайтай худалдааны зах, өргөн цэлгэр бөгөөд шулуун, урт өргөн чөлөөнүүдийг дагасан төмөр замын шинэ замууд бий боллоо. Парис хот мөн Османы тушаалаар гадаах гудамжны гоёл, тавилга гэгддэг гэрлийн шон, замын дагуух гэрэл чийдэн, сонин, шуудангийн хайрцаг, гоёмсог хашаа хороо, цэцэрлэгийн саравч, ширээ сандал зэрэгтэй ч болов. Гудамжны гэрлүүд нь нийтдээ 137 км үргэлжлэх шинэ өргөн чөлөөнүүдийг шөнийн турш гэрэлтүүлж, зугаа цэнгэлд дурлах хүмүүс, биеэ үнэлэгчдийг хүртэл айх аюулгүй болгожээ.
Харин хотын газар доорх хэсэг цоо шинэ, бүрэн цогц цэвэр, бохир усны системтэй боллоо. Нэгэнт ус зайлуулах, боловсруулж түгээх чадамжтай болсных Осман цэвэр усны сан, ундны усны цооног, усан дамжуурга зэргийг мөн шинээр бариулав. “Хоёрдугаар эзэнт гүрний толь бичиг” номын зохиогч Жозеф Валинсил Османы тухайд “Тэр барьж байгуулах ажилдаа бүр улайрч, бараг л солиорсон мэт зүтгэж байв. Нугаршгүй өөдрөг, тэмүүлэмтгий зан чанар нь түүний бүтээсэн болгоныг онцгой туурвил болгосон юм” хэмээн бичсэн нь бий.
Харин бүгд найрамдахчууд Османы ажлын цар хүрээг, хуучны олон барилгыг сүйтгэж байгааг нь шүүмжилж байв. Тэд ялангуяа ажилчин ардын байр сууцыг олноор нь үгүй хийж, тэднийг эрх мэдэлтнүүдийн хяналтын бүсэд, хараан дор нь хүчээр тараан суулгалаа, хөрөнгөтнүүдийн орд харштай ойр байсан ядуусын дүүргийг нурааж, хотын чинээлэг давхаргынханд зориулсан, нийгмийн ялгаа үүсгэсэн хороолол, зам, өргөн чөлөө бий болголоо гэхчилэн Османыг буруутгажээ. Гэхдээ энэ бүхнээс илүү хотын Дундад зууны үеийн сонгодог хэв маягийг үгүй хийсэнд уурсаж, харамсах хүн олон байлаа.
Парисыг цоо шинэ хот болгох бүтээн байгуулалтын ажил 2.5 тэрбум франк буюу одоогийн ханшаар бараг 75 тэрбум еврогийн өртөгтэй байсан нь мөн нэлээд хэл ам дагуулжээ. Энэ их хөрөнгө мөнгийг тойрсон шүүмжлэл, маргаан мэтгэлцээн 1869 он гэхэд улс төрийн халуун сэдэв болж, Осман хотын удирдлага болоод парламентын гишүүдийн өмнө хүртэл өөрийгөө, хийж буй ажлаа өмгөөлж үг хэлэв. Дараахан нь III Наполеон хаан өдрөөс өдөрт унаж байгаа өөрийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд Османыг огцруулахыг хүссэн ч гүнтэн татгалзжээ.
Османы амьдралыг судлаач, түүхч Патрис де Монканы үзэж буйгаар Осман олон нийтийн ажилд зүтгэх ер бусын хүсэл сонирхол, итгэл үнэмшилтэй, тэр хэрээрээ хатуу үзэл бодолтой нэгэн байж. Хэрэв хааныхаа хүсэлтээр сайдын албанаас огцорвол тэр хүртэл хийсэн бүхэн нь алдаа байсан мэт бусдад ойлгогдоно, өөрийнх нь бахархал болсон Парисыг шинэчлэх ажил нь дутуу хаягдаж, магад хийсэн бүхэн нь үгүй болно гэж тэрбээр эмээж байв. Парисыг танигдахын аргагүй болгосон “нүгэл”- ээс өөрийгөө чөлөөлөхийн тулд III Наполеон Османыг огцруулах гэж түүнд янз бүрээр тал засаад ч амжилт олоогүй тул эцэстээ албан тушаалаас нь хүчээр түдгэлзүүлжээ.
Ингэж Жорж Осман Францын хоёрдугаар эзэнт гүрэн болон III Наполеон хааныг түлхэн унагах гэсэн бүгд найрамдахчууд тэргүүтэй өргөн хэмжээний улс төрийн кампанит ажлын гол хохирогч болов. Францчуудын үг бүрийг нь бурхны үг мэт санаж, бишрэн дагадаг байсан зохиолч Виктор Гюго Османыг үзэн яддаг байсан нь гүнтний нэр хүнд унахад бас нөлөөлсөн байна. “Шоовдорлогсод” зохиолдоо Парисын ахуй нөхцөл муу муухай болохыг шүүмжлэн бичсэн Гюго Османыг тэр л орчныг, “гоё сайхан” уур амьсгалыг сүйтгэснийх нь төлөө “гэмт хэрэгтэн” хэмээсэн нь хачирхалтай.
Гюго нарын “шид увдис” хэмээн нэрийдсэн Парисын Дундад зууны үеийн тэрхүү сэтгэл татам байдал нь угтаа халдварт өвчин дэгдэх гол шалтгаан байлаа. Гэрэл гэгээгүй, жорлонгүй ганц умгар өрөөнд 20-иод хүн амьдрах, олон жижиг байшин, мухар нарийн гудамтай хуучны Парист жил бүр хэдэн мянган хүн зөвхөн бохир орчноос болж амиа алддаг байв.
Сайдын албанаасаа шахагдсан Осман гүн сэтгэлээ засах гэж зургаан сар Италид амьдарчээ. Харин Паристаа эргэж ирээд армид нэлээд дээгүүр албан тушаалд томилогдсон ч шинэ ажлаа хүлээн авснаас нь долоохон хоногийн дараа III Наполеоны хаанчлал эцэс болсон байна. Парист цоо шинэ өнгө төрх бэлэглэсэн гүнтэн амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг түрээсийн байранд ганцаараа өнгөрөөсөн ч гурван охиныдоо ойр ойр очдог, жилд 6000 франк буюу өнөөдрийн ханшаар 20 мянган еврогийн тэтгэмж хүртдэг, боломжийн амьдралтай байлаа. Чухам энэ үедээ Жорж Осман гурван дэвтэр дурдатгал номоо бичсэн байдаг.
Эдүгээ Парисын Үндэсний дуурийн театр орших өргөн чөлөөний нэр бүхий самбар дээр, мөн булан дээр нь байх сүрлэг хөшөөн дээр Осман гүнтний нэрийг залжээ. Гэхдээ де Монкан түүхчийн үзэж буйгаартүүний Парисын хөгжилд оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаг одоо хүртэл бүрэн гүйцэд үнэлэхгүй байна.Тэрбээр “Түүний ажил, амьдралын тухай ярихаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж гэмээнэ дургүйцсэндээ ярвайх хүн олон байх вий. Уг нь түүний хийж бүтээсэн бүхэн үнэхээрийн гоц үзэгдэл, хосгүй туурвил байсан. Тэр бол дэлхийн хамгийн анхны орчин үеийн хот төлөвлөгч мөн. Европын тэргүүлэх зэргийн уран барилгачид 1897 онд Германд чуулахдаа хүртэл Жорж Османыг сод ухаантан, хотыг гайхамшигтай хөгжүүлэгч гэж үнэлсэн байхад нутаг нэгтнүүд нь түүнийг одоо ч зальжин этгээд, сүйтгэгч, нураагч байсан гэж үзэж байгаа нь тоогүй” хэмээн ярилаа.