Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Ямайк улсын өнөөгийн нийслэл хот байгалийн гамшгаас үлдсэн эвдрэл сүйтгэл, нурангин дундаас өндийжээ.1959 онд олдсон, зүү нь 11:43 цагийг заан зогссон, өдгөө тус хотын музейд хадгалагдан буй халаасны жижигхэн цаг тэрхүү гамшгийг, аймшигт газар хөдлөлт болсон мөчийг мөнхлөн, цаг хугацааны гүнд хөшсөн байна. Порт Рояал хэмээх, одоогийн Кингстоны “эцэг” хот 1692 оны зургаадугаар сарын 7-ны өглөө хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэх үедээ Английн Карибын тэнгис дэх эзэмшил нутгийн төв байлаа. Газар хөдлөлтөөр уул нурууд “хагарч цуурах” шиг болж, барилга байшингууд хормын дотор нурж, тэнгисийн эрэг дээр байсан оршуулгын газрын цаахнаас эхлэн түрж ирсэн хүчит цунами хотын амьд, үхсэн хүмүүсийг хаман авч оджээ.Тухайн үедээ Карибын Лондон гэгдтэлээ хөгжин цэцэглээд байсан Порт Рояалын гуравны хоёртой тэнцэх хэсэг уг гамшгийн улмаас бүрэн сүйдэж, тэнгисийн гүнд живсэн байна.
Оливер Кромвеллийн удирдсан англи цэргүүдийн 1655 онд Испанийн колоничлогчдоос булааж авсан Ямайк арал нь худалдааны олон давуу талтай, стратегийн онц чухал байрлалтай нутаг юм.Карю Рейнелл хэмээх XVII зууны үеийн нэгэн эдийн засагчийн тэмдэглэснээр дэлхий дээрх бүхий л арлаас Ямайк шиг давуу байршилтай, Британийн эзэнт гүрний эд баялгийн эх ундарга болсон арал өөр нэгээхэн ч үгүй байлаа.Төв нь болох Порт Рояал хот ердөө 20-иодхон жилийн дотор бүс нутгийнхаа “эрдэнэсийн сан хөмрөг” болсон тухай үе үеийн түүхч, судлаачид мөн онцолсон байдаг.
Гэхдээ худалдаа арилжааны зангилаа цэг байх нь Порт Рояалыг далайн дээрэмчдийн уулгалан дайрдаг, заримынх нь бүр амьдран суудаг газар болгожээ.Далайн дээрмийг албан ёсоор гэмт хэрэг хэмээн үзэх болсны дараа ч Ямайкийн эрх баригчид дээрэмчдэд тал засдаг, тэднээс хээл хахууль авдаг гэсэн муу нэртэй байлаа.Чухамдаа энэхүү “хамтын ажиллагаа”-наас болж Порт Рояал “дэлхийн хамгийн чинээлэг, хамгийн нүгэлтэй хот” гэсэн нэр зүүжээ.Мөн хамгийн эрсдэлтэй, байгалийн хүчин зүйлийн өмнө хамгийн сул дорой хотын нэг байсан нь дээр дурдсан газар хөдлөлтөд бараг бүхлээрээ сүйдсэнээс нь харж болно.
Ямайкт 1687 онд очсон Ханс Слоан хэмээх эмчийн тэмдэглэн үлдээснээр Порт Рояалын төв хэсэг, хотын хөрөнгө мөнгө, алдар нэрийн эх үүсвэр болсон зурвасхан газар нь ердөө 250-иадхан ам.метр агаад байшин барилгууд нь элсэрхэг хөрсөн дээр баригдсан байж.Энэ нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд орших хотын хувьд аюул осол, гай гамшгийг дуудсан хэрэг байв.
1692 оны зуны тэр нэгэн өглөө газар хүчтэй чичирхийлж эхлэхэд мөнөөх элсэрхэг хөрс эгээ ус шиг урсаж, тоосгон байшингуудыг сорж орхижээ.Хөрсний нуралт болж, эргийн элс их хэмжээгээр тэнгист залгиулсан нь Порт Рояалыг бага хэмжээний боомт хотоос бүр өчүүхэн жижиг элсэн арал болгон хувиргасан байна.Ямайк арал бүхэлдээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн ч Порт Рояал шиг ингэтлээ сүйдэж үлдсэн газар өөр байсангүй. Хэдхэн хором үргэлжилсэн гамшгийн үеэр 2000 гаруй хүн амь үрэгдсэн бол дараа нь гэмтэл бэртэл, бусад өвчин эмгэгээс болж 3000 орчим хүн нас баржээ. Ийнхүү алганд багтах жижигхэн цаг эзнийхээ халааснаас унаж, зүү нь дахин хэзээ ч хөдлөхгүйгээр хөшиж зогссон тэр хэдхэн хоромд “хамгийн чинээлэг хот”-ын хувь заяа буцаашгүйгээр өөрчлөгдлөө.
Төд удалгүй хотыг сэргээн босгох ажил эхлэв.Гэхдээ боолын худалдаа эрхэлдэг газрын эзэн цагаан арьст элитүүтэд зориулагдах, аливаа гамшигт амар сүйдчихээргүй, эмх цэгцтэй байх шинэ хотыг муу ёрын, азгүй тавилан туулсан хуучин хотын нэрээр нэрлэхийг хэн ч хүссэнгүй.Ингээд англичууд Карибын колони дахь шинэ хотоо хааны суурин (King’s town) буюу Кингстон хэмээн нэрлэхээр тогтлоо.Харин өргөн, шулуун гудамж, боомтод хүрэх саадгүй зам бүхий усны хашлага, Шинэ тивд ирэх худалдаачдын өндөр үнээр худалдан авч, эзэмшин сууж болох эдэлбэр газруудын зураг, зохион байгуулалтыг гаргах хүнээр газар хэмжигч Жон Гофф сонсогджээ.
Кингстоны хот төлөвлөлт, нийгмийн өөрчлөлтийг судалдаг эрдэмтэн Колин Кларкийн онцолсноор хотын өргөн цэлгэр, орон зайг чухалчилсан зураг төсөл нь Британийн эзэнт гүрний хүчирхэгжилт болоод XVIII зуунаас эхтэй дэлхийн эдийн засаг даяарчлагдах явцад ихэд нөлөөлсөн байна.Чихрийн нишингийн талбай, боомт хоёрын дундах замыг чөлөөтэй, шулуун болгож өгсөн нь гэхэд л арилжааны асар их давуу талыг бий болгожээ.
Гэхдээ Порт Рояалыг гаргуунд нь хаяж, зэргэлдээхэн нь шинэ хот барьж эхэлснийг сайшаах хүн төдий олон байсангүй.Газар хөдлөлтөөс хэдэн жилийн хойно тус хотыг сэргээх ажил эхэлсэн бөгөөд 1690-ээд оны сүүлч гэхэд эвхэрч мушгирсан гудам, шавааралдсан жижиг байшингуудад нь амьдрах хүсэлтэй хүн Кингстонд суурьших гэсэн хүмүүсээс ч олон болжээ.Энэ нь Порт Рояалын тухайн цагийн Лондонтой төстэй төрх байдалтай холбоотой байлаа.Лондон хот 1666 оны их түймрээс болж шинээр бүрэлдэн буй хотын шинжтэй, зарим талаараа Порт Рояалтай төстэй байж.Гэтэл Порт Рояал газар хөдлөлтөд нэрвэгдсэнээсээ ердөө аравхан жилийн дараа, 1703 оны нэгдүгээр сард Лондонтой адил түймэрт автах нь тэр.Тус хотод хүн суурьшихыг хориглосон хууль тэр даруй батлагдаж, оршин суугчдыг нь Кингстон руу нүүлгэн шилжүүллээ.Энэ нь Ямайк болоод Лондонд суугаа эрхмүүдийн дунд, Атлантын далайг дамнасан, урт удаан хугацааны маргаан мэтгэлцээн үүсгэжээ.Уг асуудал Порт Рояалыг худалдааны боомтоос гадна Кингстоныг төдийгүй Ямайкийг бүхэлд нь хамгаалах “бамбай” хот болгон хөгжүүлэхийг хүссэн колоничлогчдын ялалтаар шийдэгдсэн байна.
Порт Рояал хуучны Лондонтой илүү төстэй байсан бол колоничлолын үеийн Кингстон хот шинээр баригдах Лондонд хэрэгжүүлж чадаагүй, ашиглагдаагүй зураг төслүүдийнх нь биелэл байлаа.Хотын эгц шулуун, шугаман зам, гудамжууд харин Жон Гоффийн санааг ажил хэрэг болгосон цэргийн инженер Кристиан Лилли гэх хүний бүтээл юм.Тэрбээр хотын төвийг цэргийн, иргэний, арилжааны зэрэг олон зориулалтаар ашиглаж болох дөрвөн гол гудамжтай болгон, тус бүрийг нь Парад хэмээгдэх төв талбайтай холбожээ.Энэ нь Английн далайн чанад дахь бусад эзэмшил нутагт шинээр байгуулагдсан хотуудынхтай төстэй загвар юм.Жишээ нь, Хойд Ирландын Лондондерри, Хойд Америк дахь Филадельфи хот иймэрхүү жишгээр төв талбай болон түүний дагуул хэд хэдэн жижиг талбай, тэдгээрийг тойрсон гудамж, өргөн шулуун замууд гэсэн үндсэн бүтэцтэйгээр байгуулагдсан байна.
Цэлгэр шулуун гудамж, барилга хоорондын өргөн зай талбай нь далайн шуурга, газар хөдлөлтийн үеэр үймээн бужигнаан үүсэхээс, мөн гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ эрх баригчдад иргэдээ хянах, үйл хөдлөлийг нь тандаж байх давхар бололцоо олгож байв.Түүхч Бэрри Хигманы бичсэнээр Ямайкийн боомт хотуудад боолуудын бослого хөдөлгөөн дэгдэх нь хэдий цөөхөн байсан ч “эзэмшил нутагт амьдран суугаа хүн бүрийн санаа бодлыг бага ч атугай гадарлаж байх нь” 1700-гаад оноос колоничлогчдод нэн чухал болж иржээ. Ямайк арлыг англичуудаас буцаан авч, эрхшээлдээ оруулахаар улайрч байсан испаничуудын оролцоотойгоор эрх чөлөөтэй болсон африк гаралтай боолууд, тэдний үр удмынхан Америк дахь Английн мэдлийн бусад тариалангийн талбайгаас оргож зугтсан хүмүүстэй нийлж, газрын эздийнхээ байр сууц руу халдах, ургац шатаах зэргээр тэмцэх болсон нь Кингстоны өнгө төрхийг 1740-өөд онд Майкл Хэй хэмээх хүний гаргасан зургаар дахин шинэчлэхэд хүргэсэн байна. Тэр нь хотын анхны зохион байгуулалт, төлөвлөлтөд гар хүрэлгүйгээр арлын өнгөт арьстануудыг хотын захаар тараан суулгах, боомт руу хандсан хотын нүүрэн талд сүрлэг, гоёмсог байшингууд барих төлөвлөгөө байлаа.
Тэр цагаас хойш хэдэн зуун жил улиран, Ямайк орон 1838 онд боолчлолыг бүрэн халж, 1962 онд тусгаар тогтносон зэргээр огт өөр газар болсон ч колоничлолын үеийн ул мөр Кингстон хотод өнөө ч тоолохын аргагүй олон байна. Захын жишээ дурдахад л хотын төв талбайг XIX зуунд Викториягийн, XX зуунд Сент Уильям Грантын хүрээлэн хэмээн нэрийдсэн ч олны дунд одоог хүртэл Парад хэмээн нэрлэгдсээр буй.Хэдийгээр хэт ялгаж заагласан, колоничлолын үеийн, хуучирч муудсан байгууламж ихтэй зэрэг таагүй талтай ч өнөө цагийн хотуудад тун ховор туйлын эмх цэгцтэй, сийрэг таруу байдал нь Кингстоны давуу шинж юм.Ямайкийн хүрээлэн хэмээх тус улсын урлаг соёл, шинжлэх ухааны судалгааны гол байгууллагын гүйцэтгэх захирал Энн-Мари Боннерийн хэлснээр Кингстоны төв хэсэг болоод боомт руу харсан хэсгийг соёл уламжлалын ач холбогдолтой хэмээн тусгай хамгаалалтад авах, түүхэн дүүрэг болгох ажил өнгөрсөн жилээс эхэлжээ.Ингэснээр Кингстоны хот төлөвлөлт, зураг төслийг олон улс биш гэхэд бүс нутгийнхан нь сонирхон, аль сайн талыг нь олж харна гэдэгт тэрбээр итгэлтэй байна.