Хүнд жингийн мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, спортын түүхэнд тодорсон хамгийн нэр нөлөөтэй алдартны нэг 74 насандаа баасан гаригт тэнгэрийн орноо заларлаа. Мухаммед Али жинхэнэ дэлхийн хэмжээний од байв. Нэгэн цагт өрсөлдөгч нь байсан Жорж Форманы хэлснээр Алийг зөвхөн боксчин байсан гэвэл бараг л доромжлол болно. Өнгөт арьстануудын эрхийн төлөөх тэмцэлд идэвхтэй оролцож, Мартин Лютер Кинг нартай зэрэгцэн тэдний гол төлөөлөл болж, хүмүүнлэгийн үйлсэд хэдэн саяар нь мөнгө зарцуулж, итгэл үнэмшлээ хамгаалан цогтой, омогтой дуугарч байсан нь бүхэл бүтэн эрин үеийн өнгө төрх, үзэгдэл болсон нь ганц Мухаммед Алигийн түүх юм. Дэлхий нийтээрээ түүнийг дурсан санаж буй энэ үед агуу тулаанчийн 41 жилийн тэртээ“Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Энэ яриа “Агуу Алигийн домог” гарчигтайгаар тус сэтгүүлийн 1975 оны арваннэгдүгээр сарын дугаарт нийтлэгджээ.
-Бид тантай сүүлд 11 жилийн өмнө ярилцаж байжээ. Тэр үед та Кассиус Клей нэрээ солиогүй байсан. Тэр цагийн Клей өнөөдөр яажшуу явах байсан бол?
-Кассиус КлейМухаммед Али болоогүй бол өдийд Парисын хаа нэгтээ бэлтгэлээ хийгээд л явж байх байсан биз. Францаас надад их олон санал ирдэг байсан юм. Тэгэхээр тэнд далайн эргийн нэг зочид буудлын өрөөнд л тухалж суух байх даа. Эсвэл Ямайкт ч юм уу. Одоогийн би аятайхан эмэгтэй хүнтэй таарвал эхлээд Элайжа Мухаммед багшийнхаа тухай түүнд ярина. Харин Кассиус Клей түүнийг нэг буудлын өрөөнд аваачна, дараа нь юу ч болоогүй юм шиг яваад өгнө. Хэрвээ би Кассиус Клей хэвээрээ байсан бол магадгүй цагаан арьст эхнэртэй болчихоод өнгөт арьстануудын дуу хоолой болж чадахгүй байсан байх. Энэ үдэш ч гэсэн ингээд сууж байхгүй, Нью-Йоркийн нэг буудалд буучихаад цагаан охидоор хүрээлүүлчихсэн, нэгийг нь авч гарна даа л гэж бодож байна шүү дээ.
-Кассиус Клей тийм амьдралтай байсан гэж үү?
-Тийм амьдралд хөл алдах дөхсөөн.
-Тэгвэл та амжиж биеэ татжээ?
-Исламын шашинтай болохоосоо өмнө би цагаан арьст охинтой үерхэж л байлаа. Шүтэж, дагах юм байгаагүй ч гэсэн тухайн үедээ нэг л буруу юм хийгээд байгаагаа зөнгөөрөө мэдэж байсан. Өнгөт арьстан эр хүн цагаан арьстан эмэгтэйтэй яагаад ч таарахгүй юм билээ.
-Та өөрийгөө Америкийн шүтээн, домог болно гэж боддог уу?
-Мухаммед Алигийн домог аль хэдийнэ бичигдчихсэн шүү дээ. Би өөрөө түүнийгээ бичсэн юм. Мухаммед Али бол урьд хожид байгаагүй хамгийн агуу тулаанч. Над шиг иртэй, өнгө зүстэй хүн гарч ирсэн тулдаа л энэ тулааны урлагийг бэлэн мөнгөө багтааж ядсан үзэгчдээр дүүргэсэн. Хүнд жингийн дэлхийн аваргын титэм чинь ганцхан Алид л тохирох алдар. Надтай хүч үзье гэсэн хүн байвал эхлээд даатгалын мөнгөө ахиул гэж хэлье. Надад баруун, зүүнгүй цохиулаад л нам болно шүү. Миний өмнөөс нударга зангидсан хүн рингэн дээр ухаан балартчихаад хэвтэж байхдаа, шүүгчийг 10 хүртэл тоолж амжаагүй байхад л надтай дахиад таарахгүй юмсан гэж бурхан тэнгэртээ залбирдаг юм. Яагаад гэвэл би чинь дэлхийн жинхэнэ аварга. Бичдэг шүлэг шигээ хүн.
-Ингэхэд та тэр бүх шүлгээ өөрөө бичдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Намайг ямар сайн бичдэгийг мэдэхгүй л байна даа. Намайг бүр Оксфордын их сургуульд профессор болгохоор урьж байсан юм шүү. Би шөнийн нам гүмд, утас хангинахаа больж, хүмүүс унтсан хойно шүлгээ бичдэг. Агуу зохиолчид бүгд л шөнийн цагаар бичдэг гэдэг байх аа. Би бэлтгэл сургуулилалтын үеэр ч үзэг, цаас нийлүүлж чаддаг юм. Мухаммед Али тэгэхээр бокс байтугай зүйлд нэвтэрсэн хүн байгаа биз?
-Тэр ч маргаангүй. Гэхдээ боксын талаар жаахан ярилцъя. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээн Заирт болсныг та хэрхэн хүлээж авав. Тийм газар сонгосон нь зөв шийдвэр байв уу?
-Сонни Листоныг ялж анх дэлхийн аварга болохдоо би юунд хүрснээ сайн ойлгоогүй. Харин хоёр дахиа тулалдах болоход энэ цолоо хамгаалахын төлөө ертөнцийн хаа ч очиход бэлэн байсан. Гэхдээ Африкт зохиогдох болсныг дуулаад эхэндээ яах бол, хөгжил буурай улс тэр том тэмцээнийг зохион байгуулж чадах болов уу гэж бодож байснаа нуухгүй. Тэгтэл Заирт очтол цоо шинэ цэнгэлдэх хүрээлэн барьчихсан, хэрэгтэй бүхнийг бэлдчихсэн байхад баярласан шүү. Тэнд очоод миний нүд нээгдсэн. Хар арьстанууд хэнээс ч дутахгүй улс толгойлж, орчин үеийн хөгжилтэй хөл нийлсэн шинэ улс гүрэн байгуулсныг харах үнэхээр бахдам байсан. Одоо бол би Киншасагийн гудамж талбай, байшин барилга, зоогийн газар, дэлгүүр, худалдааны төв гээд Заирын хөгжлийг илтгэх хэдэн зуун зүйлийг нэрлэж чадна. Тэнд жирийн жолоочоос эхлээд зочид буудлын эзэд, Ерөнхийлөгч нь хүртэл хар арьстан гэхээр сайхан санагдсан. Надад бараг л гэртээ байх шиг мэдрэмж төрсөн шүү. Энд, Америкт заримдаа тэгж санагддаггүй юм.
-Тийм гэж үү. Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл Америкийн өнгөт арьстанууд цагаан арьстануудын газар дээр амьдарч байна. Ийм байхад бид яаж эрх чөлөөтэй байх юм бэ? Шувууд эрх чөлөөг хүсдэг, араатан амьтад ч чөлөөтэй сэлгүүцэхийг боддог. Амьтай бүхэн л өөрсдийнхөөрөө байхсан гэдэг. Гэтэл бидэнд газар нутаг, улс орон гэж алга. Энэ Нэгдсэн улсын нутаг дэвсгэрээс жаахныг ч гэсэн, ядаж арван мужийг нь аваад туурга тусгаарласан цагт л бид сая эрх чөлөөтэй болно. Хууль журмаа өөрсдөө баталж, татварын тогтолцоогоо өөрсдөө бүрдүүлж, сургууль, шүүх, мөнгөн тэмдэгт, иргэний үнэмлэх гээд юм бүхэнтэй болно. Америк орон хар арьст боолуудын хөлс хүчээр хөлжиж баяжсан. Тийм болохоор биднийг Африк руу буцааж, өөрсдийн гэсэн улс оронтой болоход туслахад ч болохгүй юмгүй. Хойд Америкийн өнгөт арьстануудад өөрсдийн гэсэн улс гүрэн хэрэгтэй байна.
- Та ер нь Америкийн олон арьстан хоорондын ирээдүйн харилцаанд нэг л гутранги хандаад байна уу?
- Америкт ирээдүй алга шүү дээ. Боолуудыг алж хядаж, хэдэн зуун жил дарлаж байсныхаа горыг америкчууд эрт, орой нэгэн цагт амсах л болно. Америкийн эрин үе шувтарч байна. Би улс төрийн удирдагч биш болохоороо энэ улсын хагарал бутрал яаж явагдахыг яг таг хэлж мэдэхгүй. Гэхдээ л миний энэ амьдралд эс гэхэд нэг л өдөр Америк орон задарна гэдгийг мэдэж байна. Цагаан арьстанууд энэ газар нутгийг өөрсдийн болгох гэж 500 илүү жил тэмцсэн. Тиймээс задрал, уналт нь ч тэр дайны хугацаанд үргэлжилж таарна. Бүр 1000 жил ч болж магад. Гэхдээ гариг дэлхий чинь хэдэн сая жилийн настай. Мянган жил гэдэг ертөнцийн түүхэнд ганц өдөр л гэсэн үг. Тэгэхээр миний яриад байгаа өөрчлөлт хэзээ мөдгүй болно. Харж л байгаарай.
-Гэхдээ их, дээд сургуулиуд одоо өнгөт арьстануудыг чөлөөтэй элсүүлж байгаа. Та энэ мэт шинэчлэлийг ахиц гэж бодохгүй байна уу?
-Үгүй. Яасан гэж тэгж үзэх юм бэ? Цагаан арьстануудыг “Одоо болно” гэж зөвшөөрснийг бид ялалт гэж бодох хэрэг үү? Энэ чинь боолын эзэд “За, муу боол минь, чи одоо яах вэ, эмч болж болно, хуульч, техникийн мэргэжилтэн ч бол. Хамаа алга. Цагаан арьстануудын дараа орж л байвал боломжийн боловсролтой болж болно” гэж хэлж байгаагаас ямар ялгаа байна. Бид ямар ч мэргэжил эзэмшээд шийдвэр гаргадаг хүмүүс нь цагаан арьстанууд болохоор хүссэнээ хийж бүтээж чадахгүй шүү дээ.
-Таныг исламын шүтлэгт оруулсан Элайжа Мухаммед цагаан арьстануудыг бүгдийг нь цэнхэр нүдэт чөтгөр гэдэг байсан. Та бас тэгж боддог юм биш биз?
-Хүн бүр өөр гэдгийг би мэднэ ээ. Миний амьдралд таарсан хамгийн адгийн хүмүүс цагаан биш, өнгөт арьстан байсан. Гэхдээ цагаан арьстануудыг би гэрийн маань үүдэнд бөөгнөрсөн 1000 могой шиг санадаг юм. Тэдний 100 нь сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байж болно. Үгүйсгэхгүй. Харин тэдэнтэй найзархах гээд үүдээ нээчихвэл бусад нь ороод ирнэ шүү дээ. Өнгөт арьстай хүн бүр л цагаан арьстан сайн найзтай гэдэг. Гэтэл тэд биднийг дэмжиж байна уу? Америкийн 25 сая өнгөт арьстан эрхийнхээ төлөө жагсаж байхад дэргэд нь 25 сая цагаан арьстан үзэгдэхгүй л байна шүү дээ. Энэ орны хавчигдаж гадуурхагдсан өнгөт арьстанууд өөрсдийн гэсэн улстай болдог л юм бол би бүх мөнгөө тэр улсад зарцуулна.
-Зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд та тулаанаас 10 сая ам.доллар олсон. Бүх хөрөнгөө үнэхээр тэгээд өгчихнө гэж үү?
-Тийм ээ, эргэлзэх юмгүй шууд л хандивлана. Өмнөд мужуудад хүмүүсийн амьдрал ямар байгааг та мэдэх үү? Саяхан даа, би машинаа уначихаад нэг гудамж уруудаж явахдаа хуучирч муудсан хүрэм өмссөн нэг хар эрийг байшингийн буланд эхнэр, хүүхэдтэйгээ автобус хүлээгээд зогсож байхыг харсан юм. Хүү нь ямар өрөвдмөөр харагдсан гэж санана. Гутал нь цоорчихсон, жаахан хүү байсан. Гэтэл би тэнд “Роллс-Ройс” уначихсан явж байгаа юм. Тэгээд гэнэт тэр хүүг миний хүү байсан бол гэж бодоод учиргүй уйлсан. Өөрийгөө амжилтад хүрснийг тэгэхэд мэдэрсэн ч над шиг хэдэн сая хүн тамд амьдарч байгааг ухаараад их шаналсан. Гэхдээ намайг бусдыг зүгээр өрөвдөөд өнгөрдөг гэж битгий бодоорой. Майамигийн эргээр ганц өгсөж уруудаад л би хэдэн арван хүнийг ажилтай болгож чадна. Жорж Формантай тулалдахаа би 850 мянган ам.доллараар бэлтгэл хийсэн. Тэгэхдээ ажиллуулж болох хэдэн сайхан хар залууг хөлсөлсөн юм. Бас Кид Гавиланыг Кубад асуудалтай болоод Майамид цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байхад нь олж аваад одоо багтаа ажиллуулж байна. Түүхэн дэх хамгийн мундаг хар арьст боксчны нэгийг харсаар байж тийм газарт ажиллуулж болохгүй биз дээ?
-Таны араб нэр ямар утгатай юм бэ?
-Америкийн өнгөт арьстанууд бид боолын эздийн өгсөн нэрнээс салах хэрэгтэй. Жорж Вашингтон гэдэг нэртэй хар арьстан байж болохгүй. Рашида, Жамилла, Сатина, Ахаад гээд өөрсдийнхөө жинхэнэ нэрүүдийг сэргээ гэж би хар ахан дүүсдээ уриалмаар байна. Мухаммед бол магтаал сайшаал бүрт эн тэнцэх гэсэн утгатай. Харин Али нь өндөр дээд гэсэн үг. Өвөг дээдсийг маань энд хүчээр авчрахаас өмнө бид бүгд Мухаммед, Хассан, Карим гэдэг нэртэй байсан юм шүү.
-Та зодог тайллаа гэхэд бокстой холбоотой ажил хийх болов уу?
-Үгүй л болов уу. Би одоо дэлхийн аварга хэрнээ л бэлтгэл хийх хангалттай цаг гаргаж чадахгүй байна. Конгрессын гишүүдтэй уулзаж, Ирландын Ерөнхий сайдтай зоог барьж, Каирт Садатын ордонтой танилцаж, Саудын Арабын хаан Файсальтай ярилцах зэргээр миний өдөр хоногууд өнгөрч байна. Удирдагч, улстөрчдийн дэргэд байх надад тийм таатай сайхан байдаггүй л дээ. Гэхдээ тэд миний үгийг сонсож байгаа нь надад хангалттай. Хүмүүс гудамжинд зүгээр алхаж яваа биш, харин сайхан машин унасан хүнтэй үг солих гэдэг. Ийм шалтгаанаар миний мөнгө, алдар нэр хоёр намайг хүчтэй, нөлөөтэй болгож байна. Би үүнийгээ аль болох олон хүний тусын тулд, хэрэгтэй юманд ашигламаар байна. Та анзаарч байна уу, үгүй юү? Бидний ярианы 85 хувь нь боксын тухай биш байгаа биз дээ? Өөр бусад тулаанчтай ярилцсан бол та ингэж ярьж чадахгүй, дорхноо уйдна.
-Тэгвэл тэр үлдсэн 15 хувийг төлөөлж бокстой холбоотой нэг зүйл асууя. Таныг зодог тайлмагц Америкт боксын спорт сонирхох хүн цөөрнө, энэ спорт бараг алга болно гэж ярих хүмүүс байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бокс хэзээ ч үгүй болохгүй. Цагийн цагт дуулиан шуугиан дагуулах тулаанч төрж л таарна.
-Яг тан шиг үү?
-Бие хаагаараа төстэй хүн гарч ирж магадгүй л юм. Гэхдээ над шиг дэлхий дахинд танигдана гэж үү? Над шиг дэлхийн өнцөг булан бүрт алдарших боксчин дахиад төрнө гэж бодохгүй байна. Япон, Хятад, Африк, Араб, Европ, Өмнөд Америк, ер хаана ч очоод асуугаад үз л дээ. Намайг хаа сайгүй мэднэ.
-Та өөрийгөө “Хамгийн агуу” гэдэг. Ингэж хэлснээр та өөрийгөө орчин цагийн боксын рингэн дээр гарсан бүх шилдэг тулаанчийг ялж чадахаар хүчтэй гэж тунхагласан хэрэг үү?
-Яг ч тэгсэн үг биш ээ. Бүх шилдэг боксчныг ялна гэж юу байх вэ. Харин хамгийн их танигдсан, хамгийн алдартай, хамгийн дуулиантай тулаанч гэдгээ тодотгосон хэрэг. Би бол хүнд жингийн боксын түүхэн дэх хамгийн хурдтай тулаанч шүү дээ. Бас рингэн дээр гарсан цорын ганц яруу найрагч боксчин гэдгээ сануулъя. Намайг бас хамгийн сайхан төрхтэй нь гэдэгтэй санал нийлнэ биз дээ?
-Та энэ хэлсэн бүхнээрээ хожим дурсан санагдахыг хүсэж байна уу?
-Хүмүүс юу бодохыг би яаж мэдэх вэ. Гэхдээ бусдыг миний талаар ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсэж байгаагаа хэлье. Би бол дэлхийн аваргын алдар хүртсэн, хөгжилтэй, хүн бүрт сайхан сэтгэлээр ханддаг эр хүн, өөрийнхөө талын хүмүүст ганц мөнгө санхүүгээр тогтохгүй эрх чөлөөтэй, бусадтай эн тэнцүү байхад нь аль чадахаараа тусалсан, хэнд ч ялгавартай ханддаггүй өнгөт арьстан, хэнийг ч гомдоолгүй, зөв явах гэж хичээж ирсэн, исламын номоор хүн ардаа нэгтгэх гэсэн тэмцэгч. Намайг ингэж л санавал сайн байна. Харин энэ бүхэн дэндүү их санагдаад байвалхэлэх гэсэн үгээ хэнд ч, хэдийд ч хэлчихдэг, аваргын титэмтэйагуу боксчин байсныг минь дурсахад л болно. Тэгвэл хожмын хүмүүсийг сайхан царай төрхийг минь мартсан ч өршөөж болох юм.