Үүргэвчтэй аялахад хамгийн тохиромжтой дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг зочид буудал, нисэх онгоцны тасалбар захиалгын үйлчилгээний “Orbitz” компаниас гаргажээ. Уг жагсаалтад 12 хотыг онцолсон бөгөөд Дублин тэргүүлсэн тухай eTurboNews цахим хуудсанд мэдээлсэн байна.
Ирландчууд найрсгаараа алдартай бол Дублин хотыг шар айрагны газраар нь аялагчид андахгүй. Тиймээс жуулчид тэнд хийх юмтай, нүд ирмэх зуур шинэ танилтай болдог гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт орсон Тайландын Бангкок хот номын дэлгүүр, тату-салон, элдэв барааны лангуунуудтай Каосан гэдэг алдарт гудамжаараа жуулчдыг татдаг.
Гуравдугаарт Шинэ Зеландын Куинстаун амралт сувиллын газар орсон байна. Адал явдлын энэ нийслэлд өндрөөс үсрэх, завиар болон явган алхах гээд үүргэвчтэй аялагчдыг татах зүйлс олон. Дөрөвдүгээрт орсон АНУ-ын Нью-Йорк хот дахь Метрополитен музей, Бродвей театр болон Таймс сквер мэтийн дэлхийд алдартай дурсгалт газрууд нь жуулчдыг уйдаахгүй аж. Индонезийн Бали арлын Убуд гэдэг жижиг хот “айргийн” тавд орлоо. Эндхийн йог, бясалгал болон спа үйлчилгээ жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж. Мөн жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард болдог йог, бүжиг болон хөгжмийн их наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн аялагчид цуглах шалтгаан болдог гэнэ.
Жагсаалтын эхний аравт Исландын хөгжим, байгалиараа алдартай нийслэл Рейкьявик, Парис, Хонконг, Гватемалын кофены соёл болон испани хэлний сургуулиараа алдартай, хот-музей Антигуа болон Австрийн Вена хот орсон байна. Арваннэгдүгээрт орсон Канадын Ванкувер хот янз бүрийн хөшөө дурсгал, үлгэрийн мэт цэцэрлэгт хүрээлэнгүүд, галерей болон гар урлалын дэлгүүрүүдээрээ жуулчдыг татдаг ажээ. Энэ жагсаалтыг сүүлийг Коста-Рикагийн нийслэл Сан-Хосе мушгилаа. Адал явдалтай аялахыг хүссэн жуулчдын очвол зохих газар гэнэ. Галт уулсаар, халуун орны алдарт ойгоор, гол мөрнөөр уйдах завгүй аялахаар шийдсэн жуулчдыг энд урьжээ.
Согтууруулах ундаа хамгийн хямд
Их Британийн Шуудангийн албанаас согтууруулах ундаа хамгийн хямд байдаг Европын хотуудыг жагсаасныг Чехийн Прага хот тэргүүлсэн байна.
Жагсаалтад лонх шар айраг, оргилуун дарс, хундага мартини болон бусад согтууруулах 12 “ундаа” оржээ. Судалгаанд тус тивийн 16 хот дахь согтууруулах ундааны үнийг багтаасан аж. Ийм 12 төрлийн согтууруулах ундааны цуглуулга Прагад 37 орчим еврогийн үнэтэй байжээ. Жагсаалтын хоёрдугаарт Унгарын Будапешт (39 евро), гуравдугаарт Польшийн Краков (44 евро) оржээ. Латвийн Ригад согтууруулах ундааны багц 65 евро (дөрөвдүгээр байр), Эстоны Таллинд 69 евро (тавдугаар байр) байв. Судалгаанаас үзвэл, согтууруулах ундаа хамгийн үнэтэй хот нь Испанийн Марбелья хот гэнэ. Тэнд дээр дурдсан 12 төрлийн согтууруулах ундаанд 94 орчим доллар төлөхөд хүрчээ. “Deutsche Bank” янз бүрийн хотууд дахь “нүглийн индекс” буюу таван лонх шар айраг, бүтэн хайрцаг тамхины үнийг тооцож жагсаахад Австралийн Мельбурн тэргүүлсэн байна. Тэнд эдгээрийг авахад бараг 67 доллар төлөх хэрэгтэй аж. Гэтэл Филиппиний Манилад бараг зургаа дахин хямд буюу 11 доллар төлөх гэнэ.
Шанхайн Диснейлэнд ямар үнэтэй вэ
Хятадын Шанхай хотын Диснейлэндээр аялахад дунджаар 2280 юань буюу 348 ам.доллар зарцуулна. Үүнд тээвэр, зочид буудал, орох тасалбарын үнэ багтжээ. Захиалгын мэдээллийг боловсруулсны дараа Хятадын интернэт аяллын томоохон хөтөч “Сечэн” ийм дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал, Бээжингээс Шанхай хүртэл хоёр хүн гурван өдөр аялахад нисэх онгоцны тасалбарт 1200, Диснейлэндэд орох тасалбарт 499, дөрвөн одтой зочид буудалд нэг хүний 600 юань зарцуулна. Ингээд нэг хүний зардал 2300 юань болох гэнэ.
Ийм аяллын захиалгын талаас илүү хувийг хүүхэдтэй гэр бүл, 30 гаруй хувийг дурлалт хосууд эзэлж байна. Шанхайд Микки Маусын шидэт хаант улс 2016 оны зургадугаар сарын 16-нд үүд хаалгаа нээнэ. Энд дэлхийн ийм таван паркийн нэгэнд ч байхгүй шинэ тоглоомуудыг үзэх боломжтой аж. Тэдгээрийн тоонд Хятадын соёлтой холбоотой болон “Оддын дайн болон “Marvel”-д зориулсан тоглоомууд багтжээ.
Дэлгүүр хэсэгчдийн диваажин
Дэлгүүр хэсэхэд хамгийн таатай, тохиромжтой хотуудын жагсаалтыг АНУ-ын зөвлөгөөний JLL компани гаргажээ. Олон улсын томоохон корпорацууд, тухайлбал, тансаг хэрэглээний барааг хэрэглэгчдэдээ санал болгосон компаниуд төвлөрсөн Лондон хот жагсаалтыг тэргүүлэв. Ази, Номхон далайн бүс нутагт Хонконг тэргүүлсэн байна. Жагсаалтыг гаргагчдын мэдээлснээр, эх газрын Хятад улс нийт худалдааны гуравны нэг хувийг хангадаг аж. Хэдийгээр түрээс өндөр ч Парис тэргүүлэгч гурвын нэг болжээ. Эхний аравт Дубай, Нью-Йорк, Сингапур, Бээжин, Шанхай, Эль-Кувейт болон Токио орсон байна. “MasterCard”-ын судалгаагаар, манай хойд хөршийн нийслэл Москва дэлгүүр хэсэгчдийн гол чиглэлүүдийн нэг бөгөөд лалын шашинт жуулчдын очих дуртай газар гэнэ. Тус хот жагсаалтад орсон 40 хотын 39-д багтсан аж. Шашны чиглэлээр аялагчдын жагсаалтыг Дубай, Куала-Лумпур болон Сингапур тэргүүлжээ.
Хамгийн хямд романтик болзоо
Таалагдсан бүсгүйгээ болзоонд урихад хамгийн хямд тусах хотуудыг “Deutsche Bank” нэрлэжээ. Энэтхэгийн Бангалор хот жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэнд таксигаар зорчиж, үдшийн цэнгээний газар, эсвэл кафед хоёр хүний оройн зоог барин, жимсний шүүс ууж, киноны хоёр тасалбар болон хоёр шар айраг авахад 42 доллар зарцуулна.
Индонезийн Жакартад романтик уулзалтад 44 доллар зарцуулах бол Энэтхэгийн Мумбайд бараг 45 доллар гэнэ. Болзоход хамгийн үнэтэй хот нь Швейцарийн Цюрих аж. Тэнд болзоход 201 доллар шаардагдах бол Копенгагенд 173, Токиод 172 доллар хэрэгтэй гэнэ. Тэрчлэн шинжээчид дэлхийн янз бүрийн хотуудад өнгөрүүлэх амралтын өдрүүдийн өртгийг тооцжээ. Үүнд таван одтой зочид буудалд хосоороо хоёр хонох, шар айрагны газарт өдрийн, ресторанд оройн зоог барих, хоёр өдөр машин түрээслэх, хоёр аяга шар айраг, дөрвөн литр жүүс, тэрчлэн хос жинс, пүүз авах үнийг багтаасан байна. Ингэхэд Швейцарийн Цюрих хотод хамгийн үнэтэй буюу 3500 орчим доллар зарцуулжээ. Хамгийн хямд нь Малайзын Куала-Лумпур (688 доллар) байв.
Хамгийн чанартай хоолтой улсууд
Аялал жуулчлалын үйлчилгээний “TripAdvisor” компани дэлхийн хамгийн чанартай хоолтой аяллуудыг нэрлэжээ. Шилдэг аравт Португал, Мексик, Испани, Япон, Австрали, Грек, тэрчлэн АНУ, Их Британийн тус бүр хоёр маршрут орсон байна. Португалын Лиссабон хотоор дарс, тапас зууш амталж дөрвөн цаг аялахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Аяллын үеэр жуулчинд Португалын бяслаг, гахайн махан хиам, давсалсан мах, чидун жимсний эхний шахалтын тос, гэрийн жимсний чанамал, уламжлалт талх болон таван төрлийн портвейн санал болгодог. Тэрчлэн “TripAdvisor” АНУ-ын Лас-Вегас хотоор 2.5 цагийн богино аялалд хамрагдахыг зөвлөж байна. Энэ хугацаанд аялагч дөрвөн ресторанд очиж, 12 удаа зоог барьж амжих гэнэ. Энд бас Лондоны Спиталфилз, Шордич дүүргээр аялах “Ист-Энду” аялал багтжээ. Хөтөч нь жуулчдыг нутгийн оршин суугчдын очих дуртай газруудаар авч явах гэнэ. Энэ үеэр давсалж утсан махан хавчуургатай талхыг “St John Bread and Wine” ресторанд, “Baigel Bread”-д хачиртай талх болон Британийн гэрийн бяслаг амталж болно. Үүний сацуу “Poppies”-т загас болон чипс, Брик-Лейнд карри хөтөлбөрт оржээ. Мөн жагсаалтад Мексикийн Пуэрто-Вальяртын 3.5 цагийн аялал багтсан аж. Энэ үеэр аялагчдыг энчилада (махан шанзтай, эрдэнэ шишийн гурилан ороомог, халуун ногооны сүүмстэйгээрээ онцлог зоог) болон такосоор (шарсан мах, далайн ногооны шанзтай эрдэнэ шишийн гурилан гамбир) дайлна. Японы загасны Цукизи захаар сушины мастертай явах, Австралийн Мельбурны Ярра хөндийгөөр хийх дарсны аяллыг ч энд санал болгожээ. Энэ жагсаалтыг гаргахдаа жуулчдын саналыг тоо ширхэг, чанар, шинэлэг байдлыг үндэслэн гаргасан байна.