Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Энэтхэгийн хамгийн олон хүнтэй Мумбайг зүүдний хот хэмээдэг нь олон талаар биш гэхэд ядаж нэг зүйл дээр гарцаагүй үнэн юм. Бомбей нэртэй байсан уг хотыг усанд автуулчихгүйн тулд янз бүрийн арга хэрэглэж байсан Зүүн Энэтхэгийн компанийн инженерүүд XVIII зууны сүүлч гэхэд эл тэмцэлдээ ялагдаж эхлээд байлаа. Тэдний Уорли нэрт тохой руу завь завиар нь чулуу асгаж, арайхийн босгосон хаалт ойрхон хоёр нурчихаж. Харин яг тэр үед Рамжи Шивжи Прабу хэмээх инженер, Махалакшми бурхан хоёр хувилгаан дүрийнхээ хамт өөр дээр нь ирж, өөрсдийнх нь чулуун баримлууд өнөөх Уорли орчимд буй, тэднийг тэнгисийн уснаас цухуйж гарах хуурай газар дээр зална уу гэж хүсэж байна хэмээн зүүдэлж гэнэ. Прабу инженер энэхүү ер бусын зүүдээ ихэд бэлгэшээж, хотын захиргаанаас өөрт нь өгсөн газар дээр жижигхэн хийд бариулжээ. Тэрбээр хийдээ тойруулан хаалт барьж, хажууд нь уснаас хамгаалах хана босгохоо ч мартсангүй.
Энэ түүх марати хэлтний уран зохиолын нэгэн содон төрөл бахаар хэмээх богино туурийн хэлбэрээр өнөө цагт хүрчээ. Хэдийгээр домгийн шинжтэй ч Прабу инженерийн бариулсан, 1784 онд ашиглалтад орсон Хорнбай Уэллардийн гэх тодотголтой дээрх аварга том хаалт өнөө ч сүндэрлэн байгаа бодит байгууламж бөгөөд орчин цагийн Мумбай хотын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн далан юм. Тэр цагийн Бомбей хотын захирагч Уильям Хорнбайн нэрээр нэрлэгдсэн уг далангийн ажил тэнгисийн ус болоод их хэмжээний балчиг намгаар тусгаарлагдсан долоон жижиг арлыг холбох, хотын нутаг дэвсгэрийг тэлэх өргөн далайцтай бүтээн байгуулалтын эхлэл байлаа.
Тэнгисийн гүехэн хэсгээс газрыг нь “булааж”, шинээр хуурай газар бий болгосноор Бомбей хотын шинэ цагийн түүх эхэлжээ. Хотынхон хэдэн арван жилийн турш тоо томшгүй далан, хаалт хашилт барьж, дов толгодыг тэгшилж, намагтай болон намгархаг хөрстэй газарт мод, чулуу суулгасан байна. Өдгөө тус хотын 13 сая оршин суугч 440-өөд ам км газар нутагт амьдран суугаагийн нэлээд хэсэг нь чухамдаа тийнхүү тэнгисээс “ургуулсан” газар болох нь газрын зургаас ч мэдэгддэг. Сайтар ажвал одоогийн Мумбай хот Энэтхэгийн хойгоос Арабын тэнгис рүү гэнэтхэн “халдаж” түрсэн жижигхэн хошуу адил үзэгддэг билээ. Тус хот үнэхээр ч тэнгисээс “ургаж”, усан дээр байгуулагдсан юм.
Бомбейн долоон арал
Мөнөөх долоон арал (Колоба, Бомбей, Мазгаон, Парель, Махим, Уорли, Хөгшин эмэгтэйн арал зэрэг нэртэй) Английн II Чарльз хааны шинэ эхнэр, Португалын хааны гэр бүлээс ирсэн сүйт бүсгүйнх нь инжний нэг хэсэг болж 1661 онд британичуудын гарт оржээ. Чарльз хаан бэлгэнд ирсэн газраа хэр хэмжээтэйг, бүр хаана байдгийг ч мэдэхгүй байлаа. Ноёд, түшмэд нь хүртэл Бомбей гэх газрыг Бразилийн хаа нэгтээ байдаг болов уу гэж таамаглаж байж. Харин 1665 онд англичуудыг өнөөх газраа иртэл нэгээс нөгөөд нь хүрэхэд туйлын хүндрэлтэй, хамтдаа 50 ам км ч хүрэхтэй үгүйтэй, уснаас дөнгөж цухуйж үзэгдэх хэдэн арал л угтав. Англи түшмэд ийм газрыг яаж ашиглах аргаа олоогүй тул Энэтхэгийн баруун эрэгт шинэ газар эрж байсан Зүүн Энэтхэгийн компанид жилийн 10-хан фунтээр түрээсэлж орхижээ.
Харин тус компанийнхан бага гэлтгүй шинэ газар илүү ашиг авчрахыг, эрэг орчмын ямар ч газрыг, тэр дундаа Бомбейнх шиг салангид арлуудыг хүртэл нэгтгэн, шинээр газар үүсгэж болохыг мэдэж байлаа. Тэр үед Европын хаа сайгүй энэ аргын талаар ярьж, Нидерландын эрэг хөвөө, Английн Зүүн Англия зэрэг газарт ганц нэг төсөл хэрэгжээд байжээ. Ингээд хэзээ ч бүтэл олохгүй байж мэдэх, үлэмж хэмжээний хөрөнгө хүч зарлагадах, Бомбей арлыг Уорлитой холбох ажил 1680 онд эхлэв. Олон арван жил үргэлжилсэн энэ хүнд ажлыг 1700-гаад оны эхэн үеэс хэдэн мянган хоригдлоор хийлгээд ч дорвитой амжилт олсонгүй. Ямар сайндаа л ойр ойрхон нурж, Хорнбай Уэллардийн хаалт баригдах хүртэл овоолсон шавар төдий үзэгдэж байх вэ. Харин мөнөөх зүүдээ манагч инженерийн тусламжтайгаар 1784 онд ашиглалтад орсон уг далангийн ачаар арлуудыг холбон, хоорондох газрыг нь хатаах ажил бүтэн зууны дараа л сая нэг биеллээ олж, газар тариалан эрхэлж болохуйц, хотыг хойш тэлэх 280-аад га газар шинээр буй болжээ.
Удалгүй өөр олон ч далан, томоохон зам барьснаар Бомбейн арал хот эх газартай нийлж, 1838 он гэхэд зогсолтгүй тэлж эхлэв. Энэ үед газар хатаах, шинээр бий болсон газрыг худалдах, хөгжүүлэх нь хамгийн ашигтай бизнес болж иржээ. Ийм чиглэлээр байгуулагдсан хэдэн арван компани өндөрлөг газар, ухаа толгодыг тэгшилж, тэнгисийн эрэг рүү тонн тонноор нь хар шороо, элс, чулуу асгаж, шинэ тутамд газар үүсгэж байлаа.
Бомбей хотын төлөвлөлт, онцгой содон бүтээн байгуулалтын талаар илүү тодорхой мэдье гэвэл шинээр газар бий болгох гэсэн ч бүтэлтэй болоогүй нэгэн төслийн талаар дурдах хэрэг гарна. 1860-аад онд эхэлж, олон жил мартагдсан ч 1920-иод оноос эргэн сэргэсэн “Хойд эрэг” төсөл нь зургаан км урт далан барьж байж 400 гаруй га газар шинээр бий болгох ажил байсан агаад аварга том ханыг 30-аад км холоос авчрах том том чулуугаар барих байв. Гэтэл хөрс шорооны ажил эхлэх үед далан барих газрын лаг шавар албаныхны бодож байсан шиг зөөлөн биш нь тодорхой болжээ. Энэ нь ажлын явц удааширч, төсөв хүрэлцэхгүй болно гэсэн үг байлаа. Хотын зөвлөлийн гишүүн, хуульч Хуршед Нариман нарын хүн Британийн хууль тогтоогчдыг санхүүгийн тооцоо алдсан, үр ашиггүй ажилласан зэргээр шүүмжилж, шүүхэд хүртэл ханджээ. Ингэснээр “Хойд эрэг” төсөл зогсож, багахан газар хатааж, ашиглахаар болон, дутуу орхигдсон байна. Гэвч тэрхүү бага хэмжээний газарт одоогийн Мумбай хотын олон нийтэд хамгийн их танигдсан, хамгийн сайхан байгууламжийн нэг Марин драйв буюу олон эгнээ цуварсан гэрлээрээ Хатны зүүлт гэгддэг өргөн чөлөө оршдог. Нариманыг “Хойд эрэг”-ийн асуудлаар ихээхэн хичээл зүтгэл гаргасныг хотын удирдлагууд хожим буюу Энэтхэг орныг тусгаар тогтносны дараа үнэлж, дээрх өргөн чөлөө байх газрыг Нариманы өндөрлөг хэмээн нэрийдсэн түүхтэй.
Хорнбай Уэллардийн хаалт
Марин драйв байгуулагдсан нь шинээр үүссэн газрыг шуудхан худалдаж, ашиг олох гэхээсээ бүх нийтэд зориулсан орчин бий болгох, хүн амын шигүү суурьшлыг бууруулахын тулд нийтийн байр сууц барих хандлагыг дэлгэрүүлжээ. Принстоны их сургуулийн түүхийн профессор, “Мумбайн үлгэрүүд” номын зохиогч Гьян Пракашийн тэмдэглэснээр энэ нь хотын нутаг дэвсгэрийг тэлэх ажил түр зогсож, барилга байгууламжийн хийц загвар, уран барилгын хөгжилд анхаарч эхэлсэн үетэй давхацсан байна. Тиймээс ч чухам Марин драйв өргөн чөлөөн дэх арт деко загварын орон сууцны барилгууд шинэ цагийн донжтой, хээнцэр хотын хэв маягийг тодорхойлсон Мумбайн анхны байшингууд болсон аж.
Гэхдээ Мумбайг хурдтай хөгжсөн эхний тэр жилүүдэд хотын оршин суугчдын нэлээд хувь нь бохир заваан, яагаад ч донжтой гэхээргүй орчинд аж төрж байлаа. Энэ цаг үед ч байдал өөрчлөгдсөнгүй. Одоогийн Мумбайн иргэдийн бараг 60 хувь нь ядуусын дүүрэг гэгддэг янз бүрийн оромж, пин сав, асар майхнаар дүүрэн газарт толгой хоргоддог бол гадаа гудманд хоног төөрүүлдэг хүн ч хэдэн мянгаараа байна. Коли хэмээх загасчны суурингийн буурин дээр бий болсон Дарави дүүрэг гэхэд л зуун жилийн тэртээх Бомбей хотын хөвөө зах байсан бол эдүгээ шинэ Мумбайн зүрхэн тушаа орших хамгийн том ядуусын хороолол болжээ. Энэ мэт хорооллоос газрыг нь авч, шинээр барилга байшин барих зай талбайтай болох нь одоогийн Мумбайн хөгжилд нэн чухал болоод байна. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, барилгын компаниуд урьд нэгэн цагт тэнгисээс, гүний их уснаас газар “булааж” байсныхаа адил өдгөө ард иргэдээс газрыг нь хураах болжээ.
Хотын нутаг дэвсгэрийг тэлэхийн тулд тэнгисээс газар “ургуулсан” сүүлчийн томоохон ажлыг 1960-1970-аад онд Нариманы өндөрлөг орчимд хийсэн байна. Түүнээс хойш газрын төлөөх тулаан хот, тэнгис хоёрын дунд бус, эрх мэдэлтнүүд болоод хэдийнэ ашиглагдаж буй байшин барилгын хооронд өрнөх болж, газрын төлөө улайрсан хүмүүс насжилт нь яагаа ч үгүй, ердийн сайн барилгуудыг хүртэл нурааж эхэлжээ. Үүнээс болж Мумбай хотыг өөрийгөө “иддэг” цус сорогчийн шинжтэй боллоо гэж дүгнэх мэргэжилтнүүд ч байна.
Мумбайн их сургуулийн түүхийн профессор Мариам Доссалын ярьснаар энэ их хотод өдгөө цэвэр, бохир усны сайжруулсан систем, ус зайлуулах шинэ хоолойнууд хэрэгтэй ч энэ бүхнээс илүү газрын төлөөх өрсөлдөөнийг зохицуулах, байгалийн эрсдэл, гамшгаас сэргийлэх шинэ төлөвлөлт, бодлого үгүйлэгдэж байгаа гэнэ. Тэрбээр гол горхины судал, усны ундарга дээр барилга барих нь байгалийн урсацыг боож, бүх л эргэлт хөдөлгөөнийг зогсоодог, энэ нь хур бороо ихсэж, усны түвшин нэмэгдэх үед осол гамшиг л дуудна гэдгийг анхааруулжээ. Мумбайнхан хотоо уснаас “ургаж”, усан дээр баригдсаныг мартах ёсгүйг ч тэрбээр мөн сануулж байна.