Хүний эрхийг хамгаалах болон буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Walk Free Foundation” байгууллага дэлхийн боолчлолын тухай индексээ танилцуулсан байна. Уг баримт бичгээс үзвэл, дэлхийд өдгөө боолчлолын нөхцөлд 46 сая хүн ажиллаж байгаа аж. Тэдний дийлэнх нь Энэтхэг, Умард Солонгост байна. Гэхдээ боолчлолын тохиолдол тус байгууллагын судалгаанд хамрагдсан 167 улсад бүгдэд нь бүртгэгджээ. 2014 онтой харьцуулахад боолын тоо 10 саяар нэмэгдсэн байна.
Илтгэлд дурдсанаар, сүүлийн нэг жилд боолчлолын тохиолдол 167 улс болон нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэнэ. Өнөөгийн боолуудын 58 хувь нь Энэтхэг (хамгийн олон буюу 18.35 сая), Хятад (3.39), Пакистан (2.13), Бангладеш (1.53) болон Узбекистан (1.23) гэсэн таван улсад аж төрж байна. Нийт хүн амынх нь дунд эзлэх хувиар нь авч үзвэл Умард Солонгос (4.37 хувь), Узбекистан (3.97), Камбож (1.65) толгой цохижээ. Тэгэхдээ хуулиараа боолчлолыг хориглоогүй дэлхийн цорын ганц улс нь Умард Солонгос аж.
Тус байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч, Австралийн тэрбумтан, буяны үйлстэн Эндрю Форрест “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө дэлхийн улсуудыг хууль зөрчигчидтэй худалдаа наймаа хийхгүй байхыг уриаллаа.
2016 оны индексийг дэлхийн 25 улсын 42 мянган иргэнтэй “Gallup” судалгааны албаны ажилтнуудын хийсэн ярилцлагад үндэслэн гаргасан байна. Умард Солонгосын талаарх мэдээллийг тус улсын дүрвэгчидтэй ярилцах замаар авчээ. Тоон зөрүү гарсан нь WFF боолчлолыг илүү өргөн хүрээнд авч үзсэнтэй холбоотой гэнэ. Тодруулбал, сүрдүүлэг, хүчирхийлэл эсвэл албадлагаар хийж буй ямар ч хөдөлмөрийг боолчлолд тооцсон байна.