Садарлах гэмт хэрэгт цаазын ял оноох, уг хэргийг өдүүлсэн эрэгтэй хүнийг химийн аргаар агтлах тухай зарлигт Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо гарын үсэг зуржээ. Түүнээс гадна хормойн донтныг шоронгоос гарсных нь дараа илрүүлэх тусгай төхөөрөмж зүүлгэж байхаар болсон байна. “Хүүхдийг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд оруулдгаас үүдсэн хямралыг гэтлэхэд энэ арга хэмжээ чиглэж байгаа юм” гэж Видодо мэдэгдсэн аж. Парламент цуцалж магадгүй ч Ерөнхийлөгчийн энэ зарлигийг даруй мөрдөхөөр болжээ. Химийн аргаар агтлах үйлдлийг бэлгийн хүслийг бууруулах эм, тариа хэрэглэх замаар гүйцэтгэдэг юм байна.
Ихэнх орны олон нийт цаазын ялд таагүй ханддаг. Хүний амь насыг шийдэх эрхийг төрд олгох хүсэлтэй хүн тийм ч олон байдаггүй. Гэхдээ шүүхийн шийдвэрээр хувийн тооцоо хийх бодолтой эрх мэдэлтэн байдагт гайхах юм бас байхгүй.
Харин Индонезийн Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр энгийн иргэдийн санаанд ихэд нийцэж байгаа аж.
Тус улсад бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг олон гарах болсон нь үүнд нөлөөлжээ. Хүн ам нь ядуу, газар зүйн байдал нь таагүй учраас энэ улс Австрали, Америк, Европын завхай эрчүүдийн диваажин болсон байна. Зураг дээр буй үрчлээтсэн нүүртэй, сахал үсэндээ баригдсан энэ эр Австралийн уугуул аж. Тэрбээр биологийн дур хүслээ тайлах зорилгоор Индонезид иржээ. 2014 оноос энд байхдаа 69 настай өвгөн маань 7-17 насны дор хаяж 16 охины шөнийн хар дарсан зүүд болсон гэнэ.
Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хүн бузар хэргээ үйлдсэн ч түүний хэргийг хаагаагүй байсан бөгөөд наад зах нь 10 жил шоронд суух нь гарцаагүй болсон аж.