“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үргэлжилж, нэр хүндтэй энэ сургуульд 40 гаруй улс цэргийн алба хаагчдаа илгээсэн. Энэ сургуульд оролцож буй Японы цэргийн багийн нэг офицер хөлөө гэмтээж, гуравдугаар шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон гэнэ. Улмаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт орчуулагчийнхаа хамт өнгөрсөн баасан гаригт ирэхэд тусгай өрөөндөө оруулж, эмчилгээ хийж эхэлсэн байна.
Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр эмнэлгийн захирал бөгөөд ангийн захирагчийг нь сольсон биш тус эмнэлэгт хулгайч үүрлэсэн бололтой. Японы офицер, орчуулагчийнхаа хамт “Samsung-S6” маркийн гар утаснуудаа алдсан гэнэ. Монголын тусгай үүргийн эмнэлэгт эмчлүүлэх гэсэн биш эд зүйлээ алдсандаа японы офицер ихэд гайхаж буй аж. БХХСАХНЭ-ийнхэн өнгөрсөн бямба гаригт энэ асуудлаар хуралдаж, нууцалж өнгөрөөхийг ч үүрэгдсэн сурагтай.