“Монголын төмөр зам” компанийн барьж байгуулах төмөр замын хөрөнгөөс завшиж, угаасан хэрэгт шалгуулж байгаа БНСУ-ын иргэн Ли Жонг Ёлыг цагдаагийнхан дахин цагдан хорьжээ. Хэдийгээр хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг ихэд нууцалж буй ч баттай эх сурвалжууд түүнийг өнгөрсөн даваа гаригт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь үнэн хэмээж буй юм. “Самсунг Си энд Ти” буюу SCTECM-ын захирлаар ажилладаг тэрбээр Монголын төмөр зам барих хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 148.4-т заасныг үндэслэн яллагдагчаар татсан юм байна.
Мөн мөнгө угаасан үйлдэлд ч буруутгаж буй гэсэн. Түүний удирдсан компани Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 140 сая гаруй ам.долларыг үрэн таран хийсэн нь баримтаар нотлогдож байгаа аж. Өмнө нь түүнийг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нартай хамт төрийн өмчит компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, Хонконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн сэжигтнээр тооцон цагдан хорьж байсан ч шүүх батлан даалтад гаргасан юм.