Байгал нуур руу цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц (УЦС) барих гэсэн Монголын төлөвлөгөө энэ нуурыг ширгээх аюултай гэж “Известия” сонин Оросын эрчим хүчний компаниуд болон Сайд нарын танхимын эх сурвалж дээр түшиглэн бичсэн байна. Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр гурван томоохон УЦС баривал Байгал нуурын экологийн байдалд засаж болшгүй сөрөг нөлөө үзүүлнэ гэж уг сонин тэмдэглэжээ. Шаардлагатай арга хэмжээг яаралтай авахгүй бол ширгэж алга болсон Араль тэнгисийн гунигт хувь тавиланг Байгал нуур давтаж болзошгүй гэж тус өгүүлэлд бичсэн байна.
Байгал нь манай гаригийн хамгийн гүн нуур, цэнгэг усны томоохон нөөц юм. Хамгийн гүн нь 1642 метр. Аралийн тэнгис 1960-аад оноос ширгэж эхэлсэн бөгөөд тариалангийн талбай услахаар түүнд цутгадаг Амударъя, Сырдарья мөрний уснаас их хэмжээгээр салаалсан нь нөлөөлсөн гэж үздэг. Ингээд 1989 он болоход уг тэнгис Умард, Өмнөд гэсэн хоёр тусдаа усны сав газар болж хувирсан аж. Гэвч Өмнөд буюу их хэсэг нь 2014 онд бүрэн ширгэсэн байна.