2018 онд ашиглалтад орох “Лахта” төв Европын хамгийн өндөр барилга болно
Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Оросын Их Пётр хаан шведчүүдээс булааж авсан Балтийн тэнгисийн аман дахь асар уудам талбай бүхий намгархаг тал нутгаа 1703 оны тавдугаар сарын 16-ны өдөр удтал харж зогссоноо Нева мөрний Туулайн арлаас авсан хоёр ширхэг ширэг өвсийг газар дээр загалмай адил хэрээслэн тавиад “Энд их хот босог” хэмээн зарлигджээ. Түүнийг ийн айлдмагц тэргүүн дээр нь гэнэт бүргэд үзэгдэж, элин халин ниссэн нь хаантны зарлиг, ерөөл баттай оршихын өлзий учралыг бэлгэдэж байлаа. Энэ бол Санкт-Петербург хотын үүсэлтэй холбоотой нэн тархмал домог юм. Гэтэл бодит байдал дээр Пётр хаан ч, мөнөөхөн бүргэд ч хотын шавыг тавих үед байгаагүй агаад хааны дотнын анд, цэргийн гарамгай жанжин Александр Меншиковын удирдсан цэргүүд хожмын их хот болоод Туулайн арал дээрх Петропавловын цайзыг 1703 оны тавдугаар сарын эхээр барьж эхэлжээ. Харин хаантан бүтэн сарын дараа л барилгын ажилтай танилцахаар анх удаа биеэр заларсан байна.
Хэдийгээр үнэн бодит биш ч дээрх домог Санкт-Петербургийн үүх түүхийн талаар ихийг хэлж өгнө. Хүн амьдрахад бэрх балчиг намаг дунд хэдэн мянган хүний амиар боссон уг хот Шведийн эсрэг бат цайз хэрэмтэй, дулаан бүсийн боомт хоттой болох гэж улайрсан Пётр хааны хатуу гар, буцашгүй зарлигаар бүтээгдсэн болохыг энэ домог илтгэнэ. Хаантан шинэ хотоо “Европ руу харсан цонх” болгохыг хүсэж байлаа. Энэ нь түүний улс орноо орчин үежүүлэн, илүү европжуулах, цэрэг армийн болоод засаг төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох, үндэстний соёл, онцлогийг шинээр, цогцоор буй болгох бүр ч том, өргөн далайцтай ажлынх нь нэг хэсэг байв. Санкт-Петербург хот хүнд хэцүү эхлэл, хувьсгалын үймээнт жилүүд, дэлхийн дайны үеийн бүслэлт, далаад жил үргэлжилсэн коммунист дэглэм зэргийг даван байж Европын гурав дахь том хот болжээ. Харин өдгөө ирээдүйгээ баталгаажуулахын тулд өв соёлоо хадгалж үлдэх, ахуй орчноо сайжруулах гэсэн хоёр том бэрхшээлтэй тулгараад байна. Ерөөс хот газрын хөгжилд хадгалж хамгаалахын хамт урагшилж, шинэчлэгдэнэ гэдэг амаргүй даваа байдаг.
Пётр хаан шинэ хотоо улс орныхоо “Европ руу харсан цонх” болгохыг зорьжээ
Санкт-Петербургийн түүх бүр анхнаасаа л иймэрхүү эсрэг тэсрэг шинжтэй байлаа. Оросын эрдэмтэн мэргэд, түүхч, зохиолчид уг хотын үүсэл, хөгжлийг бахдан бишрэхийн зэрэгцээ эсэргүүцэн, шүүмжилж иржээ. Түүхийн ном зохиолд гайхамшигт бүтээн байгуулалт байсныг нь онцлох бол зохиолчид, энгийн иргэд барьж байгуулахад нь хүчээр дайчлагдан, зовж зүдэрсэн, амиа алдсан хэдэн мянган хүнийг дурсаж, байгалийн жамаас гажууд бүтээл болсон гэлцэнэ. Үнэхээр ч хотыг босгох ажилд мянга мянган ялтан, дайны хоригдол, цэргүүд татагдсан байдаг. Есдүгээр сарын эхнээс тавдугаар сарын сүүлч хүртэл цастай байдаг эрс тэс уур амьсгалтай газарт тэдний нэлээд нь ясаа тавьжээ. Намгархаг хөрсийг барилга барихад тохиромжтой болгохын тулд балчиг намаг дунд модны үндэс, их биеийг суулгах хүчир ажлыг ч мөн эгэл ард гүйцэтгэж байлаа. Багаж хэрэгсэл гэх юмгүй, бүх л ажлыг нүцгэн гараараа хийж байсан тэднийг бөөнөөр нь хуарагнуулж, борви бохис хийлгэлгүй ажиллуулж байв. Хотыг барих явцад амиа алдсан хүмүүсийн олонх нь нийтийн байранд дэгдсэн халдварт өвчин, барилгын цэгийг дайрсан удаа дараагийн үерээс болж амь эрсэджээ. Тиймээс ч Санкт-Петербургийг “ясан дээр баригдсан хот” гэх нь бий.
Их Пётр хаан Европоор аялахдаа, тэр дундаа Амстердамд хөлөг онгоц бүтээх үйлд суралцахаар хэсэг зуур ажиллаж байхуйдаа шинэ нийслэлтэй болох санаа олсон гэдэг. Тэрбээр Амстердамын адил тэнгисийн усаар хүрээлэгдсэн хоттой болохыг зорьсон тул анхандаа ямар нэг гүүр барихыг хүртэл хориглож байлаа. Хэд хэдэн түшмэл нь, бүр эмч нь хүртэл Нева мөрнийг жижиг завиар гатлах гэж байгаад осолдож, амь үрэгдэхэд ч хаантан эл шийдвэрээ өөрчлөөгүй байна. Санкт-Петербургийн ерөнхий зураг төслийг Амстердамын загвараас санаа авч, боловсруулжээ. Хотын төв цэгээс зүг бүрт салаалан, хөлөг онгоцны зогсоолуудад хөтлөх, дунд нь хэдэн арван суваг шуудуу огтлолцох шулуун гудамжууд, хожмоо зам болсон усны өргөн том сувгууд, Нева мөрний өмнөд захыг ороосон, хотын төвийг нүүлгэн шилжүүлсний хойно усны гүүрэн дамжуургаас төв замд хувирсан, өдгөө чулуун ханаар бэхлэгдсэн аварга том хоолойнууд Санкт-Петербургийн таних тэмдэг болж, тус хотод Умардын Венец гэх нэрийг хайрласан байна.
Пётр хаан Москвагийн цагийн аясаар буй болсон, зах замбараагүй, эмх цэгцгүй орчин, уур амьсгалыг давтахгүйн тулд Санкт-Петербургийг байгуулахдаа байшин барилгын нүүрэн тал гудманд татсан “улаан зураас”-аас хэтрэхгүй байх, гудамж бүр эгц шулуун байх, бүх байгууламжийг чулуугаар барих гэсэн гурван дүрмийг ягштал баримтлахыг албатууддаа даалгаж байлаа. Эдгээр содон журмаас гадна Германы уран барилгач Андреас Шлютер, Швейцарийн уран барилгач Доменико Трезини нарын гадаад мэргэжилтнүүд зураг төслийн ажилд гар бие оролцсон нь хотыг сонгодог, ихэмсэг дүр төрхтэй болгов.
Оросын хот суурингууд огтоос төлөвлөгдөөгүй барилга байшингуудын “цуглуулга” төдий байх цагт хот шиг хот байгуулах нь Пётр хааны зорилго байлаа. Гэхдээ тэрбээр тухайн үеийн аж байдлын онцлогийг харгалзан Шлютерийн гаргасан гудамжны зураг төлөвлөгөөн дээр малын хашаа хороо, саравч зэрэг их хотод баймгүй зүйлсэд зориулсан зай талбай гаргаж өгчээ. Гэвч энэ мэт “хотын бус” шинжээс үл шалтгаалан Санкт-Петербург хэдхэн жилийн дотор Орос орны нийгэм, соёлын төв болон мандав. Пётр хааны зарлигаар 1712 онд улсын нийслэл болсон уг хотод төд удалгүй Оросын сурвалжтан, ихэс дээдсүүд шилжин сууж эхэллээ. Энэ нь шинэхэн нийслэлээ бараадахаас гадна Санкт-Петербургаас өөр хотод чулуун барилга байшин барихыг хориглосон шийдвэртэй холбоотой байж.
Гэвч эрхэмсэг, тансаг төрхтэй шинэхэн нийслэл өргөжин тэлэхтэй хамт үгүйрч, ядуурсан харц ардынх нь тоо нэмэгдэж, хотын захын дүүргүүд нарийхан гудам, навтгар сууцнуудаар дүүрчээ. Ажилчин, тариачин ардын амьдрал XX зууны эхээр бүр ч дордож, аж үйлдвэржилтээс болж хэдэн зуун мянган хүн ажил эрж нийслэл хотоо зорьсон нь Санкт-Петербургийн сонгодог хэв маягийг эвдэж эхлэв.
Хотын мэргэжилтэн, Санкт-Петербург хотын удирдлагад зөвлөхөөр ажилладаг Александр Карповтус хотын одоогийн төлөвлөлт дэх гол алдааг чухам тэр үеэс эхтэй, 1917 оны Октябрийн хувьсгалын шууд нөлөө гэж үздэг. Большевикууд Санкт-Петербургийн Өвлийн ордныг эзэлснээр дэлхийн анхны социалист улс байгуулагдах нөхцөл бүрдсэн. Гэтэл тэдэнд нэн чухал ажилчин ардын урсгалыг зохицуулах, үй түмэн хүнийг нэг дор багтаах орчин ахуй тус хотод байсангүй. Тиймээс нийтийн байр, орон сууц зэргийг олноор барьж эхэлсэн нь Зөвлөлтийн үед бүр оргилдоо хүрч, 10-20 мянган хүн амьдрах, өөр хоорондоо огтоос ялгаагүй яг ижил загвартай орон сууцнууд бүхий микро дүүргүүд бий болжээ. Тэдгээр нь зарим талаар дэд бүтэц муутай, хэдхэн туслах замаар хоорондоо холбогдож байлаа.
Үүнээс болж иргэд амьдран суугаа “унтаа” хорооллоосоо хотын төв дэх ажилдаа очихын тулд хагас дутуу ашиглагдах үйлдвэрүүдийн “саарал бүс”-ээр дайрдаг болжээ. Энэ нь их хүн зоны урсгал хөдөлгөөн үүсгэж, улмаар гудамж талбай төдийгүй хотын хөрс, ус бохирдоход хүргэсэн байна. Гэхдээ шинэ орон сууцнуудыг тараан байрлуулсан нь хотын нийтийн тээврийн хөгжилд түлхэц болов. Санкт-Петербург хот дэлхийн хамгийн том трамбайн сүлжээтэй болж, трамбайн нийт замынх нь урт 650-иад км хүрч байсан удаа бий. Гэвч тэрхүү аварга том сүлжээний нэлээд хэсэг ЗХУ задарсны дараагаас ашиглагдахаа больжээ. Хотын нийтийн тээврийн салбарыг сэргээн хөгжүүлэх нь одоо нэн чухал болоод байна. Карповын хэлснээр ганц хотын төвөөр тогтохгүй хотын захын үйлдвэрийн бүс нутагт ч автобус, трамбай, троллейбусны сүлжээг сайжруулах цаг болж.
Хотын төвд ч мөн шийдэх асуудал өч төчнөөн байна. Хотын төв хэсэг хэдийгээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан, тусгай хамгаалалт бүхий газар ч түүхэн барилгуудыг аварч хамгаалах ажил удаашралтай байгаа аж. Уран барилгын өвийг хамгаалах “Амьд хот” хэмээх ТББ-ын тооцоогоор Санкт-Петербургийн түүхэн барилгуудаас жил бүр 10-15 нь шинэ барилга барих зай талбай бий болгох, эсвэл сэргээн засварлах нэрээр дахин ашиглагдахааргүй болох юм уу, бүхлээрээ болон хэсэг хэсгээрээ нурж сүйддэг байна. Хотын захиргаанаас 2009 онд Соёлын ач холбогдол бүхий барилга байгууламжийг хамгаалах тухай захирамж гаргасан ч тэр нь ягштал мөрдөгдөхөөр хатуу чанга хууль болоогүй тухай дээрх байгууллага мөн дурджээ.
Түүхч, зохиолч Лев Лурьегийн тооцоогоор Санкт-Петербургт өдгөө 1914 оноос өмнөх үед хамаарах 15 мянга гаруй барилга байна. Тэдний дийлэнх олныг сайтар сэргээн засварлах хэрэгтэй байгаа ч холбогдох төсөл, хөтөлбөрүүдийн явц удаан, хийх ажил асар их байгаа нь жил ирэх тусам хуучны барилгууд цөөрч, байр байдал нь улам бүр дордож байгаагийн, хотын төвийн орон сууцны үнэ, түрээсийн хөлс буурч буйн гол шалтгаан гэнэ.
Түүхэн барилга байгууламжуудаа хадгалж үлдэхээс гадна хүн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нь Санкт-Петербургийн өмнө тулгарч буй бас нэгэн хүндхэн сорилт болжээ. Гэхдээ Лурье нарын хүмүүсийн хэлэх нь хотод нүсэр том бүтээн байгуулалт, төлөвлөлт гэхээсээ нэмж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн тээврийн сүлжээг боловсронгуй болгох, иргэдийн алхаж, зугаалах орчныг сайжруулах, байшин барилгуудыг ялгаж заагласан хашаануудыг цөөлөх зэрэг энгийн өөрчлөлтүүд хэрэгтэй байгаа аж. Хотын төвд ногоон орчин дутмаг байгаа нь Умардын Венецийн өнгө төрхийг ихэд эвдэж буй тухай шүүмжлэх хүн олон.Тиймээс хэд хэдэн ТББ, идэвхтэнгүүдийн оролцоотойгоор хотын ногоон байгууламж, унадаг дугуйн замыг нэмэхээр болжээ. Зөвхөн энэ онд гэхэд Санкт-Петербургийн дугуйн зам 30 гаруй км-ээр нэмэгдэх юм.