Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан танд хүргэж байна. “Их хотуудын цадиг” цувралаар дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг жилийн дараа гэхэд дахин нэг “ном”-той болно.
МӨНХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХОТ
Хахир хүйтэнд олон арван хүн амиа алдаж, улс төр бужигнаантай байсан 1683 оны өвөл Хойд Америк дахь Британийн эзэмшил нутгийн газар хэмжигч Томас Хольм “Филадельфи хотын дүрслэл зураг” нэртэй нэгэн зургийг Лондонд хэвлүүлсэн нь хот газрын сүр жавхлан, эмх журмыг харуулсан ухуулах хуудсархуу зүйл байв. Энэ нь Уильям Пеннийн нэрээр нэрлэгдээд удаагүй байсан Пеннсилванийн колонид (Пеннсилвани нь Пеннийн модод гэсэн утгатай) илүү олон оршин суугч татах гэсэн, орчин цагийн америк мөрөөдлийн сурталчилгаатай төстэй, түүний XVII зууны хувилбар нь байлаа.
Эл зураг дээр зүүнээс баруунтаа хоёр бээр, умардаас хойд руу бээр хэртэй сунасан, хоёр мөрний дундах тэгш дүүрэн тал дахь өргөн цэлгэр гудамжууд, хоорондоо ижил зайд огтлолцсон урт нарийн замуудыг дүрсэлжээ. Шугамлан татсан гудамжуудын дунд, хотын зүрхэн хэсэгт тэг дөрвөлжин талбай байх ба эргэн тойронд нь мөн л өөгүй тэгш зохион байгуулсан, зай талбай том цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. Зургаас мөн төв зам дагуух газрууд хэдийнэ эзэнтэй болсон нь бүтээн байгуулалт ид өрнөж байгаа нь харагдах бол хоосон нүднүүд нь шинээр ирэх хүмүүст ахуй амьдралаа өөд татах боломж дүүрэн буйг илтгэнэ. 300 гаруй жилийн тэртээх сурталчилгааны эл хуудас Пеннсилвани мужийн нийслэл, хамгийн том хот Филадельфийн үе үеийн төлөвлөлт, бүдүүвч зурагт нөлөө тусгалаа үлдээж, өдгөө хэрэгжиж буй “Philadelphia 2035” төслийн эх загвар болжээ.
Филадельфи хотын түүхийг өгүүлэхийн өмнө Пеннсилвани мужид нэрээ “хайрласан” У.Пеннийг танилцуулах нь зүй. Христийн шашны куэкер хэмээх урсгал хөдөлгөөний гишүүн, Английн сэхээтэн тэрбээр Америкийн зүүн эргийг куэкерийнхэн төдийгүй Европын энд тэнд шашны үзлээсээ болж хавчигдан гадуурхагдсан хүмүүсийн амар жимэр амьдрах энхжингийн орон болгохыг зорьжээ. Пеннсилванийн нутаг түүнийхээр бурхнаас илгээсэн бэлэг байлаа. Гэхдээ тус мужийг хөгжүүлж, хот байгуулсан нь Пенн болоод түүний нөхдийн үйл хэрэг гэхээсээ Английн хааны соёрхол байв.
Бэлэн мөнгөөр гачигдаж байсан II Чарльз хаан У.Пеннийн тэнгэрт хальсан эцэг Сэр хэргэмт адмирал Пеннээс зээлсэн мөнгөө төлж чадахгүй болмогцоо 1681 оны гуравдугаар сард түүнд Бальтиморын хойд, Нью-Жерсийн баруун өмнөдөд орших 100-гаад ам.км талбай бүхий нутгийг хүртээжээ. Пенн ердөө сарын дараа эзэмшил газраа “шударга, энэрэнгүй, эрх чөлөөт, аж үйлдвэржсэн нутаг” болохыг сурталчилж, удахгүй байгуулах их хотоо хүн бүрт, үгүйдээ гэхэд цагаан арьст европчуудад ээлтэй байна хэмээн ухуулж эхлэв. (Шинэ нутагт хүчээр хүргэгдсэн африк боолуудын түрүүч 1684 онд Пеннсилванид хөл тавьсан).
У.Пенний төлөвлөснөөр эзэмшил газрынх нь нийслэл хот иргэдийн шашин шүтлэг, улс төрийн байр суурь, ашиг сонирхлыг нь бодолцсон, арилжааны давуу талтай боомт болох учиртай байлаа. Үүний тулд юуны өмнө Делавар мөрний хөвөөн дэх өтгөн ой шугуйг үгүй хийх хэрэгтэй болжээ. 1660-аад онд Лондоныг сүйрүүлсэн удаа дараагийн түймэр, тахалтай холбогдох олон таагүй дурсамж тээж явсан Пенн шинэ хотоо “Хэзээ ч шатахгүй, мөнхөд цэцэглэн хөгжинө” хэмээн итгэлтэй бичиж байв. Тиймдээ ч хотын гудамж бүрийн сүүл хэсэг Делавар мөрөн тийш хандсан байх ёстой, байр сууц бүр өөрийн гэсэн цэцэрлэг, эдэлбэр газартай байвал зохино гэхчилэн заажээ. Түүний санаа бодолд буй болсон хот нь их хөлийнх гэхээсээ англи маягийн, хөдөө буйдын суурин байлаа.
Уильям Пенн 1682 оны намар Америкт ирэхдээ Томас Хольмыг ерөнхий зураглагч буюу хот төлөвлөлтийн зөвлөхөөрөө сонгож, Делавар болон Скулкилл мөрний хоорондох үржил шимт хөндийд шав тавихаар тохирчээ. Хоёр ба түүнээс олон гол мөрний бэлчирт барилга байгууламжуудыг цэгцтэй тараан байрлуулах ийм загвар бүр эрт дээр цагаас улбаатай агаад Томас Жефферсоны бичсэнээр Филадельфи нь эртний Вавилон хотыг санагдуулам байж. Гэхдээ Пенн, Хольм нарын төлөвлөгөөнд Вавилон гэхээсээ Лондоны шинэ загвар илүүтэй нөлөөлсөн нь маргаангүй. 1666 оны түймэрт бараг бүхлээрээ сүйдсэн Лондоныг Ричард Ньюкортын зоримог шийдлээр сэргээн босгосон байдаг. Тэрбээр хотын төв дэх аварга том талбай хот доторх бүх л гудамж, их замын гол зангилаа цэг болохоор, төв талбай нь дөрвөн “дагуул” талбайтай байхаар бүдүүвч зураг гаргажээ. Хэдийгээр Филадельфийг байгуулах үед Лондоны эл дүр зураг дөнгөж бүрэлдэж байсан ч Пенн, Хольм нар чухамдаа энэ л ерөнхий зурагт түшиглэн хотоо тэлсэн байна.
Филадельфид төвтэй уран барилгын VSBA компанийн тэргүүн Дэниел МакКубрейн онцолсноор тус хотын хамгийн онцгой шинж нь нийтийн болоод хувь хүний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, яаж ч ашиглаж болох зохион байгуулалт нь юм. Мэргэжлийн газар хэмжигч анхны зургийг гарган, талбайг нь эн тэнцүү олон хэсэгт хувааж, байгууламж бүрт өөрийн гэсэн газар ногдуулсан нь анхандаа хотын хэсэг бүрийг ил харагдахуйц болгох, улмаар хурдан түргэн зарахад чиглэж байсан. Энэ нь Америкийн газар нутаг баруунтаа тэлж, шинэ хотууд байгуулагдахад мөн онцлог тал болжээ.
Ногоон байгууламжаас гадна төв талбай болон түүнийг хүрээлсэн дөрвөн жижиг талбай нь Филадельфийг ажиллаж, амьдрахад нэн таатай болгосон байна. Өдгөө тэдгээр талбайг тойрон тус тусын онцлог, өвөрмөц давуу талтай соёлын хувьд бие даасан болоод иргэдийн амьдран суух дүүрэг, хорооллууд бий болжээ. Хэдийгээр 1854 оноос хот улам хүрээгээ тэлэхэд Пеннийн төлөвлөсөн болоод огт төлөвлөгдөөгүй хэсгүүдийн уулзвар хэсэгт эмх замбараагүй, бохир орчин үүссэн ч тэр нь хотын үе үеийн удирдлагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд аажим аажмаар цэгцэрсэн байна.
У.Пеннийн цэцэрлэгт хот байгуулах төлөвлөгөө нь Филадельфийг мод бутаар дүүрэн, байгалийн үзэсгэлэн цогцолсон хот болгосноос гадна тэдгээрийг дагасан уран барилга, гадаах хөшөө дурсгал бүтээх бүхэл бүтэн соёлыг ч буй болгожээ. Өдгөө Филадельфи Америкийн аль ч хотоос илүү гудамж, талбай дахь хөшөө дурсгал, уран барилгын бүтээл олонтой аж.
Тус хотын бусад онцлогоос дурдвал, Фэйрмаунт цэцэрлэгт хүрээлэн нь дэлхий дээрх хамгийн том, хот доторх цэцэрлэг, Америкийн түүхэн дэх олон ч анхдагч байгууламжийн хот гэдгийг нь тэмдэглэж болох юм. АНУ-ын номын сан (1731 онд байгуулагдсан), эмнэлэг (1751), хөрөнгийн бирж (1790), амьтны хүрээлэн (1874), бизнесийн сургууль (1881) гээд анхны гэсэн тодотголтой бүхэн чухамдаа энэ хотод бий болжээ. Эдгээр шинж нь Нэгдсэн улсыг үндэслэсэн эрхмүүдийн анхлан чуулсан газар, Америкийн тусгаар тогтнолын тунхаг болоод Үндсэн хуулийг баталсан хот зэрэг онцлогтой нь нийлээд Филадельфийг дэлхийн өвд багтсан Америкийн цорын ганц хот болгожээ.