Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой гэх газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд малаа хариулж явсан иргэн Б бургасан дунд нэгэн хүний цогцос байхыг олж цагдаагийнханд мэдэгдэн, эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн баасан гаригт ч бас цагдаагийнхан тухайн хүний хэн болохыг тогтоохын тулд хэвлэлийнхэнд хандсан юм.
Энэ хугацаанд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй явуулсан байна. Талийгаачийн хэн болохыг энэ сарын 21-нд тогтоожээ. Тэрбээр Төв аймгийн харьяат иргэн Б байсан бөгөөд гаднын нөлөөтэй амиа алдсан нь холбогдох шинжилгээгээр тогтоогдсон байна. Түүний ойрын хамаатан саднууд дунд талийгаачийг эрж хайгаагүй нь сэжигтэй санагдсан тул МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгалтаа лавшруулахад ах дүүс нь нийлж Б-гийн амийг бүрэлгээд бургасан дунд аваачиж цогцсыг нь шатаан ул мөрөө балласан болох нь тодорхой болжээ.
Уг хэрэгт холбогдуулж өдгөө хоёр залуу, нэг бүсгүйг сэжигтнээр саатуулж буй бөгөөд ахуйн хүрээний, гэр бүлийн маргаанаас болж энэ хэрэг гарсан нь батлагдсан гэнэ.