БСШУ-ы сайд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай”, 2015 оны тавдугаар сарын 11-нд “Удирдах зөвлөлийн төлөөллийг батлах тухай”, мөн оны аравдугаар сарын 9-нд “Тээврийн дээд сургуулийн Удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” тушаал гаргаж, тус яамны эрх бүхий албан тушаалтнуудыг их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд томилсон байна.
Тухайлбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнийг АШУҮИС, СУИС, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг МУИС, МУБИС, Тээврийн дээд сургууль, Монгол, Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулганыг МУИС, ШУТИС, АШУҮИС, Тээврийн дээд сургуулийн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгийг ХААИС, Ховд их сургууль, Дорнод дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Монгол, Оросын хамтарсан III бүрэн дунд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн болгосон байдаг. Энэ нь Засгийн газраас тогтоосон “Төрийн захиргааны албан хаагчийг хоёр хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”- аар тусгасантай нийцэхгүй төдийгүй ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохоор байгааг АТГ дүгнэжээ.
Мөн БСШУ-ы сайдын Б/59 дүгээр тушаалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлыг, Б/432 дугаар тушаалаар Энэтхэгийн соёлын төвийн захирлыг, Б/406 дугаар тушаалаар Улаанбаатарын их сургуулийн захирлыг, Б/196 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг болон БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/322 дугаар тушаалаар тус яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын даргаар Ж.Даваасамбууг томилохдоо нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулаагүй нь тогтоогдсон байна.