Хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг бид орчуулан хүргэж байна. Энэ цувралаар танд хорвоогийн түүхэн дэх онцгой 50 хотын түүх цадигийг өгүүлсэн 50 нийтлэл хүрэх юм.
Капитализмын анхны хот
Испанийн II Фелип хаанаас өнөөгийн Болив улсын өмнөд нутагт буй Потоси хотод 1561 онд илгээсэн дурсгалын бамбай дээр “Мөнгөн эрдэнээр дүүрэн энэхүү ариун дагшин уул хүчирхэг хааны эзэмшил болох аваас эзэндээ бүхий л дэлхийг эзэгнэх алтан түлхүүрийг атгуулмой” гэсэн үгс сийлээстэй байдаг.Энэ нь Фелип хаан алс холын Андын нуруун дахь эзэмшил нутгийнхаа асар баялаг эрдэнийн санг тодотгосон хэрэг юм. Шинэ тивийг эзэгнэсэн Испанийн эзлэн түрэмгийлэгчид дан алтаар бүтсэн Эльдорадо нутгийг олоогүй ч цалин цагаан мөнгөөр дүүрэн бүхэл бүтэн уултай болсон нь ердөө 70-хан жилийн дотор загалмайтны ертөнц дэх дөрөв дэх том хот болсон их сууринг хормой бэлдээ сүндэрлүүлжээ. Тэрхүү хот нь Испанийн эзэнт гүрнийг тэтгээд зогсохгүй Хятадаас баруун Европ хүртэлх олон улс үндэстний хөрөнгө мөнгийг арвижуулж байлаа.
Потоси хотын хөгжил цэцэглэлтийн оргил үед буюу XVII зууны эхэн үед Перу нутгийн уугуул иргэд, Африкаас авчирсан боолууд, Испаниас шилжин суурьшигчид нийлсэн 160 гаруй мянган хүн тус хотод аж төрж, ойр тойрных нь олон арван уурхайд ажиллаж байв. Тэр үед Потоси хүн амынхаа тоогоор Лондон, Милан, Севиллийг ч ардаа орхижээ. Мөнгө олборлохын тулд Испанийн колоничлогчид юуны урьд нутгийнхны орон гэрт эзэн сууж, тухайн цагийн хот газрыг тодотгож асан юм бүхнийг барьж байгуулахаас нэг хэсэгтээ татгалзаж байсан нь Потосийг их хөлийн газар гэхээсээ цөөн тооны мөрийтэй тоглоомын газар, театр, сүм зэргээс өөр томоохон барилга байгууламжгүй, өвөрмөц содон хот болгосон байна.
Уурхайн тоос шороонд дарагдан байсан, уулын бэл дэх Потоси хот 140-өөд тээрэм, 22 далангаар хүрээлэгдэн байв. Тэдгээр тээрэмд мөнгийг шигшиж ангилан, мөнгөн гулдмай хийж Америкийн эх газар дахь Испанийн анхны зоосны үйлдвэрүүд лүү илгээдэг байлаа. Хотын эд баялаг гар урчууд, зураачдаас эхлээд эрдэмтэн мэргэд, худалдаачид, сахил санваартнууд, бүр биеэ үнэлэгчдийг хүртэл урин дууджээ. Чухам энэ л хотын нөлөөгөөр Альтипланогийн тэгш өндөрлөг Испанийг дэлхийн их хүчин болгосон гол газар болон хувирсан байна.
Потоси хотын сүлд тэмдэг дээр “Би бол ертөнцийн үнэт хөмрөг, уулсын хаан, хаадын сүр, баян чинээлэг Потоси билээ” гэсэн үгс байлаа. Баян чинээлэг хэмээн тодотгосны учир нь тус хот капитализмын анхдагч, үндсэн хэрэглээ болох мөнгийг, өөрөөр бол зоосыг бусад улс гүрэнд нийлүүлж байсантай холбоотой. Зохиолч Жек Ведерфордын онцолсноор Потоси нь чухамдаа уг шинжээрээ капитализмын анхны хот болох юм. Тус хотоос нийлүүлж асан, мөнөөхөн эрдэнээр дүүрэн уулнаас олборлосон мөнгө нь дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж, худалдаа арилжааны арга ухааныг шинэтгэсэн байна.
Потосийн мөнгийг 1570-аад оноос олборлож эхэлжээ. Испаничууд нутгийн уугуул индианчуудыг Потоси руу хэдэн зуун км-ийн холоос ч хамаагүй албадан дайчилж, уулын уруу өдөрт дунджаар тус бүр нь ойролцоогоор 45 кг жин татах 25 шуудай мөнгө зөөлгөдөг байж. Цаг агаарын таагүй байдал, уурхайн гүн дэх чийгшил зэргээс болж тэдгээр индианчууд хэдэн арваараа амиа алдаж байлаа. Нэгэн уурхайн даамлын тэмдэглэн үлдээснээр даваа гаригт уурхайн гүн рүү орсон нутгийн 20 иргэнээс лав арав нь бямба гариг гэхэд эрэмдэг зэрэмдэг болдог байжээ. Потосийн мөнгө ихтэй мөнөөх уулыг Куэчуа хэмээдэг байсан нь “хүн иддэг уул” гэсэн утгатай юм. Альтиплано дахь хүн “иддэг” олон уулыг Испанийн хаант улсын түшмэл, Перугийн ван хэргэмтэй Толедо хэмээх ноён бүр ч хар дарсан зүүдний, тамын орон болгон хувиргажээ. Тэрбээр албадан дайчлах индианчуудын тоог даруй хэд дахин өсгөж, уурхайн цооногийн тоог нэмсэн байна.
Гэхдээ Толедо вантан хахир хатуу бодлогынхоо хажуугаар уурхайн жижигхэн сууринг их хот болгох ажил өрнүүлжээ. Илүү олон байр сууц барихын тулд балчиг намагтай болон намгархаг газрыг хатааж, хотын доторх испани болоод индиан суугчдын хашаа хороог ангилан зааглаж өгөв. Мөн уулнаас олборлосон үлэмж хэмжээний мөнгийг боловсруулах үйлдвэрийн үүрэг гүйцэтгэж байсан их, бага олон тээрмийг усаар тэтгэхийн тулд суваг шуудуу татан, таван ч хиймэл нуур үүсгэв. Тэдгээрийн дунд мод суулгаж, дээгүүр нь гүүр барин, байр сууцнуудын дундах задгай талбай, худалдааны захад хүрэх зам хүртэл тавилаа. Харамсалтай нь энэ бүх хичээл зүтгэл, бүтээн байгуулалт нь талаар болж, уурхай дахь аюул ослоос гадна олныг хамарсан үймээн самуун, байгалийн гамшиг, далайн түвшнөөс дээш 4000 метр өндөрт өргөгдсөн газрын эрс тэс орчин зэргээс болж Потоси хэдхэн жилийн дотор Үхлийн хот гэгдэх болжээ.
Уурхайн эзэд хоорондын дайсагнал, испаничууд болон индианчуудын дундах зөрчил мөргөлдөөнөөс болж хотод шинэ хүн ч төрөхөө больж, төрсөн ч эндэх нь ихэссэн байна. Хот байгуулагдсанаас бараг 40 жилийн дараа буюу 1564 онд хожмоо эрүүл саруул бойжих анхны испани хүү мэндэлсэн гэх жигтэй баримт ч бий. Харин 1624 онд болсон үерээр Сан Сальвадор гэх далан нурж, хотын индианчуудын хэсэг усанд автан 200 гаруй хүн амиа алдсан, 1627 онд уурхайн эздийн хөлсний ажилчид хоорондоо зэвсэглэсэн тулалдсан зэрэг явдал нь Потосийн байдлыг бүр ч дордуулжээ.
Альтиплано дахь Испанийн эзэмшил нутагт нэвтрэхэд хэдийгээр тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан ч ажил албагүй олон зуун испани эр худалдааны хөлөг онгоцонд нууцаар суун, Потосид хүрдэг байв. Бүр хөлгийн багийн гишүүд, усан цэргүүд хүртэл мөнгөн эрдэнээр дүүрэн уулнаас хишиг хүртэн, хөлжиж баяжих гэж оноолт ажлаа орхин зугтсан тохиолдол ч гарч байлаа. Удалгүй Баскийн ноёлох ангийнхан Потосид суурьшсан нь бүлэглэл хоорондын дайсагналыг бүр ч хурцатгаж, хотын эргэн тойрон дахь олон уурхайг эзэмших гэсэн хөрөнгөтнүүдийн дундах олон арван жил үргэлжилж, хэдэн мянган хүний аминд хүрсэн тэмцэл гаарчээ.
Потосийн “Хүн иддэг уул”-ын эд баялаг дундрахтай хамт Эльдорадо гэх газрын тухай дам яриа ч үлгэр домог болох нь нотлогдож, оргил үедээ 160 мянга байсан хотын хүн ам XVII зууны эцэс гэхэд 60-аадхан мянга болтлоо буураад байлаа. Хятадын Мин гүрэн рүү “цутгаж” асан Потосийн мөнгө, мөнгөн эдлэлүүд инфляц буюу ханшны уналт үүсгэж, хотын нэр хүндийг ч, импортын гол бүтээгдэхүүнийг нь ч үнэгүйдүүлжээ. Энэ нь Потосийн дэлхийн хот гэгдсэн зурвасхан түүхийн төгсгөл юм.
Хэдийгээр ийм товчхон түүхтэй, тун богинохон хугацаанд мандаж, тэр хэрээрээ хурдтай уруудан доройтсон ч Потоси хот хэдэн зууны түүхтэй их хотуудаас ч илүү орчин цагийн дэлхий ертөнцийн өнгө төрхийг өөрчилжээ. Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” хэмээх алдарт бүтээлд дурдсанчлан Потосийн мөнгө л Испанийн эзэнт гүрнийг Британи, Оттоман, Нидерланд, Францын өмнө гуйвшгүй бат зогсоход нь тусалж, ихэс дээдсүүдийнх нь сан хөмрөгийг дүүргэж байлаа. Потосигоос олборлосон мөнгө дэлхийн зах зээл дэх бүх мөнгө, мөнгөн эдлэл, зоосны 60 хувийг эзэлж байсан үе XVI, XVII зуунд хэд хэд тохиожээ. Тэр бүх мөнгөөр зарц боолуудаас гадна бөс даавуу, халуун ногоо зэрэг онцгой чухал бараа бүтээгдэхүүнийг хэд, хэчнээнээр нь худалдаалж, солилцож байсныг, тэр нь олон орны түүх, соёлд ямархан нөлөө үлдээснийг тооцоолж хэмжихийн аргагүй юм.
Потоси хот Симон Боливарын удирдсан 1825 оны эрх чөлөөний тэмцэл хүртэл хэдий жижигхэн ч уурхайн суурин хэвээр байсан бол өдгөө уг хотын мөнгөн эрдэнийн ундарга байсны ул мөр гагцхүү түүх домог, ном зохиолд л үлджээ. Тухайлбал “Кихот ноён” роман дахь “Потосийн үнэд хүрэх” гэх хэлц асар үнэтэй зүйлийг хэлдэг бөгөөд энэ үг испани хэлтнүүдийн дунд өнөө ч түгээмэл хэрэглэгддэг байна. Харин үлгэр домгийн тухайд испаничуудын Потосигоос хулгайлсан бүх мөнгөөр Андын нуруунаас Мадрид хүрэх цэвэр мөнгөн гүүр барьж болно, тэндээс буцаад Потосид ирэхэд уурхайд амиа алдсан найман сая индиан хүний ясаар зам тавьж хүрнэ гэсэн ам дамжсан яриа олны дунд ихэд түгжээ.
Одоогийн Потоси хот хуучин хотыг битүү бүрхэн, түүхэн ул мөрийг нь баллах мэт “Хүн иддэг уул”-ын хормой бэлийг хүртэл хучин тэлсэн байна. Уул гаднаасаа урьдын адил харагдах ч дотроосоо “үйрч” байгаа аж. 500 гаруй жил ухаж сэндийчсэний ор хаа сайгүй бөгөөд 2011 онд орой хэсэг нь гэнэт нурж сүйджээ. Хотын ойр орчимд цайр, тугалганы жижигхэн уурхайнууд бий. Ганц хоёрхон мөнгөний уурхай байдаг ч эрт нэгэн цагийнх шиг их хэмжээний мөнгө олборлох нь ховор, тэдгээр уурхайд ажилладаг боливчууд тэртээ 500 жилийн өмнөх Перу нутгийн индианчууд шиг хүнд хүчир ажил, аюултай орчноос болж амиа алдах нь их гэнэ.
Орчин цагийн Потоси хотын юм бүхэн хуучирч муудсан, хоосорч үгүйрсэн мэт харагдах ч эндхийн баялаг Ялагдашгүй Армадагийн хамт их далайн гүнд, Арабын султан, ноёд түшмэдийн үнэт эдлэл дунд, Мин гүрний үнэт хөмрөг дотор найдвартай гэгч нь хадгалагдан байна. Потосийн мөнгө хүрээгүй газар дэлхий дээр тун цөөхөн юм.