Хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг бид орчуулан хүргэж байна. Энэ цувралаар танд хорвоогийн түүхэн дэх онцгой 50 хотын түүх цадигийг өгүүлсэн 50 нийтлэл хүрэх юм.
Мартагдсан гүрний алдагдсан нийслэл
Өөгүй тэгш гудамж талбай, Хятадын Их цагаан хэрэмнээс ч урт хана бэхлэлттэй байсан Бенин хот Лондон тэргүүтэй хожмын их хотуудыг өнөөгийн өнгө төрхөө олоогүй байхад, түүхчдийн бичсэнээр тэднийг алуурчин, дээрэмчдийн үүр ноохойгоос хэтрэхгүй шахам байх цагт дэлхийн хамгийн сайн төлөвлөгдсөн, хамгийн хөгжингүй хотын нэг байлаа. Энэ бол таны магад хэзээ ч дуулаагүй, Дундад зууны үеийн, эдүгээ алдагдаж мартагдсан их хотын түүх юм. Шавыг нь тавих цагт Эдо нэртэй байсанБенин хот европчуудыг Африкт эзэн суухаас өмнө буюу колоничлолын эринээс өмнөх үеийн эдо үндэстний байгуулсан Бениний эзэнт гүрний нийслэл байв. Өнөөгийн Нигери улсын өмнөд хэсгийг эзлэн байсан уг гүрэн(одоогийн Бенин улс өмнө нь Дагоми нэртэй байсан агаад Бениний эзэнт гүрэнтэй ямар нэг холбоогүй)XI зуунд анх сэргэн мандсан, баруун Африкийн түүхэн дэх хамгийн эртний, хамгийн хүчирхэг орны нэг юм.
“Гиннес”-ийн номын 1974 оны цуврал дээр тэмдэглэснээр Бенин хотын хана хэрэм механикжсан эринээс өмнөх үеийн дэлхий дахинд хүний гараар бүтсэн хамгийн том байгууламж байжээ. “New Scientist” сэтгүүлийн нийтлэлч, түүхч Фред Пирс Бениний ханыг нэгэн цагт Цагаан хэрэмнээс дөрөв дахин урт байсан тухай, Египетийн алдарт Хеопсийн их сац суваргыг барьснаас хэдэн зуу дахин илүү материалаар бүтсэн талаар бичсэн нь бий.
Торох нэгээхэн ч зүйл үгүй, нүд алдам тал хөндийд сүндэрлэн байсан Бенин хот өмнөд захаараа олон том ханатай, хойд захаараа гүнзгий гэгч нь ухаж зассан гуу жалгатай байжээ. Гадаад их хана нь доторх олон арван жижиг ханаа хашиж хүрээлнэ. Тэдгээр нь нийслэл хотын гудамж талбайг ангилж тусгаарлан, тус тусын зохион байгуулалттай 500-гаад гацаа тосгон, орчин үеийнхээр бол хороо, дүүрэг үүсгэдэг байж. Пирс түүхчийн бичсэнээр тэр бүх хана нь нийтдээ ойролцоогоор 16 мянган км урт байсан нь 6500-гаад ам.км талбай эзлэхүйц юм. Хэрэв энэ тооцоо үнэн бол тэр бүх хана хэрэм, тэдгээрийн доторх байр сууцыг барих гэж Эдогийн ард иргэд нийт 150 сая цагийг зарцуулсан байж таарна.
Бенин хот мөн гудамжны байнгын гэрэлтүүлэгтэй болсон, түүхэн дэх анхны хотын нэг юм. Төмөр гадартай, далдуу модны тосон голтой, олон цагаар асах чийдэнгүүд гудамж бүрийг эгнэн байсан тухай, хааны ордны ойролцоо бүр ч олон гэрэл асдаг байсан тухай нь баримт сэлт цөөнгүй.
Португалчууд хотыг анх 1485 онд нээхдээ Африкийн их ой ширэнгийн гүн дэх тал хөндийд байх хэдэн зуун сууринг нийлүүлсэн цогцолбор бүхий эзэнт гүрний нийслэлийг гайхаж бишрэн, дуу алдсан байдаг. Тэд хотыг Бениний их хот хэмээсэн нь африкчуудыг аливааг бүтээн байгуулах чадваргүй, дорд гаралтай гэж үзэж байсан тухайн цагийн европчуудаас гарахааргүй бахдал, хүндэтгэлийн илрэл байв.
Португалын нэгэн хөлөг онгоцны ахмад Лауренцо Пинто 1691 онд ар гэртээ илгээсэн захидалдаа “Их Бенин хот Лисабоноос ч том юм. Хотын барилга бүр цэлгэр саруулхан агаад хааны өргөө нь бүр ч сүрдэм сайхан. Өргөөний доторхийг гоёмсог хээ угалзаар ороолон чимэглэж, олон арван багана босгожээ. Хотынхон бүгд бэл чинээтэй, ганган хээнцэр улс. Тэд дээрэм тонуул гэдгийг үл мэднэ. Ард, ноёд ялгаагүй бүгд эвтэй найртай аж төрнө. Тиймээс байр сууцнууд нь цоож цуурга бүү хэл, хааж халхлах үүд хаалга ч гэх юмгүй юм” гэж бичжээ.
Бениний зураг төлөвийг одоо цагт Африкийн бутархайн систем гэж нэрлэдэг аргачлалаар гаргасан байна. Энэ талаар тусгайлан судалж “Африкийн өв ба бутархайг бүхэлчлэх ухаан” нэртэй ном бичсэн математикч Рон Эглашийн тайлбарласнаар нэг гаргасан загвараа ахин дахин ашиглах, тэгэхдээ хэмжээг нь томруулсаар эмх цэгцтэй, математикчлалын аргаар тооцвол дэс дарааг нь түвэггүй олж болох олон давхар байгууламж барих нь уламжлалт африк барилгын онцлог юм.
Бенин хотын төвийг эзлэн байсан хааны өргөөнөөс тус бүр 35 метр өргөн, яг ижил урттай 30 гудамж зүг бүрт салаалж, тэдгээр нь дор бүрнээ ус зайлуулах хоолой, цааш салаалсан олон жижиг гудам, туслах замтай байжээ. Туслах зам бүрийн дунд ширэг зүлэг байсан нь хотын захаар сэлгүүцэх ан амьтдад зориулагдсан байв.
Харин байр сууцнууд нь хоорондоо яг ижил зайтай баригдаж, дотор хана нь, ялангуяа сурвалжит язгууртнуудын гэр бол хана туурга, адар тааз нь бүхлээрээ зүйл бүрийн хээ угалз, элдэв дүрс тэмдэглэгээ, зэрлэг ан амьтад, эртний баатруудын дүр зэргээр чимэглэгдсэн байсан тухай XVII зууны үеийн голланд аялагч Ольферт Даппер тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр өөр нэгэн сонирхолтой тэмдэглэлдээ хотын төвийн барилга байшин бүрт цэвэр усны худаг байсан тухай, зарим чинээлэг айл гэрийнхээ нэг ханыг нэгэн төрлийн зуурмагаар өнгөлөн, түүнийгээ хатахад гялалзтал арчиж зүлгэсээр толь бүтээдэг тухай дурдсан байна.
Бениний эзэнт гүрэн дэх эдо айл өрхүүдийн сууц ихэнхдээ гурван хэсэгтэй байж. Голын буюу үүд рүү, зам руу хандсан хэсэг нь өрхийн тэргүүн, нөхөр хүний тасалгаа бол баруун талынх нь эхнэр хүүхнүүдийн, зүүн талынх нь залуу хөвгүүдийн өрөө байлаа.
Хотын өдөр тутмын амьдралыг дүрслэн бичсэн аялагч, түүхчдийн тэмдэглэлийг харахад Бенин хот цагаан, шар, хөх, ногоон хослуулсан өнгөлөг, дэгжин хувцастай хүн зон айвуу тайвуухан холхисон, задгай зах, томхон талбайд нь аливаа маргаан мэтгэлцээнийг шүүн таслах түшмэд тухалсан, хулгай дээрэм, өлсгөлөн гуйланчлал гэж үгүй, засаг захиргааны зохион байгуулалт нь зэгсэн сайн, цэвэр цэмцгэр газар байж.
Хот 11 хэсэгтэй, дор бүрнээ хааны өргөөний загварын жижгэрүүлсэн хувилбар адил баригдсан захиргааны байртай, түүнийг нь тойрсон олон арван худалдаа, үйлчилгээний газартай байсныг гэрчлэх нэлээд хэдэн баримт бий. Хотын оргил цэцэглэлтийн үед буюу XII зуунд, өөрөөр бол Европын Сэргэн мандалтаас ч өмнө Бениний их хотын хаад, ихэс дээдсүүд зүг зүгийн зураач, гар урчуудыг урин залж, үлэмж хэмжээний үнэт эдлэл, ангийн арьс зэргээр шагнан, хотынхоо барилга байшингуудыг чимэглүүлж, олон арван хүрэл хөшөө бариулсан байх юм. Чухам тэдгээр хөшөө баримал, уран нарийн чимэглэл бүхий барилгууд нь Бениний эзэнт гүрэнд хөл тавьсан анхны европчуудын гайхал, бишрэлийг төрүүлсөн байдаг. Европын орнууд төд удалгүй уг баян чинээлэг орноос зааны яс, далдуу модны тос, чинжүү зэргийг худалдан авах болжээ. Африкийн гүн дэх үзэсгэлэнтэй сайхан хотын тухай яриа XVI зууны эхэн үе гэхэд Европын бараг улс бүрт хүрээд байлаа.
Харамсалтай нь, орчин цагийн бидний аз дутахад тэрхүү үзэсгэлэнт хотын нэг ч хана хэрэм, барилга байшин бүрэн бүтэн үлдсэнгүй. Бенин хот их түүхийн адал, адармаатай ээдрээ нугачаанд бүдгэрсээр, эцэстээ цагийн шуурганд баларч алдагджээ. Бениний эзэнт гүрэн XV зууны дунд үеэс уруудан доройтсон нь европчуудын түрэмгийллээс үүдсэн дотоодын үймээн самуун, хил орчмын нутагт нь дэлгэрсэн боолын худалдаатай холбоотой байв. Харин хотыг британи цэргүүд 1897 онд тонож дээрэмдэн, галдан шатааж, нэг мөр эвдэлж сүйтгэжээ.
Одоогийн Нигери улсын Эдо мужийн нутаг дахь Бенин хот хэдийгээр эртний хотын буурин дээр боссон ч нэр нэгт хотынхоо сүр жавхааг өвлөөгүй юм. Тус хотын жуулчдад зориулсан гарын авлагаас Дундад зууны үеийн их эзэнт гүрэн хийгээд нийслэл хотынх нь талаар нэг ч үг олдохгүй. Их Бенин хотоос үлдсэн байх магадтай туурь балгас, хөшөө дурсгалын хэлтэрхийг ч засаж тордон, хүндэтгэн залсан нь үгүй. Обасагбон дүүрэгт байх Эноги Айкориоги түшмэлийн өргөө нэртэй, XIX зууны эхээр баригдсан, нэг хэсэг нь нурж сүйдсэн ганц байшин л Бениний их хотоос үлдсэн цорын ганц өв гэгддэг атал түүнийг ч түүхийн дурсгал шиг харж хамгаалдаггүй. Тиймээс Бениний эзэнт гүрний түүх соёлтой илүү сайн танилцаж, эртний эдо хүмүүсийн ур чадвар, бүтээн байгуулах авьяас билгийг нүдээр харъя гэвэл өнөө цагийн бидэнд Лондоны төвд байх Британийн түүхийн музей дэх “Бениний хүрэл хөшөө дурсгалууд” гэсэн хаягтай танхимыг зорихоос өөр сонголт үгүй юм.