Хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг бид орчуулан хүргэж байна. Энэ цувралаар танд хорвоогийн түүхэн дэх онцгой 50 хотын түүх цадигийг өгүүлсэн 50 нийтлэл хүрэх юм.
Эмх цэгцийн гайхамшиг
Хятадын Хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд Бээжин хотыг хэдэн мянга дахин жижгэрүүлсэн, ихээхэн чимхлүүр хийцтэй, асар том загвар бий. Хятадын 22 сая хүнтэй нийслэл хотыг ингэж ганц танхимд багтаана гэдэг тун амаргүй ажил. Барилга байгууламжийнх нь тоо бараг өдөр өнжилгүй нэмэгддэг, одоо л гэхэд 1000-аад км хүрч үргэлжлэх долоо дахь тойрог зам нь баригдаж буй, хурдтай өргөжин тэлж байгаа их хотын өөрчлөлт тус бүрийг тухай бүрт нь энэ загварт оруулдаг. Хотдотор байхад буюу бодит байдал дээр харж, мэдэрч чадахааргүй нэгэн онцгой зүйлийг эндээс анзаарч болно. Тэр бол эмх замбараагүй мэт үзэгдэх мянга мянган байшин барилгын “овоолго”-ыг тэг дундуур нь зүссэн эгц шулуун шугам юм. Хотын төвд орших Хориотой хотоос татсан хориод км урт уг шугам Бээжинг умард, өмнөд тэнхлэгт эн тэнцүү хуваах аж.
72 га талбай эзлэн орших Хориотой хот буюу эзэн хааны өргөө нь тогтоол ус руу цүлхийтэл шидсэн чулуу адил олон давхар тойрог бүхий зам харгуй, хана хэрэм үүсгэн оршдог. Нарийн зохион байгуулалт, хэдэн давхар хана, өндөр өндөр дааман хаалгууд нь Бээжингийн бүхий л дүүрэг, хороо гудам, бүр айл өрхүүдийн энгийн сууцад хүртэл тусгалаа олж, хотын эх загвар болсон мэт харагдана. Энэ нь ердийн тохиолдол биш ээ. Бээжин хот анхнаасаа л эв найрсал, эмх цэгцийг чухалчилсан, иргэн бүрийг эзэн хааны хараан дор нэгтгэх засаг захиргааны төв байхаар төлөвлөгдсөн байна. Энэ их хот засаг төрийн хэмжээгүй эрхийн илрэл болсноороо дэлхийн өөр аль ч хоттой харьцуулахааргүй юм.
Гурван мянга гаруй жилийн тэртээ Жи хэмээх нэртэй байгуулагдсан Бээжин хотын одоогийн зохион байгуулалтын суурь загварыг Мин гүрний (1368-1644) эхэн үед эзэн хаан Юнлө улсын нийслэлийг Наньжинаас нүүлгэн шилжүүлсний дараа түүний ноёд түшмэд гаргажээ. Тэд шинэ нийслэлийн зураг төслийг “Као Гон Жи” буюу “Урлахуйн ухаан” хэмээх, МЭӨ V зууны үеийн Жоугийн улсын “Жоугийн дэг ёсон” нэртэй, Күнзийн ном сургаалын дагуу бичигдсэн судрын чуулганы нэгэн бичгийг түшиглэн боловсруулсан байна.
Хот төлөвлөлттэй холбогдох, дэлхийн хамгийн эртний бичгийн сурвалжийн нэг “Као Гон Жи” нь умард, өмнөд тигийг хэрхэн тогтоохоос эхлээд хөдөө буйдын, бүс нутгийн, улс гүрний нийслэлүүд өөр хоорондоо ямар ялгаатай байх, тэдний байршлыг яаж зөв олох зэргийг заасан нэн дэлгэрэнгүй гарын авлага юм. Уг бичигт улсын нийслэлийг “Хааш хааш есөн ли (нэг ли нь ойролцоогоор 50 метр) газар эзлэн байна. Дотоод талбайг нь эн тэнцүү есөн хэсэгт хуваана. Энэ нь эзэнт гүрний есөн аймгийг бэлгэднэ. Харин хана хэрэм бүр гурван хаалгатай байх нь ертөнцийн гурван бодьгал болох хүмүүн төрөлтөн хийгээд газар, тэнгэрийг илтгэнэ. Эдгээр нь нийлээд жилийн 12 сарыг илэрхийлнэ. Хотын төв цэгт Дундад улсын их эзэн хаан ганц нийслэл хотоо төдийгүй улс гүрнээ, бүхий л даян дэлхийг захиран сууна” гэхчлэн тов тодорхой заажээ.
Гэхдээ эртний хан үндэстэн Тэнгэрийн хөвүүн буюу эзэн хааныхаа хэмжээгүй эрх сүрийг дархлан тогтоох асуудалд илүүтэй анхаарч байснаас биш, үй түмээр тоологдох ард иргэдийнхээ урсгал хөдөлгөөнийг зохицуулахад тэгтэл зорьж ажиллаж байсангүй. Харин хааны эрх мэдлийг сахин хамгаалахын төлөөнөө нарийн дэг жаягтай орд өргөө байгуулж, түүнийгээ ертөнцийн төв адил санан, тойруулан хот хүрээгээ тэлж, тэр л эрдэм ухаанаа үеэс үед өвлүүлж ирсэн нь мөнөөхөн олон түмний явдал суудлыг засаг төрөөс шууд шийдэх хэргийг аяндаа бүтээж өгчээ.
Тэртээ XIII зуунд, Мин гүрэн мандан бадарч, хотыг засаж сайжруулахаас ч өмнө Бээжинд хөл тавьсан Марко Поло хотын эд баялаг, өнгө үзэмжийг бахдан биширч “Ертөнц дээр энэ хоттой эгнэх газар үгүй” гэж тэмдэглэж байлаа. Харин эзэн хаан ЮнлөXV зууны дунд үе гэхэд хотын10метр зузаан ханыг бариулж дууссаны дараа Бээжин дэлхийн хамгийн том хотболжээ. Энэ алдар нь XIX зууны эхэн үе хүртэл хадгалагдсан байна. Бээжин хот XV-XVI зууны үед үнэхээр ч хамгийн эртний соёл иргэншилт, хамгийн баян чинээлэг гүрний нийслэл хотоос гадна шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн төв болоод байлаа. Тэр цаг бол европчуудын дөнгөж Харанхуй үеийг гэтлэн даваад байсан үе билээ.
Хот газрыг төрт улсын хийгээд нийгмийн зохион байгуулалтын төв цэг, гариг эрхсийн хөдөлгөөн хийгээд арга, билгийн хослолыг биежүүлсэн онцгой дагшин газар болгох нь өрнийн соёл иргэншилд бараг байгаагүй, ер ойлгомжгүй зүйл юм. Ерөөс дорно дахины бэлгэдэл зүй гэдэг бараг л шинжлэх ухааны нэг салбар болтлоо хөгжсөнийг Хятадын үе үеийн эзэн хаад нийслэл хот, орд өргөөнийхөө бүтэц, зохион байгуулалт, төрийн хэрэг, ард иргэдийнхээ өдөр тутмын амьдрал гээд бүхий л зүйлд гүн шингээж иржээ. Бээжин ч мөн энэ жишгийн гадна үлдсэнгүй. Хотын зүүн талын хаалга зөвхөн арвай буудай оруулж, гаргахад зориулагдсан байсан нь зүгийн сайныг чиглэсэн, ургац арвин байхыг бэлгэдсэн бол хойд этгээдэд хандсан хаалгыг зөвхөн шороо, чулуу зөөвөрлөхөд ашигладаг байж. Харин өмнөд зүг рүү харсан хаалга нь худалдааны гол зам руу чиглэж, хотын гаднах задгай захад хүргэнэ. Тухай бүрийн гадна хүнсний, барилгын материалын, эд барааны гэхчлэн худалдаа зээлийн газар байлаа.
Эрт, эдүгээгийн Хятадад бүх зүйл эмх журмын дагуу явагдаж ирсэн нь Күнзийн сургаалын гүн гүнзгий тусгал юм. Энэ талаар “Хотожсон Хятадын нийгмийн зохион байгуулалт, засаг захиргааны бүтэц” номын зохиогч Дэвид Брэй хэмээх эрдэмтэн, доктор “Күнзийндэг ёсны талаарх сургаал номлолууд Хятадын юм бүхнийг, тэр дундаа Бээжингийн зохион байгуулалт, төлөвлөлтийг эмх цэгцийн гайхамшиг болгосон” гэж тэмдэглэсэн нь бий.
Хориотой хотын доторх нийт 9000 өрөө бүхий их, бага өргөө, танхим, тасалгаа, хүзүүвч зэрэг нь төрийн шатлан захирах ёсыг нэг бүрчлэн илтгэдгийн адил ордны ойр тойрны байр сууцнуудад гэр бүлийн гишүүдийн тус тусын өрөө, булан тохой байдаг нь Күнзийн сургаал дахь гэр бүлийн дотоод журам, захирах захирагдах ёсны илрэл билээ. Хятадын уламжлалт сууцны хамгийн хойд хэсэгт өрхийн тэргүүн болон түүний эхнэр, хуучин цагт бол их, бага хатад, татвар эмсийнх нь өргөө байх бол зүүн жигүүрт нь тухайн гэр бүлийн доторх хоёрдугаар зэргийн эрэгтэй гишүүн болон түүний гэр бүл, баруун жигүүрт нь гуравдугаар зэргийн эрэгтэй болон түүний гэр бүл, харин гадаах гудамтай хамгийн ойр буюу өмнөд хэсэгт нь зарц, үйлчлэгч, тогооч нар сууна.
Хэдэн зуун жил мөрдөгдөж ирсэн энэхүү ялгаж зааглах ухаан, хэдэн давхар хана хэрэм босгох арга Хятадыг бүгд найрамдах засаглалтай болсны хойно, Мао Зэдуний үед ч амь бөхтэй байлаа. Тэрбээр чухам энэ л уламжлалаас санаа авч хагас автономит эрхт ажил албаны нэгтгэл буюу данвэй хэмээгдэх нэгж, түүний бүхэл бүтэн тогтолцоог үндэслэсэн нь коммунист үзэл суртлыг дэлгэрүүлэх талаасаа, ажил үүргийн хуваарилалтыг зохицуулах талаасаа ч ончтой мэргэн арга байв. Данвэй бүрт иргэдийн байр сууцнаас эхлээд ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн газар, худалдаа, үйлчилгээний цэг, угаалгын газар зэрэг байсан нь хотын доторх хотуудыг үүсгэжээ. Иргэдийн амьдрал дахь бүх л чухал үйл явдалд харьяат данвэйнх нь захирагч, дарга нар оролцох бөгөөд энгийн ард өрх тусгаарлах, гэр бүлээ цуцлуулах, бүр үр хүүхэдтэй болохдоо хүртэл захирагч нараасаа зөвшөөрөл авдаг номтой байж.
Өдгөө эл ёс үгүй болж, улсын мэдэлд байсан олон ч газар хувьчлагдсан хэдий ч Бээжингийн хана хэрэм бүхий, эмх цэгцийг чухалчилсан загвар нь улам бүр төгөлдөржсөөр байна. Хотын өмнөд захад байх 7000-аад хүнтэй Шоубаожуань тосгон орох замд “Бүх зүйл байрандаа байх аваас гэмт явдал буурч, ард олон аюулгүй амьдарна” гэх бичиг хадаатай байдаг нь ганц Бээжингийн төдийгүй Хятадын хотжилтын түүх, онцлогийг илтгэх үг юм. Одоогийн Бээжин хот 16 дүүрэгт хуваагдаж, тэдгээр нь цааш 119 дотоод хот, 24 дагуул хот, таван бага хот, 125 дэд дүүрэг гэгчлэн хуваагддаг нь ч өнөөх эртний түүхт хана хэрмүүдийн нөлөө билээ. Тэдгээр хот, дүүргүүд дор бүрнээ тус тусынхаа хэргийг мэдэж, төр хэмээх ганц “ордон”-доо захирагдмуй. Аль нэгийнх нь барилга байшин нөгөөгийнхөө хил хязгаарыг давах нь үгүй тул Хятадын нийслэл ирэх хэдэн зуун жилд ч эмх цэгцтэй, хот төлөвлөлтийн үлгэр жишээ хот байх нь дамжиггүй.