Хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг бид орчуулан хүргэж байна. Энэ цувралаар танд хорвоогийн түүхэн дэх онцгой 50 хотын түүх цадигийг өгүүлсэн 50 нийтлэл хүрэх юм.
Шавраар бүтсэн шад
Багдад хот өнөөдөр дайн дажны хөлд сүйдэж, гүнд нь байгаа хүмүүсээс өөр гаднын хэн ч мэдэрч, төсөөлж чадахааргүй гай зовлонд нэрвэгдээд байгаа. Гэтэл 1250 жилийн тэртээх үүсэл бүрдэл нь хот суурингийн төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх гайхамшигт явдал, аугаа ололт байлаа. Уг хот гагц зохион байгуулалт, ур хийцийн хувьд бус, дэлхийн урлаг соёлын чигийг заагч Алтан гадас од нь болсноороо алдар сууг олжээ.
Багдад хэдийгээр олон зууны түүхтэй авч тийм ч эртний хот биш юм. Нийтийн тооллын 762 онд Аббасидын халиф буюу исламын хатуу номт Ялагдашгүй хэмээгдэх их хаан Аль-Мансурын зарлигдсанаар шинэ эзэнт гүрнийх нь нийслэл болон боссон уг хот Ниневи, Ур, Вавилон зэрэг Месопотамын түүхэн хотуудтай харьцуулахад “залуу” гэгдэнэ. Харин хүний түүхэн дэх хамгийн эртний суурингуудын нэг, МЭӨ 3200-гаад оны үед шавыг нь тавьсан, түүхийнхээ оргил үед 80-аад мянган оршин суугчтай байсан гэх Месопотамын өөр нэгэн эртний хот Уруктай жишвэл бүр ч “нялх” юм.
Орчин цагийн бид Багдадын туйлын нямбай, онцгой содон төлөвлөлтийн талаар хотыг барьж байгуулж байх үед хамаарах бичгийн хэдэн арван сурвалжаас чамлахааргүй ихийг мэдэх билээ. Тухайлбал, Мансур хаан шинэ нийслэлээ барих тохиромжтой газар эрж, Тигр мөрний эргээр өгсөж уруудан байхуйдаа исламын шүтлэгтнүүдээс өмнө уг мөрний бэлчирт нутаглаад байсан загалмайн шашны эртний салбар урсгал болох несторийн мөргөлтнүүдтэй таарч, тэдний зөвлөсний дагуу уур амьсгал нь таатай гэх байршлыг сонгосон тухай нэгэн түүх үеэс үед өвлөгдсөнөөр энэ зуунд хүрчээ.
“Гүрэн улсуудын шаштир” номын зохиогч, IX зууны Арабын нэрт түүхч, газарзүйч Якубийн тэмлэглэн үлдээснээр Евфрат мөрөнтэй ойр, худалдааны зам дагуу байршил нь Багдадыг “ертөнцийн олон салаа замын уулзвар” болгосон байна. Түүнийг ийн бичиж байх үед Энх амгалангийн хот нэртэй байсан Багдад хэдийнэ дэлхийн төв гэгдэж, тухайн цагийн хамгийн нэр цуутай эрдэмтэн мэргэд, одон орон судлаачид, хөгжимчид, найрагчдын зорин чуулдаг, заримынх нь амьдран суудаг газар болоод байлаа.
Мансур хааныг байршлаа эцэслэн тогтосны дараа хотын загварыг гаргах их ажил ундарчээ. Өнөө цагийнханд буй мэдээллээр бол, дээр дурдсан түүхэн сурвалжуудад бичсэнээр хаантан өөрөө бүхий л зүйлд гар бие оролцон, хотыг дугуй хэлбэртэй байхыг анх санаачилсан гэх. Бүр хотын зургийг гаргах явцад сонгосон газар дээрээ өөрийн биеэр үнс нурмаар томоос том тойрог үүсгэн тэмдэглэгээ хийжээ. Үүнийгээ тэрбээр геометрийн эцэг гэгддэг, эртний Грекийн их сэтгэгч, өөрийн хүндлэн биширдэг математикч Евклидэд барих өргөл хэмээсэн байна.
Ингээд 762 оны долдугаар сарын 30-нд буюу төрийн тэргүүн дэвийн зурхайчдын санал нийлснээр барилгын ажил эхлүүлэхэд хамгийн тохиромжтой билэгт сайн өдөр Мансур хаан Аллах бурхандаа мөргөж, сэтгэл юугаа ариусгаад удахгүй баригдах шинэ хотыг нь хамгаалах хана хэрэмний анхны тоосгыг газарт суулгажээ. Дараа нь олны дундаас шалгарсан шилдэг барилгачид хожмоо Мансурын Дугуй хот гэгдсэн их хотыг Тигр мөрний хөвөөнөө барьж эхэлсэн байна. Чухам энэ л өөгүй тойрог доторх хотыг түшиглэн орчин цагийн Багдад хүрээгээ тэлсэн түүхтэй.
“Багдадын түүх” ном нь уг хотын эхэн үеийн мэдээллийн гол сан болдог, XI зууны үеийн түүхч Аль-Хатиб аль-Багдадийн тэмдэглэснээр хотын дугуй хэрмийг босгоход эхний хэсэгт нь 162, дунд хэсэгт нь 150, сүүлийнхэд нь 140 мянган тоосго орсон байна. Хэрэмний өндөр 24 метр орчим байж. Харин хотын диаметр нь зургаа гаруй км байлаа. Тэгэхээр барилгын цэг нь асар том ажлын талбай байсан нь тодорхой. Аббасидын эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн хэдэн мянган хүн өдөр, шөнөгүй ажиллаж, Месопотамын хотуудад жишиг болсон наранд барьцалдуулж, зууханд шаран бэлтгэдэг шавар тоосгоор хотын гадна, дотныг нэгд нэгэнгүй барьжээ. Якуби түүхчийн дурдсанаар хотын бүтээн байгуулалтад нийт 100 гаруй мянган хүн оролцсон байна.
Хотын дугуй хэлбэр нь тун шинэлэг, бүтээлч санаа юм. Аль-Хатиб нэгэн тэмдэглэлдээ “Хүмүүсийн хэлэх нь ийм хот ертөнцийн хаа ч үгүй гэнэ. Тэдний зөв болой” хэмээсэн нь бий. Хотын гадна хэрэм дөрвөн зүгт хандсан дөрвөн хаалгатай, тэдгээрээс шуудхан хотын төв рүү хөтлөх дөрвөн замтай байлаа. Баруун өмнөд этгээдэд хандсан Куфа болон зүүн өмнөдөд чиглэсэн Басра хаалга нь Евфратын усыг Тигр мөрөн рүү татах Сарат хэмээх сувгийн зүгт онгойдог байж. Харин баруун хойд этгээдэд чиглэсэн Шам буюу Сирийн гэгдэж асан хаалга нь Сирийн их элсэн цөл дундуур дайран өнгөрдөг, цаашлаад Анбар хот хүрдэг зам руу харах бол зүүн хойд чигийг заах Хорасан хаалга нь Тигр мөрөнд хамгийн ойр байрладгийн хувьд их мөрөн дэх завь, сал зэрэгт хүргэнэ. Хорасан хаалганаас Тигр мөрний эрэг, цаашлаад цаад эрэгт нь хүртэл олон жижиг завийг оосорлон эгнүүлдэг байсан нь тухай бүрт түр хэрэглэгдэх гүүр үүсгэдэг байж. Энэ нь Багдадын үзүүштэй содон зүйл байсан тухай олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Британичууд XX зууны эхээр Иракт суурьшиж, Тигр мөрөнд төмөр гүүр барих хүртэл энд байнгын гэж болох байгууламж баригдаагүй байна.
Дөрвөн их хаалганы дээр харуулын цамхаг бүхий жижиг байшингууд байлаа. Мансур хаан их мөрөнтэй ойр Хорасан хаалганы дээрх байшинд сэрүүцэн суух дуртай байж.
Хотын төв рүү чиглэсэн дөрвөн гол зам дагуу төрөл бүрийн дэлгүүр, зах байрлаж, төв замаас салаалсан олон арван гудамны туслах замын “үүд” болно. Харин тэдгээр нь хотын дотоод хэрэм хүртэлх зайд эмх цэгцтэй байрласан байшин барилгуудыг хашиж хүрээлэн байсан нь хотын төвөө аль болох тусгаар, нууцлаг, ганц хааны гэр бүлд зориулагдсан ариун газар байлгах гэсэн Мансур хааны санаа байлаа.
Багдадын төв хэсэг буюу Дугуй хотын дотоод хэрэмний диаметр 1980 метр буюу хоёр орчим км байжээ. Дотор нь халифийн үр хүүхдүүдийн орд харш, хааны ордны албат, түшмэдийн өргөө, хааны гал тогоо, ихэс дээдсийн хүлэг морьд болон уналга, ачлагын хэрэгслийг харж, торддог тусгай ажилчдын сууц зэрэг байв. Харин төв цэгт нь хотын хамгийн тансаг, хамгийн уран нарийн хийцтэй, хамгийн өндөр барилгууд болох Хааны их сүм, Алтан хаалгат ордон хоёр сүндэрлэнэ. Эдгээр байгууламжид Мансур хаанаас өөр хэн ч, бүр тулай өвчнөөр шаналж хоногоо хүлээж байхдаа эзэн хаанаас их сүмд мөргөхийг гуйсан атал бүтэл олоогүй хаантны авга ах Иса хүртэл орох эрхгүй байж.
Мансур хааны Алтан хаалгат ордон нь олон мянган ам.метр талбай эзэлсэн аварга том, хараа булаам барилга байлаа. Ордны хамгийн гайхамшигтай ялгарах шинж нь 40-өөд метр өндөр, номин ногоон өнгөтэй бөмбөгөр орой нь байв. Олон мод газрын зайнаас ч харагддаг байсан уг оройг гартаа болд сэлэм барьсан хүлэг баатруудын дүр бүхий хөшөө баримал дороос нь тулна. Хатиб түүхчийн өгүүлснээр тэр баатрууд нь их халифийн дайсан айсуй зүгийг заан дороо эргэлдэх оньсон төхөөрөмжин суурьтай байжээ. Гэхдээ энэ нь бодит үнэн биш, домгийн шинжтэй хэтрүүлэг байх талтай.
Харин Хааны их сүм нь Багдадын анхны исламын сүм юм. Гойд сүр бараатай, алтадмал оройтой уг сүм Аллах тэнгэрээр эрх сүрээ хамгаалуулсан Мансур хааны мөргөл тахилын гол газар байгаад тогтохгүй Аббасидын гүрний ард олон бол газар дэлхий дээрх Аллахын хамгийн хүчирхэг, үнэнч боолууд гэдгийг харуулах зорилготойгоор баригдсан байна.
Дугуй хотын барилгын ажил дөрвөн жил үргэлжилж, 766 онд дуусчээ. Тэр үед бүгд л хотын төгс сайхныг шагшиж, хэдэн зуугаар тоологдох магтаал, сайшаалын үг үлдээсэн байх юм. Арабын ертөнцийн суутай мэргэн, IX зууны үеийн бичгийн их хүн Аль-Жахиз гэхэд л “Би Сири, Византын их хотуудаас эхлээд хорвоогийн хамгийн сайхан гэгдэх хот суурингуудад очиж байсан билээ. Гэтэл энэ хотоос илүү төгс нарийн зохиомжтой, эмх замбараатай, хана бэхлэлт сайтай хотыг нүдээр үзсэн нь үгүй. Төгс дугуй хэлбэр нь туйлын онцгой юм. Яг л нэгэн агшинд цутгаж, нүд ирмэхийн зуурт хэлбэрт оруулсан, тансаг сайхан шүлэг найраг шиг шавран бүтээл гэлтэй” хэмээн бичжээ.
Мансур хааны шавраар бүтээсэн шад лугаа адил төгс дугуй хотоос үлдсэн сүүлчийн барилга байгууламж, хана хэрмийг 1870-аад онд Оттоманы эзэнт гүрний паша буюу захирагч Мидат гэх түшмэл хотыг орчин үежүүлэн, тэлэх нэрээр нурааж, ард иргэдийг хуучин хотын гүн рүү оруулахыг хориглосон байна. Энэ нь дараагийн зуунд нь ч үргэлжлэх учиртай хориг байлаа. Учир нь шинэ Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн хуучин хотын төвд байх Карадат Марьям дүүргийг бүхэлд нь эзлэн сууж, засаг захиргааныхаа төвийг байгуулан тусгай албадын зэвсэглэсэн хамгаалагчдаар сахиулах болжээ. Харин америкчууд 2003 онд Иракийг эзлэхдээ дээрх газрыг Ногоон бүс хэмээн нэрийдэж, улам нэвтэршгүй болгосон юм.
Бүтэн 12 жил Багдадын иргэдэд хаалттай байсан Ногоон бүс өнгөрсөн онд нээгдэж, хотын иргэд Мансур хааны үеэс хойш бараг анх удаа хотынхоо төвд чөлөөтэй зорчих эрхтэй болсон ч Ирак орон дахин нэгэнтээ дайн дажны хөлд сүйдсэн тул тэрхүү эрхээ эдэлж чадах хүн цөөн байна. Багдад хэмээх их хот юутай ч оршин тогтносон хэвээр буй ч ард иргэдийнх нь зовлон зүдгүүрт харамсалтай нь өнөөхөндөө эцэс төгсгөл гэж алга.