Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу огцорлоо. Түүний халааг авах хүнийг энэ сарын 22-нд болох Шударга ёс, хөгжлийн намын ээлжит бус их хурал зарлана. Ажил албаа өгч буй ч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай тогтоосон “ах дүүгийн харилцаа” хэвээр байх болно гэж Давутоглу хэлсэн.
Энэ сарын 4-нд Туркийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзаж хоёр цаг шахам хугацаанд ярилцсаны дараа Ахмет Давутоглу огцрох тухай мэдээлэл дэлхийн хэвлэлд гарах болсон юм. Маргааш нь л Давутоглу мэдэгдэл хийж “Намын нэгдлийг хадгалахын тулд даргыг нь солихоор шийдлээ. Тавдугаар сарын 22-нд болох их хурал дээр би нэрээ намын даргад дэвшүүлэхгүй” гэж хэлэв. Тэгэхдээ Шударга ёс, хөгжлийн намаас сонгогдсон депутатаараа үлдэхээ амлаж, сүүлчийн амьсгал автлаа Ерөнхийлөгчдөө үнэнч байх болно, Режеп Тайип Эрдоанд зориулж муу үг хэлэхийг минь хэн ч сонсохгүй хэмээн андгайлав.
Өнгөрсөн оны зургадугаар сард болсон Парламентын сонгуулиар Шударга ёс, хөгжлийн нам дангаар Засгийн газар бүрдүүлэх хэмжээний санал авч чадаагүйгээс болж Эрдоан, Давутоглу хоёрын харилцаа анх удаа хурцадсан юм. Давутоглу эвсэл байгуулахаар ажиллаж, БННам, Үндэсний хөдөлгөөний нам, Ард түмнүүдийн ардчилсан намын хүмүүстэй “тандах яриа хөөрөө” хийж байна гэх хэл үг дуулдаж байлаа. Гэтэл Эрдоан нь ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Давутоглу буулт хийхээс аргагүй болж, түр Засгийн газраа байгуулж, арваннэгдүгээр сарын 1-нд болох сонгуульд бэлтгэлээ. Уг сонгуулиар Шударга ёс, хөгжлийн нам Парламентын 550 суудлаас 317-г нь авсан ч Үндсэн хуулийн олонх болох 330 мандатад арай л хүрсэнгүй.
Сүүлийн хагас жилийн хугацаанд Эрдоаны зохиосон олон төлөвлөгөөтэй Давутоглу санал нийлсэнгүй. Тухайлбал, Турк улсаа Парламентын БНУ-аас Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор Эрдоан төлөвлөх болсон юм. Давутоглу зарчмын хувьд үүнийг шууд эсэргүүцээгүй ч Ерөнхийлөгчийн засаглалыг хянах тогтолцоо байх ёстой, тэгэхдээ цаг нь болоогүй гэж үзэж байлаа.
...Давутоглугийн нэр хүнд дотооддоо ч, гадаадад ч улам бүр өсч буй нь Ерөнхийлөгчийг бухимдуулаад байсан аж. Ерөнхий сайдын нэг гол гавьяа нь Европын холбоо, Туркийн хооронд визгүй дэглэм бий болгож чадсан явдал бөгөөд түүнийг энэ зуны дунд үеэс хэрэгжүүлнэ. Шенгений бүс рүү Туркийн иргэд чөлөөтэй нэвтрэх болсон явдал цаашдаа Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайдын нэртэй холбоотой болж буй нь Эрдоаны дургүйг бүр их хүргэж байлаа...
“Засгийн газрын бодлогыг шүүмжилдэг сэтгүүлчид, эрдэмтдийг баривчлахыг Ерөнхий сайд эсэргүүцэж, Туркт үйл ажиллагааг нь хориглож, арми, цагдаагийн байгууллага сөрөг ажиллагаа явуулаад байгаа Курдистаны ажилчны намтай эвлэрлийн хэлэлцээг сэргээхийн төлөө тэмцэж буй. Тус намыг дэмжигчдийн Туркийн харьяаллыг нь хурааж авах, мөн курдийн талыг баримталдаг Ард түмнүүдийн ардчилсан намаас сонгогдсон депутатын халдашгүй бүрэн эрхийг нь цуцлах гэсэн Эрдоаны санаачилгыг Давутоглу дэмждэггүй” хэмээн Туркийн шинжээч Серкан Демирташ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын зөрчилдөөнийг дурдсан байдаг.
Хууль ёсны бүрэн эрхгүй байж Эрдоан Засгийн газрын ажилд оролцоод байдаг нь Давутоглугийн санаанд үл нийцнэ. Ерөнхий сайд дэмжихгүй байсаар атал өөрийн хүргэн Берат Албайрак болон ойрын хамтрагч Бинали Йылдырым нараа Эрдоан Эрчим хүчний хийгээд Тээврийн сайдын суудалд томилуулж орхижээ. “Давутоглу Парламентын БНУ-ын Засгийн газрын тэргүүн байх л гэж эрмэлзсэн. “Халаасны Ерөнхий сайд” байхыг хүсээгүй. Үндсэн хуулиар бол түүнд Эрдоанаас илүү эрх олгосон байдаг юм” хэмээн Демирташ тайлбарлаж байна.
Давутоглугийн нэр хүнд дотооддоо ч, гадаадад ч улам бүр өсөж буй нь Ерөнхийлөгчийг бухимдуулаад байсан аж. Ерөнхий сайдын нэг гол гавьяа нь Европын холбоо, Туркийн хооронд визгүй дэглэм бий болгож чадсан явдал бөгөөд түүнийг энэ зуны дунд үеэс хэрэгжүүлнэ. Шенгений бүс рүү Туркийн иргэд чөлөөтэй нэвтрэх болсон явдал цаашдаа Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайдын нэртэй холбоотой болж буй нь Эрдоаны дургүйг бүр их хүргэж байлаа.
“Давутоглу бол системийн өөрчлөлтийг дэмжиж, нэг хүний дэглэмийг эсэргүүцдэг хүн. Тэрбээр хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг өргөтгөх, эрх мэдлийг хуваарилах зарчмыг ядаж л амаараа дэмждэг юм. Тэгвэл Эрдоан түүнтэй багахан ч гэсэн санал зөрөлдөөн гаргахаас болгоомжилж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох үйл явцад нь ямар нэгэн саад тотгор байх ёсгүй гэж тэрбээр үзэж буй юм. Тэгээд болзошгүй өрсөлдөгчөө талбайгаас цэвэрлэж байна. Давутоглу ямар нэг байдлаар Ерөнхийлөгчид саад хийхгүй ч Эрдоаныхтай нийлэхгүй, өөрийн гэсэн бодол түүнд бий. Түүнээс гадна төрийн олон ажилтнаас ялгаатай нь Давутоглу авлигын дуулиан шуугианд орооцолдоогүй” гэдэгт улс төрийн ухааны доктор, турк судлаач Ильшат Саетов итгэлтэй байна.
Эрдоаны ойрын хамтран зүтгэгч, Тээврийн сайд Бинали Йылдырымийн хүүтэй адилхан хүн Сингапурын казинод байгаа зураг Туркийн сөрөг хүчний “Sцzcь Gazetesi” сонинд нийтлэгдсэнээс хойш Ерөнхий сайд Ахмет Давутоглугийн толгой дээр үүл хуралдаж эхэлсэн аж. Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагааж, байр суурийг нь сулруулах зорилгоор энэ зургийг Давутоглугийн заавраар хэвлэлд нийтэлсэн хэмээн Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг хэвлэлүүд тэгэхэд мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэж Ерөнхий сайдыг тавдугаар сард АНУ-д айлчилна хэмээн Туркийн сонинууд мэдээлэв. Ерөнхий сайдад ойр дөт байдаг хэвлэлүүд түүнийг Ерөнхийлөгч Барак Обама, Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нартай уулзана хэмээн Цагаан ордон нотолсон гэлээ. Үүгээрээ Туркийн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчөөс нь илүү хандаж байна гэх ойлголтыг Вашингтон өгсөн байна. Эрх мэдэл багатай, шийдвэр гаргахдаа өөрийн гэсэн байр суурь муутай сул Ерөнхий сайд гэж америкчууд Давутоглуг үздэг байсан ч Төрийн Департамент нь түүнийг Туркийн удирдлагад хүсэл бодлоо дамжуулах, тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд нөлөөлөх чухал боломж гэж хардаг байжээ. Давутоглу Ерөнхий сайд болохоосоо өмнө чадварлаг дипломатч гэж Америкт үнэлэгддэг байв. Өрнөдийн тайлбарлагчдын үздэгээр Давутоглу нь барууныхны хувьд ажил хэрэг ярьж болох хүн гэнэ. Европын холбоо түүнийг ухаалаг ярилцагч, Эрдоанаас зайлсхийн Туркийн улс төрийн байр суурьт нөлөөлөх суваг гэж тооцдог байлаа.
Дөрөвдүгээр сарын эцсээр цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Эрдоан АНУ-д очихдоо нэлээд хөөцөлдөж байж Обаматай уулзсан ч ямар нэг үр дүнд хүрээгүй, биенээ зэмлэх гэж оролдохоос хэтрээгүй. Турк дэх хүний эрх, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлдээ эрх баригчдынх нь хандаж буй байдалд сэтгэл зовниж буйгаа Цагаан ордны эзэн илэрхийлсэн. Америкт лалын шашинтныг үзэн ядах нь нэмэгдэж байна гэж Эрдоан мэдэгдсэн.
Вашингтоноос дэмжлэг аваад Давутоглу улс төрийн байр сууриа бэхжүүлчих вий гэж Эрдоаны хүрээллийнхэн болгоомжилж байв. Эрдоан түүнээс урьтахаар шийдэж муж, тойргуудын удирдлагыг томилдог Ерөнхий сайдын бүрэн эрхийг Давутоглуг Катарт айлчилж явах үеэр Шударга ёс, хөгжлийн намынхан яаравчлан цуцаллаа. Энэ шийдвэрийг тус намын захирлуудын зөвлөлийн 50 гишүүний 47 нь дэмжсэн юм. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд огцорсон.
Одоо Ерөнхий сайдын суудалд залахаар хэд хэдэн хүний нэрийг ярьж байна. Тэдний дотор Хууль зүйн сайд Бекир Бездаг, Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш, Тээврийн сайд Бинали Йылдырым, Эрчим хүчний сайд, Эрдоаны хүргэн Берат Албайрак нар орж буй юм. Энэ албанд хэн томилогдсон байлаа ч тэр хүн Эрдоанд дээд зэргээр үнэнч, Давутоглугаас илүү дуулгавартай байх болно. Давутоглуг Ерөнхий сайдын суудлаа орхисны дараа Туркийн гадаад бодлого чухам урьдчилан таамаглах аргагүй болно гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байгаа. “Давутоглу ямар ч байлаа гэсэн түүнд (Эрдоанд) нөлөөлж чаддаг байсан, Европын холбоотой ойртох явдлыг санаачлагч нь Давутоглу байсан, тийм болохоор түүний огцорсныг Брюссель тун таагүй хүлээж авсан. Цагаачдын талаар хэлэлцээр байгуулах нь эргэлзээтэй болно. Нэг талаас уг хэлэлцээрт Европын холбоотой эрх тэгш оролцохыг Эрдоан хүсэж байв. Нөгөө талаас өөрийнх нь эрх мэдэлд аюул учруулах тул Европын холбооны ямарваа шаардлагыг биелүүлэхийг тэрбээр огт хүсэхгүй байна. Эрдоан дүрвэгчдээр гул барин “сэлэм” эргүүлэхээ үргэлжлүүлж, Европын холбооноос ямар нэг хөнгөлөлт хүлээж чадна, гэхдээ энэ нь стратегийн холбооны үндэс болж чадахгүй” гэж Саетов үзэж байна.