Нийслэлийн хэмжээнд сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрэмддэг хэрэг нэлээд гарсан юм. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд эдгээр хэргийн хойноос шаргуу хөөцөлдсөний дүнд сэжигтнүүдийг тогтоон саатуулаад байна. Хичээлээ тараад гэртээ харьж явсан хүүхдүүдийг орцонд нь боож унагах, хутга, буу тулган айлган сүрдүүлж байгаад мөнгө, гар утас, пүүзийг нь дээрэмддэг байсан Г болон Ц нарын толгойлсон хоёр бүлэг этгээд эд зүйлсийг нь авдаг байсан аж.
Г-ийн бүлэг нь гурав, Ц-ын бүлэг нь хоёр хүн байсан бөгөөд тэд 18-19 настай. Өмнөх жил нь сургууль төгсөөд, ажил сургуульгүй явж байхдаа амар хялбар аргаар мөнгө олохын тулд доод ангийн дүү нараа “сэгсэрсэн” үйлдэл ч байгаа гэнэ. Тэд орцны бүдэг гэрэлд хүүхдүүдэд гар буу тулгаж байсан бөгөөд энэ нь үрлэн сумтай тоглоом байсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Эцэг, эхийн хараа хяналт сул, ганцаараа яваа хүүхдүүдийг онилж гэмт этгээдүүд халддаг байжээ.
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь нэгэн амралтын газарт амарч байсан оюутнуудад хутга тулган гар утас, пүүз, 92.000 төгрөгийг нь дээрэмдсэн таван залууг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн тус аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгөөд байна.