Эрүүгийн цагдаагийн газрынхан шорон, оронгоор явж, ялаа эдэлж гарч ирээд иргэдийг айлгаж ичээдэг “рецедив” гэх хүмүүстэй дахин тэмцэж эхэлсэн бололтой. “Мунзуй” Г.Нямдоржид өнгөрсөн хавар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол уржигдар “Ландага” гэж нэрлэдэг Ё.Батцэнгэлийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, борлуулсан, цагдаагийн алба хаагчийг зэвсэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр баривчлан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Ард иргэдийг айлгаж, дарамталдаг “Сэлэнгийн” гэх У.Баатаржавыг ЭЦГ-ынхан шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдыг айлган сүрдүүлсэн, танхайрсан гэж буруутгаж буй бололтой. “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшлийн Баянгол дүүргийн нутаг дахь томоохон хэмжээний газрыг авч дотнын хүндээ өгсөн. Ингэхдээ Нийслэлийн болон Баянгол дүүргийн Засаг даргын гарын үсэг, захирамжийг хуурамчаар үйлдсэн.
Газраа авахаар заргалдсан дээрх нийгэмлэгийн ажилтныг айлган сүрдүүлсэн гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн Цонжин Болдогт машинтайгаа согтуу очиж, зогсоол бус газарт машинаа тавихдаа эд хөрөнгийг нь эвдэж танхайрсан гэх гомдлыг ч хамтатган шалгаж эхэлсэн. Энэ хоёр хэргийг 2013 онд үйлдсэн ч танил тал, ар өврийн хаалга хэрэглэн хариуцлагаас мултарсан бололтой. Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан шүү дээ” хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлэв.
“Сэлэнгийн” гэх У.Баатаржав нь өөрийн дүү “Доён” хэмээх У.Болдын хамт “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан, “Гүнт”-ийн буудалцаан гэдэгт ч нэр нь холбогдож явсан нэгэн юм.