Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнуудад өнгөрсөн даваа гаригийн шөнө мансууруулах бодис хэрэглэсэн болон худалдаж байсан хүмүүсийн тухай мэдээлэл иржээ. Үүний дагуу цагдаагийнхан Баянгол дүүргийн нутаг, Төмөр замын хойд талын хороололд очиж, сэжигтнүүдийг саатуулахаар болсон аж. Тус дүүргийн Хөдөлгөөнт эргүүлийн офицер, ахлагч нарыг сэжигтнүүдийн байгаа байранд ороход нэг нь хутга барьж дайрсан гэнэ. Энэ үед цагдаагийн алба хаагчид хийн буугаар буудаж номхруулсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Харин тухайн байрны оршин суугчид зарим цахим хуудасныханд “Өнгөрсөн шөнө буудалцаан болж, амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн мэдээлэл өгчээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд “ЭЦГ-ын ажилтнууд өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж мансууруулах бодис хэрэглэж байсан хүмүүсийг баривчилсан. Буудалцаан болоогүй. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр эрүүгийн ертөнцөд “Ландага” гэдэг хочоороо алдаршсан Ё.Батцэнгэл “мөс” хэмээх хар тамхины төрлийн, БНХАУ-аас оруулж ирдэг бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм байна. Түүнийг тэр даруйд нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тэрбээр өмнө нь бас л шоронд орж байсан, “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдыг далайлган сүрдүүлсэн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн юм.