Солонгосын хөдөлмөрийн намын дөрвөн өдөр үргэлжилсэн их хурал дууссанд зориулсан, тус улсын иргэд олноороо оролцсон баярын жагсаалд БНАСАУ-ын нийслэл Пхеньянд боллоо. Жагсаалд хэдэн зуун мянган хүн оролцжээ.
Баярын жагсаалд оролцогчид нийслэлийн төв талбайгаар явахдаа олон өнгийн цаасан цэцэг, бөмбөлөг болон улсынхаа эрх баригч намын улаан тугийг барин даллаж байв.
Тэрчлэн баярын жагсаалын үеэр баллистик болон сансрын пуужингийн цаасан загварыг үзүүлсэн байна. Жагсаалд Ким Жөн Ун оролцжээ.
Жагсаалд оролцогчид тус их хурлаар Солонгос хөдөлмөрийн намын даргаар томилогдсон улсынхаа удирдагчид үнэнчээ илтгэж байлаа гэж BBC-гийн сурвалжлагч Стивен Эванс тэмдэглэжээ.
Мягмар гаригт БНАСАУ-д бараг 40 жилд анх удаа болсон тус намын их хурал дууссан юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа тус улсад болж буй их хурлыг тус улсын улс төрийн хамгийн чухал үйл явдалд тооцож байна. Хуралд 3400 орчим төлөөлөгч оролцжээ.
Даваа гаригт BBC-гийн сурвалжлагч Руперт Уингфилд-Хейз болон түүнийг дагалдан явсан сурвалжлах багийг Умард Солонгосоос хөөн гаргасан билээ. Эрх баригч намын их хурлын өмнө Умард Солонгосын нийслэлийн амьдралыг сурвалжилсан сэтгүүлчдийн ажил БНАСАУ-ын удирдлагад таалагдаагүй аж.