YouGov социологийн албанаас жил бүр явуулдаг санал асуулгаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хамгийн хүндэтгэл хүлээсэн 10 хүний дотор багтжээ. Түүний ард Далай лам, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг, Хятадын бизнесмэн Жек Ма, Британийн хөлбөмбөгчин асан Дэвид Бэкхем нар орсон байна. Путиний нэр өнгөрсөн онд 11 дүгээрт бичигдэж байсан аж. Энэ нэрсийг “Microsoft”-ийг үндэслэгч Билл Гейтс гурав дахь удаагаа дараалан өнгөлж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин, жүжигчин Жеки Чан нар удаалсан байна. Английн онолын физикч, шинжлэх ухааныг сурталчлагч Стивен Хокинг тавд оржээ. Өнгөрсөн онд тэрбээр есдүгээрт байсан аж.
Хүндэтгэл хүлээсэн эмэгтэйчүүдийг Америкийн жүжигчин, найруулагч Анжелина Жоли тэргүүлжээ. Дараа нь Их Британийн хатан хаан II Элизавета, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэрийг нь дэвшүүлж буй Хиллари Клинтон оржээ. Санал асуулгыг дэлхийн 30 оронд явуулсан байна.