Сүхбаатар дүүргийн VII хороонд орших нэгэн байрны орцонд нэг ой найман сартай охиныг орхиж явсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан. Охиныг сайхан сэтгэлт хүмүүс олоход орцонд удаан байснаас болсон уу, ямартай ч уушгины хүнд хатгалгаа тусаж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаад амиа алдсан юм. Төрүүлсэн охин Н-гээ хаяж алга болсон эмэгтэйг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж Д гэдэг эмэгтэй болохыг олж тогтоон, 2016 оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлд заасан “Хүүхэд хаяж төөрүүлэх” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар эхийг нь охинтой нь уулзуулсан ч охины бие сайжралгүй байсаар хорвоог орхисон талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Д нь төрсөн дүү Ч-тэйгээ хамтран талийгаачийг орцонд хаясан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёуланг нь эрүүгийн хэрэгт холбогдуулсан аж.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д, Ч нарт холбогдох хэргийг хэлэлцээд төрүүлсэн охиноо хөхөө өвлийн хүйтэнд орцонд хаяж орхисон Д-д таван жил, түүний дүү Ч-г хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцон гурван жил хорих ял оноон, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.