Монгол орны зүүн хязгаарын хөрсөн дор асар их баялаг бий. Газрын тос, уран, хар тугалга, цайр гээд л дэлхийн зах зээлд асар үнэтэй, түүнийхээ хэрээр бас их хортой ашигт малтмалыг Дорнодын их тал нууж байдаг. Харийнхан энэ их баялгийг минь дур зоргоороо ухан, хил давуулан зөөж, туурга тусгаар Монгол Улсад минь асар их хохирол учруулчихаад юу ч болоогүй юм шиг л яваад өгсөн. Хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад хятадуудын гар хөл болсон зарим өмгөөлөгч эх орноо бодолгүй, есөн хятадыг л илүүд үзэж “хор найруулсаар” хилээр гаргачихсан. Энэ бол 4-5 жил ужгирч байгаа “Шинь шинь” компанийнханд холбогдох хэрэг.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад багтсан Улаан хэмээх холимог металлын орд газар бий. 1980-аад оны үед оросууд илрүүлэн, далд уурхай хэлбэрээр асар том байгууламж барьж, ашиглаж байгаад зах зээлийн нийгэмд шилжихэд, “ах нар” манай улсаас гарах үедээ тэр чигт нь орхиод гарсан. Ингээд тэр орд газар, барилга байгууламж манай улсын өмч болон үлдсэн түүхтэй.
УИХ-ЫН ЭКС ГИШҮҮН 2.5 САЯ АМ.ДОЛЛАРООР ЛИЦЕНЗЭЭ ЗАРСАН
Дээрх ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь”, “Хунбөө” гэх компаниуд ашиглахаар болж, тусгай зөвшөөрлийг нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин, түүний хүү өдгөө Төрийн банкны захирлаар ажиллаж буй Б.Баттүвшин тэргүүтэй гэр бүлийнхний байгуулсан “Азиа далай фарист” гэх компаниас худалдан авсан байдаг. Гэтэл энэ ордын тусгай зөвшөөрлийг хятадуудад авч өгөхдөө анхны эзэмшигчийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа юм.
Улааны ордтой хаяа нийлээд Мухар хэмээх орд бий. Уг ордод хайгуул хийх 1562Х тусгай зөвшөөрлийг “ДСД Жаргалант” компани хуулийн дагуу 1999 онд тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газраас авчээ. Улааны ордод “Азиа далай фарист” компани 247А тусгай зөвшөөрөл авсан байсан бөгөөд түүнийгээ хятадуудад худалдахаар болсон аж. Хятадууд Улаан, Мухар хоёр ордыг бүхэлд нь худалдаж авахаар УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин тэргүүтнүүдэд санал тавьсан бололтой. 1562Х лицензтэй талбайгүй бол үнэ нь уначих гээд байсных уу, ямартай ч “ДСД Жаргалант”-ын хувь эзэмшигч Ц.Дамдинсүрэнтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийг нь худалдан авахаар болж. Ц.Дамдинсүрэн энэ тухайгаа нөгөө хоёр хувь эзэмшигч болох Ө.Сэргэлэн, Ө.Давхарбаяр нарт мэдэгдэлгүй, бүх гишүүдийн хурал хийсэн мэтээр баримт бүрдүүлж, компанийн 40 хувийг эзэмшигч Ө.Сэргэлэнгийнхээ гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, АМГТХЭГ-т өгсөн гэнэ. Ингээд хуурамч материалаар “Азиа далай фарист”-д шилжүүлж. Ингэж шилжүүлэн авмагцаа 2004 онд “Шинь шинь”-д зарсан байна.
Энэ тухайгаа УИХ-ын экс гишүүн Р.Бадамдамдин мөрдөн байцаалтад “БНХАУ-ын төрийн өмчит “Шинь шинь” компанид 2.5 сая ам.доллароор зарсан” хэмээн мэдүүлсэн гэнэ. Харин тусгай зөвшөөрлөө “Азиа далай фарист”-ынханд алдсан хохирогчид нь үүнээс ч илүү үнэ хүрсэн гэж үздэг юм билээ. Р.Бадамдамдин, түүний ах Р.Бадамдорж, хүү Б.Баттүвшин нар “ДСД Жаргалант” компанийнхныг залилан мэхэлж, тусгай зөвшөөрлийг нь аваад ашиг олсон үйлдэлд нь 2013 онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэсэн байдаг. Бүтэн нэг жил найман сарын хугацаанд дээрх хүмүүст холбогдох хэргийг таван удаа сэргээж зургаан удаа хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь мөнгөтэй, эрх мэдэлтэй, намын нөмөр нөөлөгтэй хүнд хууль үйлчилдэггүйг илтгэх тод жишээ мэт.
ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ШҮҮХ ТОГТООСОН Ч АМГ-ЫНХАН ШИЙДВЭРИЙГ НЬ БИЕЛҮҮЛСЭНГҮЙ
“ДСД Жаргалант” компанийн 10 хувийг эзэмшдэг Ө.Давхарбаяр гадаадад амьдарч байгаад ирээд хууль бусаар тусгай зөвшөөрлөө “Азиа далай фарист” компанид алдсанаа мэдэж, 2011 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Шүүхээс “ДСД Жаргалант” компанийн 2002 оны нэгдүгээр сарын 9-нд хийсэн гэх бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцжээ. Түүндээ үндэслэн “Шинь шинь”, “Хунбөө” ХХК-д олгосон 10089А, 13555А тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар АМГ-ын Кадастрын хэлтэст хандахад уг лицензүүдийг хүчингүй болгосон байгаа юм. Түүгээр ч зогсохгүй хайгуулын лиценз эзэмших эрхээ таван жил найман сар 10 хоногийн хугацаанд хэрэгжүүлж чадаагүйг нь ч баталгаажуулжээ.
Харин “Шинь шинь”-ийнхэн Захиргааны хэргийн шүүхэд “тусгай зөвшөөрлийг маань үндэслэлгүйгээр хүчингүй болголоо” хэмээн гомдоллосон аж. Захиргааны хэргийн шүүх “Шинь шинь”-ийг хуурамч баримтаар авсан 10089А, 13555А дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус компанид сэргээн олгох эрх зүйн үндэслэл байхгүй хэмээн үзээд, харин ч АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 94 тоот шийдвэр нь илт хууль бус гэдгийг тогтоожээ. Ингээд шүүхээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө өөрсдийнх гэдгээ батлуулсан “ДСД Жаргалант”-ынхан орд газартаа үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан боловч АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар сэргээж өгөхгүй өнөөг хүрч буй юм. Тэд “Шүүхийн шийдвэр гарсан ч бид биелүүлэхгүй, Шүүхийн шийдвэрт сэргээнэ, хүчин төгөлдөр болгоно гэсэн ганц ч заалт байхгүй. Тиймээс шүүхээс тайлбар ирүүлсэн цагт дахин сэргээх шийдвэр гаргана” гэж тайлбарладаг гэнэ. Тэгсэн атлаа “Шинь шинь”, “Хунбөө” компанийнханд Н.Чинбаатар нь дээрх 94 тоот шийдвэрээр лицензийг нь сэргээгээд өгчихсөн байгаа юм. Энэ мэт асуудлаасаа болж АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар АТГ-ын үүдийг сахих болсон байдаг. “Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон бол өмнөх шийдвэр хүчинтэй болж, сэргээгдэх ёстой” хэмээн энэ үедээ мэдүүлсэн аж. Гэсэн атлаа амьдрал дээр биелүүлээгүй байна.
Монгол орны дорнод хязгаарын нэг хэсгийн ашигт малтмалыг хууль бус тусгай зөвшөөрлөөр авч, хөрсийг асар ихээр хордуулчихаад байгаа “Шинь шинь”-ийнхнийг ингэж давраагаад байж болно гэж үү. Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын хөрс хүнцлээр асар их хордсон, зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 1.3, хамгийн өндөр нь 68.5 дахин хаан хор агуулагдаж байхад “Шинь шинь”-ийнхнийг эвийлсээр байх уу. Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн тус компанид холбогдох хэргийг шалгаад экологид олон зуун сая, татваргүй, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал хил давуулсан гээд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хохирол Монгол Улсын эдийн засагт учруулсныг тогтоож байв. Харамсалтай нь, прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосноор монголчууд хохироод үлдсэн. Хэрэв тус компанийнхнаас эдийн засаг, экологид учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж чадсан бол хоёр сургууль, мөн тооны цэцэрлэг барьчих, эсвэл босохгүй байгаа дөрөвдүгээр төрөх, Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэх боломж байсан шүү дээ.
Монгол Улсын хууль тогтоомжуудыг уландаа гишгэснийг нь тогтоон 2010 онд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон ч энэ хугацаанд есөн тонн мөнгөний баяжмал, өөр бусад ашигт малтмал сорчлон олборлож, татвараас зайлсхийн хил давуулсан нь тагнуул, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой болсон байдаг. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2012 онд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Дорнодын Дашбалбарт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь”, “Хунбөө” компанийнхан хар тугалга, цайраар халхлан, уран олборлож байсныг тагнуулын байгууллагынхан тогтоосон” хэмээн мэдэгдэж байв. Энэ мэтээр хангалттай нотлох баримт байгаа юм чинь “Шинь шинь”-ийнхнээс нөхөн төлбөр нэхэмжилбэл болохгүй гэх газаргүй байна шүү дээ.