Авлигатай тэмцэх газрынхан 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтынхаа хүрээнд Хөдөлмөрийн яамны албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Энэ үеэр тус яамны зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтаа мэдүүлээгүй, хадгаламжаа дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалд томилогдсоноос хойш Авлигын эсрэг хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй болохыг тогтоожээ. Тиймээс уг зургаан хүнд Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэх саналаа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд АТГ-аас хүргүүлсэн байна.