Сонгинохайрхан дүүргийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх С.Батсүрэнтэй тус дүүргийн эрүүгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй дүүргийн хувьд эрүүгийн нөхцөл байдал одоо ямар байгаа бол?
-Сонгинохайрхан дүүрэгт 300 гаруй мянган хүн оршин суудаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын гуравны нэг нь манай дүүрэгт амьдарч байна гэсэн үг. Орон нутгаас ирж суурьшсан, албан ёсны хаяггүй, хөдөлмөр эрхэлдэггүй хүн энд олон бий. Ажилгүй хүмүүс архи ууж зөрчил гаргана, гэмт хэрэгт холбогдоно, хохирно. Манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гурван хэлтэст болон Улаанбаатар хотын Цагдаагийн газар, МБГ-т шалгагдаж буй харьяаллын хэргүүдэд хяналт тавьж ажилладаг.
-Энэ олон хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Бид улирал, жилийн эцсээр үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо, шалтгаан нөхцөл, төрлөөр нь ангилан судалж үздэг. Энэ судалгаагаар бусдын гэр орон руу нэвтэрч эд зүйл хулгайлах хэрэг зонхилж байна. Нийт гэмт хэргийн тал хувийг энэ төрлийнх эзэлдэг ч холбогдогч нь тогтоогдохгүй байх нь бий. Согтуугаар танхайрах гэмт хэрэг ч нэмэгдэх хандлагатай. Мөн хүний амь санаатай бүрэлгэх хэрэг гарах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс бид хороодын Засаг дарга нарт чиглэсэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн есдүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж байгууллага иргэний хийж гүйцэтгэвэл зохих нийтлэг үүргээ биелүүлэх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлдэг. Засаг дарга нар хариуцсан хороондоо гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгаа гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан гэмт хэрэг үйлдэж байсан болон болзошгүй, байнга архидан согтуурдаг гэх мэт хүмүүсээ анхааралдаа авах, мөн иргэд цуглардаг газруудад анхан шатны судалгаа хийж байхыг мэдэгдсэн. 2015 онд манай дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс гэмт хэргийн шинжтэй 10.000 гаруй гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 2724 гомдолд нь эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулжээ. 2016 он гарсаар гэмт хэргийн шинжтэй 1950 гомдол хүлээн авснаас 497-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хаана хаанаа эрчимжүүлэх шаардлагатай.
-Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг үйлдэж буй иргэдийн олонх нь тодорхой оршин суух хаяггүй, орон нутгаас ирж суурьшсан хүмүүс гэж ойлгож болох уу?
-Тэр хүмүүсийг бүгд манай дүүрэгт амьдардаг гэж бас болохгүй. Учир нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг судлаад үзэхээр оршин суух тодорхой хаяггүй иргэн нэлээд хувийг эзэлдэг. Тэд орон нутгаас ирээд аль ч дүүрэгт бүртгэгдээгүй учраас хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй байдаг. Энэ л тэдний гэмт хэрэгт холбогдох хамгийн том шалтгаан болж буй юм. Манай дүүргийн 60 орчим хувийг гэр хороолол эзэлдэг. Энд амьдарч буй зарим иргэний амьжиргаа туйлын хүнд.
-Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газар хэр олон байдаг вэ. Тэдгээр газрууд гэмт хэрэг гарахад нөлөөлнө биз?
-Тэгэлгүй яах вэ. Архи согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүр олон бий. Тэнд л хүмүүс цуглаж элдэв гэмт хэрэг гарах шалтгаан болдог. Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь хуульд заасан журмын дагуу үйлчилгээ явуулахгүй байгаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлдөг. Дэлхий нийтэд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ зургаан литр байхад манай улсад 23 литр гэсэн судалгаа бий. Түүнчлэн хувийн үйлдвэрийн чанаргүй архийг хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдэд зардаг. Энэ бол бидний шийдэж чаддаггүй асуудлуудын нэг. Манай дүүргийн хамгийн их гэмт хэрэг гардаг, архидан согтуурдаг, биеэ үнэлэгч нар төвлөрдөг газар бол “Саппоро” үйлчилгээний төв орчим. Тэнд хяналтын камер цөөн бий. Тэр нь нэг бол ажилладаггүй, 00.00 цаг гээд унтраачихдаг эсвэл шаардлага хангадаггүй. Тэр хэсэгт үйлдэгдсэн хэд хэдэн гэмт хэргийг үндэслэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллагуудад хяналтын камераа 24 цагаар ажиллуул, гэрэлтүүлгээ сайжруул, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилла, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуул гэж бид шаардлага хүргүүлсээр байгаа.
-Эзэн холбогдогч нь тогтоогдохгүй гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа гэсэн. Ямар төрлийн хэргийн холбогдогч нь олдохгүй байна вэ. Танай дүүрэгт гарсан онц ноцтой гэмт хэргээс илрээгүй хэрэг байгаа юу?
-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015, 2016 онд үйлдсэн онц хүнд гэмт хэрэгт эзэнгүй хэрэг байхгүй. Цагдаагийн байгууллага энэ тал дээр сайн ажиллаж, онц хүнд гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоон, цагдан хорих арга хэмжээ авч шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Мөн бусдын эд хөрөнгө хулгайлсан, дүүрэг дамжсан олон үйлдэлтэй бүлэг этгээдэд холбогдох хэрэг бий. Эзэнгүй хэргүүдээ илрүүлэх тал дээр манайх ч, цагдаагийн байгууллага ч нэлээд анхаарч ажиллаж байгаа. Үүний үр дүнд олон үйлдэлтэй бүлэг этгээдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байна. Зарим хүн хэрэг нь шүүхэд очихоор дахин шинэ үйлдэл, өөр гэмт хэргийн талаар ярьж, хэрэг шийдэхэд хүндрэл учруулах тохиолдол бий.
-Шүүхээр шийдвэрлэсэн ноцтой ямар хэрэг байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хүн амины зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Одоо хүн амины дөрвөн хэрэг прокурорын хяналтад байна. Мөн 125 удаагийн үйлдэлтэй, 25 холбогдогчтой хулгайн хэргийг шүүхэд шилжүүллээ. Манай улсад хулгайлах гэмт хэрэг зонхилж байна. Иймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бусдын биед гэмтэл учруулах хэрэг ахуйн хүрээнд ихэвчлэн гардаг. Төрсөн ах, дүү болон ураг төрлийн холбоотой хүмүүс л бие биенээ гэмтээж байна. Огт танихгүй хүмүүс нэгнээ зодож гэмтээх нь харьцангуй бага байдаг.
-Прокурорын байгууллагад ажилладаг хүмүүсийн олонх нь эмэгтэй хүн байдаг. Тэдэнд гэмт хэрэгтнүүдтэй харилцахад хүндрэлтэй байдаг болов уу?
-Зөвхөн манай дүүргийн прокурорын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бид зөвхөн хэрэг уншаад суудаггүй. Өглөө ирээд цагдаагийн гурван хэлтэст бүртгэгдсэн гомдол, мэдээлэлтэй танилцана. Өөрт харьяалагдсан хэрэг, материал дээр ажиллана. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий 100 гаруй хүнтэй харилцдаг. Мөн хариуцсан дүүрэгтээ гарсан онц хүнд гэмт хэргийн үзлэгт дуудлагаар очно, цогцосны үзлэг, задлан шинжилгээнд ч хамт оролцдог. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох зэргээр маш их ачаалалтай ажилладаг. Энэ нь эмэгтэй хүнд хүндрэлтэй байх үе бий. Жишээлбэл, цогцосны үзлэг хийхэд байлцана гэдэг эмэгтэй хүнд их хэцүү шүү дээ. Ер нь прокурорын байгууллагын ажлын ихэнх хувийг эмэгтэйчүүд биелүүлж байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Шүүх хуралд оролцоод ирэх хооронд л бусад хэрэг материал нь овоорчихдог. Түүнийгээ цэгцлэхийн тулд яалт ч үгүй ар гэрээ орхиод өдрийн ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөж байна. Миний хувьд эмэгтэй прокуроруудаараа бахархаж явдаг. Мөн бидний ажлын үр дүнг цагдаа нараас тусад нь ойлгох боломжгүй. Энд нэг зүйлийг онцлон дурдахгүй өнгөрч болохгүй нь. Нийгэмд тэр дундаа цахим сүлжээгээр цагдаагийн байгууллагын нэр төрд санаатай, санамсаргүй байдлаар халдаж, иргэдийг цагдаагийн эсрэг хандлагатай болгож байгаад би их эмзэглэдэг. Энэ ямар их хор уршигтай болохыг хүмүүс төдий л сайн ойлгохгүй байх шиг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болон илрүүлэлтэд энэ их нөлөөлнө.
Цагдаа, прокурортой уулзахаар ирж буй хүмүүс хэзээ ч сайн сайхан юм ярьж ирдэггүй. Харин өнгөрсөн Цагаан сарын өмнөх өдөр манай эмэгтэйчүүдийн санаачилгаар бид сайн үйлсийн аян өрнүүлсэн. Ингэхдээ бүх ажилтан маань нэг өдрийн хоолныхоо мөнгөнөөс болон байгууллагын хуримтлалаасаа тодорхой хувийг цуглуулж, дүүргийнхээ нэн ядуу, олон хүүхэдтэй, ганц бие хүмүүст тусламж үзүүлсэн. Шуудай гурил, будаа, 20 уут нүүрс зэрэг нэн чухал шаардлагатай зүйлсээр гурван айлд тусалсан. Энэ ажлын дараа манай ажилтнууд сэтгэл өөдрөг, эрч хүчтэй боллоо гэж ярьцгааж байсан шүү.