Олон улсын хэмжээний энэ луйварчны авьяас чадварыг одоо дэлхий дахин шагшиж байна. Түүний бичсэн “Чадвал намайг барь” хэмээх намтарчилсан ном эрэлт ихтэй бүтээл болсон бол алдарт Стивен Спилберг зард гарсан энэ зальтай эрийн тухай кино хийжээ. Хамгийн гайхалтай нь шазруухан хэрэг нэлээд хэдийг үйлдсэнийхээ дараа Фрэнк Абигнейл гар, ганзага нийлж явсан гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцэхэд авьяас чадвараа ашиглах болсон байна.
Фрэнк Абигнейл 1948 оны дөрөвдүгээр сарын 27-нд Нью-Йорк муж улсын Бронксвилл хотод бизнес эрхлэгч Абигнейл, франц эмэгтэй Паула хоёрын гэрт мэндэлжээ. Түүнийг 14 настай байхад эцэг, эх хоёр нь салснаар буруу замд ороход хүргэсэн байна. Энэ үйл явдал ямар ч байсан Фрэнк хүүгийн сэтгэл санааг гэмтээсэн нь эргэлзээгүй. Шүүх хүүг эцгийнх нь асрамжинд үлдээв. Хөөрхий эцэг нь харин төрсөн хүүгийнхээ мэхлэх авьяасны анхны золиос болсон аж. Хүүгээ халаасны мөнгөөр гачигдахгүй, машиндаа ч бензин авчих мөнгөтэй яваг гэсэндээ зээлийн картаа өгчихсөн юмсанж. Энэ завшааныг Фрэнк хүүхэд гэмээргүй овжин ашиглажээ. Тэрбээр зохих ашиг хүртэж байхаар бензин түгээх газрынхантай тохирчээ. Хүүг бензин юм уу сэлбэг авахад тэндхийн ажилтнууд картнаас нь илүү мөнгө авчихаад бодит үнээс илүү гарсан хэсгийнх нь талыг Фрэнкэд бэлнээр өгдөг байв. Ингэснээр Абигнейл хүү мөнгөтэй болоод байсан төдийгүй аавыгаа хэрэгт хийчихжээ. Энэ хүү суудлын машинд яагаад ачааны машиных шиг түлш зарцуулаад, бас багахан авто баазынхтай дүйх хэмжээний сэлбэг хэрэгсэл аваад байдгийг татварын албаныхан сонирхолгүй яах вэ дээ. Хүү үүнээс сүүлд ч үйлдсэн гэмт хэргийнхээ бурууг эцэгтээ тохож л байжээ. Тэрбээр өөрийн дурсамжинд өгүүлснээр татвараас зайлсхийх аргыг аав нь байнга хайж байдгийг хүү анзаарсан нь түүний сэтгэл санаанд нөлөөлсөн аж. Америкчуудын хувьд амьдралд хамгийн чухал зүйл нь үхэл, татвар хоёр байдгийг хүмүүс мэднэ.
Фрэнкийн ов мэхийг шүтдэг хүмүүс түүний хувирч өөрчлөгдөх чадварыг бүр гайхаж орхино. 16 настай Абигнейл нисгэгчийн хувцас өмсөөд “Пан Американ” компанийн нисгэгч гэж өөрийгөө үнэмшүүлж чадсан нь онцгой бахдал төрүүлсэн гэдэг. Түүгээр ч барахгүй хоёр жилийн хугацаанд “Пан Американ” компанийн нисгэгчээр ажиллаж, нэг сая гаруй миль зам туулж, дэлхийн 26 улсад 250 удаа нислэг хийж, гадаад орнуудын зочид буудалд үнэ төлбөргүй хонож өнжин явжээ. Түүнийг үнэхээр огторгуйн том хөлгийн залуурын ард суулгах гэж хэд хэдэн удаа оролдоход нь архи уучихсан, цусанд согтууруулах чанартай бодис бий гэж хэлж аргалж байв.
16-18 насандаа Америкийн нисэх онгоцны томоохон компанийнхныг мэхэлж чадсаных нь хувьд Фрэнкийг үнэлэхгүй байх аргагүй ч итгэмтгий хандсан эндхийн ажилтнууд руу чулуу шидэж бас боломгүй. Тэр ажилтнууд улаан хацартай нисгэгч хүүд тусалсан л хэрэг. Тэгэхдээ “Пан Американ”-ыг хуурах нь Абигнейлийн зорилго байсангүй. Банкийг мэхэлсэн нь түүний гол үйлдэл байв. Бэлтгэл болгож мань эр чек хуурамчаар хийсэн чинь түүн дээр байгаа мөнгөний дүн дансныхаас нь хэтрээд явчихсан байлаа. Компанийнхаа зардлаар ертөнцийн өнцөг булан бүрт очиж явахдаа Фрэнк янз бүрийн хотын санхүүгийн байгууллагуудад бага бага мөнгөөр данс нээлгээд байжээ. Дараа нь хуурамч бичиг баримт ашиглан бусдын дансанд дахь мөнгийг өөрийнх рүүгээ шилжүүлчихдэг аргатай болсон байна. Нэрнийхээ нэг үсгийг л сольчиход төлбөрийн баримт нь хэдэн долоо хоног, сараар нэг банкнаас нөгөө рүү дамжиж болдгийг Фрэнк мэдэж авчээ. Энэ хугацаанд тэрбээр өөр улсад очоод нуугдчихаж амжина.
Абигнейл банкны болон бусад баримт бичгийг цавуу, цаас, бичгийн машин, даавуу, үзэг, харандаа зэрэг гарын доорх ердийн материал хэрэглэн маш адилхан, ур чадвартай хийж чадна. Яг л үйлдвэрийнх шиг хийнэ. Түүний тухай Хьюстон хотын цагдаагийн байгууллагын дарга “Тэр мөнгөний чекийг жорлонгийн цаасан дээр хийгээд В.А.Снадули гэсэн гарын үсэг зураад, биеийн байцаалт гэж Хонконгийн жолоочийн үнэмлэх үзүүлээд л аль ч банкнаас мөнгө авчихдаг” гэж хэлсэн байдаг.
Абигнейлийн хийсэн банкны чекийг бариад луйварчид дэлхий даяар хэсүүчилж байсан нь уг баримт бичгийг чанартай үйлдсэнтэй нь холбоотой төдий биш байлаа. Фрэнк эелдэг аятайхан байдлаараа бусдын анхаарлыг банкны чекээс хөндийрүүлж чаддаг байв. Нуруулаг, царайлаг, сэтгэл татам инээвхийлсэн залуу банкны ажилтан хүүхнүүдийн санаанд нийцэж, хархүүгийн өмссөн нисгэгчийн гоё хувцас ч үүргээ гүйцэтгэнэ. Охид хүүхнүүд олигархиудыг биш, эр зориг төгс нисгэгчид, усан цэргүүд рүү харцаа чулууддаг болоод байхад хөөрүү дэврүү 1960-аад он болсон байв. Фрэнкийг банкнаас 40 мянган доллар залилж аваад байхад нь цагдаа нар анх удаа түүнд анхаарлаа хандуулжээ. Түүнийг эрж хайж эхлэх үед Фрэнк өөр нэрээр бичиг баримттай болчихоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явлаа. Тэрбээр Фрэнк Уйльямс, Роберт Конрад, Фрэнк Адамс, Роберт Монхо нэрээр улс орнуудын банкнаас 2.5 сая доллар авчихсан “давхиж” байв.
Фрэнк Абигнейл залилан мэхлэгч хэдий ч бусдын хүчээр амьдрагч хувалз байсангүй. Тэрбээр зард гарсан мэхлэгч, хуурамч бичиг баримт ашиглан асар олон мэргэжлийн ажил хийж байсан Фердинанд Демарын замаар явжээ. Тухайлбал, энэ хүн мэс засалч, шоронгийн дарга ч болж байсан аж. Абигнейл харин шорон удирдаж, эмчээр ажиллаж байсангүй. Жорж муж улсад Фрэнк Коннерс нэрээр зочид буудалд байрлахдаа “мэргэжил” гэсэн асуултын ард өөрийн мэдэлгүй “эмч” гээд биччихэж байсан гэдэг. Үүнээс хойш нэг их удаагүй байхад хөршүүдиийнхээ нэгтэй танилцтал чинь эмч хүн байсан төдийгүй эмнэлэгт нь хүүхдийн ерөнхий эмч хэрэгтэй байгаа гэж хэлжээ. Абигнейл тэр дор нь эмчийн диплом хийж, хөршийнхөө эмнэлэгт ажиллах болов. Ийн нэг жил болжээ. Өвчтөнөө тэр хэрхэн эмчилж байсан бол? Дахиад хагас жил өнгөрөхөд Абигнейл их сургуульд Фрэнк Адамс нэрээр социологийн багш болчихсон байлаа. Үүний тулд Колумбын их сургуулийн дипломыг дууриалган “урласан” байна. Оюутнууддаа юу зааж байсан нь бас л сонин. Луизиана муж улсын ерөнхий прокурорын туслахаар Абигнейл жил хэртэй ажиллав. Харвардын их сургуулийн дипломтой гэдгээ онгоцны үйлчлэгч эмэгтэйд хэлчихсэн чинь нөгөөх нь өөрийн найз хуульчтай танилцуулж, тэр нь өмгөөлөгчийн эрх авах шалгалт өгөхийг зөвлөв. Тэр дипломыг Абигнейл мэдээж өөрөө хийсэн байлаа, гэхдээ шалгалт өгсөнгүй. Харин хуульчдын дунд танил хүмүүстэй болж, тэднээрээ уламжлан муж улсынхаа ерөнхий прокурорын газар орж явчихав. Гэтэл илрэх аюул нүүрлэсэн тул тэндээс өөрийн хүсэлтээр гарлаа. Муж улсын ерөнхий прокурорын газрын ажилтнууд дотор Харвард төгссөн хүн байгаад тэр нь Абигнейлийг илчилчих гэж айлгаад байжээ.
Фрэнк Абигнейлийг 1969 онд Францад баривчлав. Нутаг дэвсгэр дээр нь санхүүгийн луйвар хийсэн гэж түүнийг 12 улс хуулийн байгууллагад нь хүлээлгэж өгөхийг шаардаж байлаа. Гэлээ ч Франц улс анхлан түүний хэргийг шүүн, зургаан сар хорих ял өглөө. Францын шоронд тамд байгаа мэт байснаа хожим нь тэрбээр номондоо өгүүлсэн юм. Ор, хувин хоёроос өөр “тавилгагүй” өрөөнд хагас жил болжээ. Дараа нь суусан Шведийн шорон рестораных шиг хоолтой, чухам л диваажин байлаа. Сүүлд нь Абигнейлийг АНУ-д нь шилжүүлж өгсөн байна. Тэрбээр бүх гэмт хэргээ 21 нас хүрэхээсээ өмнө хийсэн болохоор Америкийн хуулиар бол насанд хүрээгүй гэж тооцогдсон ч түүнд 12 жилийн ял өгчээ. 1970-аад онд Америкт газар авч байсан хуурамч бичиг баримт ашиглаж хийсэн луйвар нь Абигнейлийг аварсан гэлтэй. Авьяаслаг залилагч шоронд шаналж суугааг Холбооны мөрдөх товчооныхон мартсангүй. Шоронд орсноос нь хойш дөрвөн жилийн дараа түүнийг ХМТ-ны ажилтнууд суллуулж аваад зөвлөх болгож ашиглав.
Хулгайчийг барихад хулгайч л тусална гэж банкны ажилтнууд ч үзжээ. Ингээд Абигнейл баримт бичгийн аюулгүй байдлын салбарт эрэлт хэрэгцээтэй шинжээч болох нь тэр. Түүний боловсруулсан залилан мэхлэгчдээс хамгаалах хөтөлбөрийг одоо Америкийн 14 мянга гаруй компани ашиглаж байгаа аж. Үүний ачаар Абигнейл хууль ёсны саятан болжээ.