Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад гэмт хэргийн улмаас харамсалтайгаар амиа алдсан. Түүний аав С.Шаарийбуу энэ олон жилийн хугацаанд охиных нь аминд хүрсэн этгээдүүдийг баривчлуулахын тулд уйгагүй зүтгэж ирсэн билээ. Гэвч өдий болтол ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Харин тэрбээр УЕПГ-т өнгөрсөн гуравдугаар сард өргөдөл өгчээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа.
-С.Шаарийбуу гуайн өргөдлийн дагуу прокурорын байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ хэргийн тухай ярихын өмнө прокурорын байгууллагын бодлогын зарим өөрчлөлтийн талаар дурдах хэрэгтэй. Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд шинэ өөрчлөлт гарч байна. Тухайлбал, манай байгууллага зөвхөн мөрдөн байцаалт, яллах ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, хохирсон хүний эрхийг сэргээх чиглэлээр бодлогын чанартай өөрчлөлт хийж эхэлсэн. Үүний нэг жишээ нь иргэн С.Шаарийбуугийн гаргасан өргөдөлтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ юм.
Тэрбээр “Охин маань Малайзад гэмт хэргийн хохирогч болж, амиа алдсан. Монгол Улс иргэнийхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийхгүй байна. Туслалцаа дэмжлэг үзүүлээч” гэсэн утгатай өргөдөл УЕПГ-т гаргасан. Прокурорын байгууллагад хандсан анхны тохиолдол нь энэ. Хэрэг гараад 10 жил болж байхад манай улс ямар нэг арга хэмжээ аваагүй. Засгийн газар, төрийн байгууллагууд ийм байдлаар иргэндээ хандаж болохгүй. С.Шаарийбуугийн өргөдлийг хүлээн авч, Ерөнхий прокурорын тушаалаар хэрэгт хяналт тавин, ажиллах прокурор томилсон. Тэр прокурор асуудлыг хариуцан, хохирогчид зөвлөгөө өгч, тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
С.Шаарийбуугийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хохирлыг нь барагдуулах талаар ажиллана. Прокурорын байгууллага Олон улсын гэрээ, Прокурорын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гадаадын байгууллагатай харилцан, тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Малайзын шүүх гэм буруутай хүнд ял оноосон хэрнээ өнөөг хүртэл түүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Үүнийг шийдвэрлүүлэх талаар ажиллана.
-Прокурорын байгууллага энэ асуудалд анхаарал хандууллаа гэж ойлгож болох нь ээ. Хохирол барагдуулах талаар ажиллана гэлээ. Эхний ээлжинд юу хийх вэ?
-Хамгийн түрүүнд хийх ажил бол гэм буруутай хүмүүсийн ялыг нь эдлүүлэхийг Малайзын талаас шаардана. Одоогоор Малайзын шүүхийн шийтгэх тогтоолыг аваагүй байна. Эхлээд ГХЯ-аар дамжуулан шүүхийн тогтоолыг нь авах хүсэлт тавина. Манай улс НҮБ болон олон улстай гэрээ байгуулж, олон конвенцод нэгдсэн. Прокурорын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр хүний эрхийн асуудлаар гэхэд л 17 конвенц бий. Тэдгээрийг ашиглаж болно.
-10 жил гэдэг урт хугацаа. Прокурорын байгууллага яагаад өдий болтол дуугарсангүй вэ?
-С.Шаарийбуу прокурорын байгууллагад хэзээ ч хандах эрхтэй байсан. Гэхдээ тэр хүн өнгөрсөн гуравдугаар сард л бидэнд хандлаа. Тэрбээр 10 жилийн турш төрийн өндөрлөгүүд, албан байгууллагуудад олон удаа хандсан юм билээ.
-Гадаадад манай улсын хэчнээн иргэн ял эдэлж байна. Цаашид тэдний эрх ашгийг хамгаалах талаар ажиллах уу. Мөн манай улсад гадаадын хэдэн хүн хоригдож байна вэ?
-Манай улсын 100-гаад иргэн гадаадад хорих ял эдэлж буй бол өнгөрсөн жилийн байдлаар гадаадын 20 гаруй хүн Монголд ял эдэлж байна. Монгол иргэнээ эх оронд нь авчирч ял эдлүүлнэ гэдэг иргэнийхээ эрхийн төлөө хийж байгаа прокурорын байгууллагын нэг ажил. Тэнсэн харгалзах, хугацаанаасаа өмнө суллагдах зэргээр Монголд хоригдож байгаа хүмүүс тодорхой эрх эдэлдэг.
Мөн Өршөөлийн хуулийн дагуу ялаас хэлтрүүлж, хасаж болох зэрэг хуульд заасан эрхийг тухайн хүн Монгол Улсдаа хорих ял эдэлж байж л хүртэнэ. Гадаадад хоригдвол ийм эрх эдлэхгүй. Хятадад 60 гаруй монгол хүн ял эдэлж буйгаас хоёрыг нь авчрахаар ажиллаж байна.
Ч.БОЛОРТУЯА