Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь “Нарантуул” олон улсын худалдааны төвд бий гэдэг. Үр зулбуулах эм, галт зэвсэг, сум, чанаргүй архи гээд муу муухай бүхэн энд бас “цэцэглэсэн” гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Манай сонины сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус төвийг зорьсон юм. Тэгэхдээ хамгийн “аймаар нь” гэгддэг мангасын ам буюу хойд хаалгаар нь орлоо. Биднийг булан эргэв үү, үгүй юү “Портер” маркийн машины доороос нэг хүний толгой цухуйж харагдав. Доороос гэнэт хүний толгой цухуйсанд цочин хартал, хүзүүгээ том гэгч нь яруулсан шарх нь тавлан хатчихсан нэгэн эр үхсэн, амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байлаа. Машинтай явж буй хүн бол түүнийг харахааргүй аж.
Үүдээр нь ороод худалдаа наймаа байхгүй, зах хэсгээр нь явлаа. Ингэж явах үед гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн хоорондоо архины мөнгөнөөс болж маргалдан зогсож байхтай таарав. “За 500 төгрөг өгчих л дөө, чамд байгаа ш дээ, гялс ганц юмны мөнгө босгочихъё. Хурдал л даа, хэцүү байна ш дээ. П.. минь чамд мөнгө байгаа биз дээ. Би мэдэж байна шүү. Зүгээр гаргачих” гэж байв. Эрчүүд нь хэдэн настай болохыг таахын аргагүй юм. Харин эмэгтэй нь арай дээр царай төрхтэй ажээ.
Гэхдээ л “Мультивитамин” ундааны саванд юүлсэн архиа даавуун уутанд хийж барьсан түүний үнэр яалт ч үгүй архичин гэдгийг нь илтгэнэ. Тэдэнтэй уулзаж зогсохдоо бүгд үүдэн шүдгүй болохыг анзаарлаа. Бодвол зодолдсоор байгаад шүднээсээ хагацдаг биз. Бид “гороочид”-ын уудаг архийг хаана, хэдээр зардгийг мэдэхгүй тул тэднээс “тусламж” хүслээ. Мэдээж шанг нь амлаж байж шүү дээ. Тэдний баярлаж байгааг энд дүрсэлж бичихэд ч хэцүү. Баярласандаа золтой л тэврээд үнсчихсэнгүй, биднийг. Ингээд эмэгтэй нь газарчилж явахаар боллоо.
Тэгтэл нэг эрэгтэй нь дагаж яваад байсанд эгч түүнийг “Чи наанаа байж бай. Би явчихаад ирье” гээд тээршааж байв. Харин нөгөө эр “Чи яг буцаж ирнэ биз” гэж шагналын архийг нь аваад явчихаж магадгүй хэмээн хардаж байгаа бололтой дагасаар. Эгч “Уг нь энэ тийм муу архи биш шүү дээ. Хүмүүс л сүржигнэцгээгээд байдаг юм. Жинхэнэ стандартын архи байхгүй юу. Гэхдээ эгч нь нэг их уудаггүй л дээ. Өнөөдөр л жаахан амсчихлаа” гэж явсаар “Нарантуул”-ын урд хаалганы өөдөөс харсан нэгэн дэлгүүрт очлоо.
“Үлэмж” гэх төвийн нэг давхарт байрлах “Болор-19” бөөний худалдааны төвд ороход худалдагч шууд л өөдөөс нь нэг архи өглөө. Ингээд бид тэндээс “Мөнхжин од” ХХК-д үйлдвэрлэсэн, 36 хувийн спиртийн агууламжтай, хоёр шил “Найрсаг” гэдэг архи 0.5 литрийнхийг нь 3500, 0.75 литрийнхийг нь 4500 төгрөгөөр аваад гарцгаав. Гэвч “өндөр” үнээр авсан гэдгээ бид дараа нь мэдсэн юм. Байнгын үйлчлүүлэгч нартаа түүнээс 1000 төгрөгөөр хямд худалддаг юм байна. Тэд зөвхөн энэ архийг л уудаг гэнэ. Бусдыг нь сонирхдоггүй. Тэдний хэлж буйгаар тэнд ийм хямд архи зардаг хэд хэдэн дэлгүүр бий. Тухайлбал, тэдний хэлж заншсанаар “Болор-19”, “24”, “Ихэр хоёр цагаан” гэх мэт. Тэдгээр дэлгүүр үүрийн таван жингээр үүдээ нээдэг аж.
Энэ үеийг нь архичид тэсэн ядан хүлээж байж хэдэн авдар архи, ундааг нь зөөж өгөөд шагналд нь архи авч шинэ өглөөг эхлүүлдэг гэнэ. “Гороочид”-ын хэлж буйгаар архи нь бодогдоод шөнө бараг л унтдаггүй, 3-4 цаг л нойрсдог аж. Хэрвээ түүнээс илүү цаг унтчихвал хамсаатнууд нь өрсөж очоод халтуурыг нь хийж, шил, лаазыг нь түүчихдэг гэнэ.
Ингээд бид архины талаар мэддэг болоод, бас нэг шил сархад цүнхэлчихээд жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг амьдралынхаа талаар ярих хүн хайлаа. Хэт их согтсон нь ярих нь бүү хэл хаана байгаагаа ч мэдэхгүй байгаа бололтой юм. Эрүүл байгаа нь бидэнд ярилцлага өгөхөөс татгалзаж, зугтаад байв. Хэсэг явсны дараа муу усны худгийн таган дээр бодол болон суугаа нэг хүнтэй уулзаж, “Та ярилцлага өгчих тэгэх үү. Шагналд нь архи өгье” гэхэд уухайн тас зөвшөөрлөө. Тэгснээ “Ахынхаа нь зургийг гаргахгүй биз дээ. Удахгүй би Турк явах гэж байгаа шүү. Дүү мөнгө өгөөд явуулж байгаа юм. Тэрийг нь баллаад хаячих вий дээ” гээд толгойгоо маажих аж. Түүнийг Ж.Энхзул гэдэг, 38 настай. Эхнэр нь олон жилийн өмнө Солонгос руу ажил хийхээр яваад, өөр хүнтэй суугаад алга болжээ.
ШУТИС-ийг геофизикийн инженер мэргэжлээр төгссөн, өрмийн мастер, тогооч мэргэжилтэй гэнэ. Тэрбээр “Ах нь охинтойгоо “Ногоон төгөл” хороололд амьдардаг. Үнэндээ амьдрал сайхан байсан ч нэгэнт ийм зам руу орсон хүн гарч чаддаггүй юм. Архиа л ууж байвал хорвоогийн хамаг сайхныг амлаад ч нэмэргүй дээ. Энэ “Нарантуул” чинь аягүй муухай даллагатай газар ш дээ. Энд нэг ирсэн л бол буцна гэдэг ховор. Та нар энд архи уугаад явж буй хүмүүсийг бүгд ядуу гэж бодож байна уу. Үнэндээ ар гэрийнхэн нь тамтаггүй баян хүмүүс ч бий. Биднийг архинаас гаргана гээд христийн сүмийн хүмүүс хааяа ирдэг юм.
Тэд биднийг архинаас гаргах гэж хичээл орж, жаахан оролддог юм. Харин энэ төрийн бус байгууллагууд бол бүгд шал худлаа. Биднээр далимдуулж улсаас мөнгө авдаг байхгүй юу. Ах нь харин хаа очиж хэрэг түвэгт орооцолдож байгаагүй шүү. Түүгээрээ л бахархдаг юм. Шуудай үүрч явдаг нэг нөхөр өнөө өглөө нас барсан. Зүгээр л унаад өгсөн. Бараг тэгээд үхчихсэн нь амар ч юм шиг санагддаг” гэж яриад шагналаа авч, баярлаад алга боллоо.
Өглөөхөн хүн нас барсан гэдгийг сонсоод бид Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст очлоо. Тэндхийн мөрдөн байцаагч “Өнөөдөр өглөө “Нарантуул” худалдааны төвийн орчимд хүн нас бараагүй. Хэрвээ үнэхээр тийм явдал болсон бол цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн заавал очиж шалгана. Дуудлага, мэдээлэл нь бүртгэгдэнэ. Тэнд архи уудаг хүмүүс үнэндээ өдөр судраа мэдэхээ больчихсон байдаг юм билээ. Өглөө болсон явдлын талаар орой асуухад санадаггүй. Байнга архи уусаар байгаад тийм болчихдог байх. Миний бодлоор өнгөрсөн сарын сүүлчээр олдсон цогцосны талаар ярьсан болов уу” гэв.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн дэргэдэх траншейнаас 45 орчим настай эрэгтэй хүний цогцос олджээ. Түүний хэн болох нь одоо хүртэл тогтоогдоогүй, ар гэрийнхнийг нь хайж буй аж. Түүнийг архины хордлогоор нас барсан хэмээх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Түүнийг траншейнаас олох үед “Найрсаг” гэдэг архины шил дэргэд нь байжээ.
Тэрбээр зүүн бугалган дээрээ “Хагацавч үл мартагдах хайр сэтгэл, Хайрлавч үл мартагдах амь бие” гэсэн шүлэг, цээжиндээ морины дүрс, баруун гарын сарвуун дээр “Amore” гэсэн бичиг, сахиусан тэнгэрийн зураг бүхий олон шивээстэй аж. Түүнийг мэддэг хүн байвал Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст хандахыг тэндхийн цагдаа нар хүслээ.
ЭМИЙН ХУУЛЬ БУС БИЗНЕС ТАТРААГҮЙ БАЙНА
Хүзүүнээсээ вакусны хайрцаг дүүжилж, түүндээ бидний түгээмэл хэрэглэдэг эмийг багсайтал хийсэн 40 орчим настай эрэгтэй “Эм байна, эм байна” хэмээн зарлаж явна. Толгойн өвчнийг намдаахаас эхлээд ханиад, гэдэс өвдөх, даралт ихсэхэд уудаг эм, антибиотик ч түүнд байв. Гэхдээ үнэ нь хэт өндөр юм. Тухайлбал, эмийн сангуудад 350 төгрөгөөр худалддаг толгойн өвчинд уудаг “Цитрамон” 800 төгрөгийн үнэтэй. “Нарантуул” худалдааны төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн бие гэнэт өвдсөн тохиолдолд түүнээс эм худалдаж авдаг юм байх.
Тус төвийн торго, бөс бараа худалддаг хэсэгт гурван эмэгтэй ярилцаж сууна. Тэднээс үр зулбуулдаг эм хаагуур зардаг талаар лавлахад “Ёстой мэдэхгүй. Одоо тэрийг зардаг хүн байдаг юм уу. Зарахаа бараг больсон байлгүй” гэсэн хариулт өгөх нь тэр. Гэтэл тэдний нэг нь “Бид мэдэхгүй байна. Тэр хавиас асуугаад үз” хэмээн уриалгахан дагуулаад алхав. Тэгснээ “Тэр “Баялаг ундраа” гэсэн хаяг харж байна уу. Тэрний дор байгаа “Д” үсэгний доор зогсож бай. Хүний хажууд асуучих юм, та хоёр. Би араас чинь очъё” хэмээн шивнэх шахам хэлчихээд явав.
Хэлсэн газарт нь хүлээх зуур өнөөх “Ёстой мэдэхгүй” гэж байсан эмэгтэй бидний хажуугаар өнгөрч, эргэн тойрныг маань нүднийхээ булангаар шалгачихаад замаа буруулан алхлаа. Энэ нь эмийг сүлжээгээр худалддаг, зохион байгуулалттай болсны шинж биз. Түүнийг явсны дараа өнөөх уриалгахан эмэгтэй нэвт харагдахгүй хар тор барьсаар ирэв. Бидний хооронд ийм яриа өрнөлөө.
-Миний дүү жирэмсний хэдэн сартай вэ. Өмнө нь энэ эмийг ууж байсан уу?
-Анх удаа уух гэж байна. Хоёр сар гарантай.
-Яг сайхан уух үе дээрээ байгаа юм байна. Яаж уухыг нь хэлээд өгье, бичээд ав. Хайрцаг дотор зургаан жижиг, гурван том эм бий. Жижиг зургаан эм нь ургийг ховхолж, хөндийрүүлэх үйлчилгээтэй. Түүнийг 12 цагийн зайтай гурав хоног ууна. Сүүлчийнхийг нь уугаад, цагийн дараа үлдсэн гурван эмийг таван минутын зайтай хүлхэж уугаарай.
Ингээд хэсэг хугацааны дараа ураг доошоо гарчихна. Тэгэхээр нь эмнэлэгт очоод цэвэрлүүлчих. Эм ууж байх хугацаандаа сайн явж байгаарай. Харин хийжүүлсэн ундаа, сүү, тараг, халуун ногоотой хоол идээд дэмий. Эмийн үйлчилгээ буурдаг юм. 40.000 төгрөгийн үнэтэй. Заавраа ойлгосон уу.
-Ойлголоо. Ханиад хүрчихсэн эм ууж байгаа. Хамт уучихаж болох уу. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Ургамлын гаралтай эм болохоор хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ханиадны эмээ хэд хоног завсарлачих. Гарсных нь дараа эмийн сангаас цагаан мөөг, юмдүүжин аваад уучихаарай. Тэгээд л зүгээр, сайхан болно.
Ингээд тэрбээр “Цүнхээ онгойлго” гээд сурамгай гэгч нь жижиг хайрцагтай эм цүнх рүү хийчихээд явлаа.
Албаны хүмүүсийн хэлдэг “Эм, эмийн худалдаа, хэрэглээ хяналтаас гарсан” гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байна. Энэ хүмүүстэй цагдаагийн алба хаагчид тэмцдэг ч, тэд хууль сахиулагчдыг хараад таньдаг болсон болохоор барагтай л бол гэнэддэггүй ажээ. Зөвшөөрөлгүй эм худалдсанаас болж тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн хэрнээ хашралгүй, гэмт үйлдлээ давтсаар байдаг хэд хэдэн хүн бий. Тэдний хамгийн ахмад нь 75 настай эмэгтэй байдаг талаар цагдаагийнхан хэлсэн. Ямартай ч цагдаагийн алба хаагчид энэ сарын 9-нд тус төвд “Үр зулбуулах үйлчилгээтэй” гэх тус эмийг худалдаж байсан 48 настай Ц.Бадамханд гэдэг эмэгтэйг саатуулжээ.
Бид худалдан авсан эмийнхээ зааврыг хятад хэлнээс мэргэжлийн хүнээр орчуулуулсан юм. Гэтэл хайрцагны гаднах болон доторх заавар нь ондоо байв. Хайрцагны гаднах “мизопострол” хэмээх ханз нь ходоодны үрэвсэлд ууж хэрэглэнэ гэсэн утгатай аж. Түүнчлэн удаан хугацаагаар ууж байж үр дүнгээ үзүүлнэ гэсэн байлаа. Харин доторх заавар нь “Жирэмслэлтийн эрт үед буюу 49 хоногоос нь хэтрүүлэхгүйгээр эмчийн хяналтад ууж хэрэглэнэ” гэжээ.
Мөн зарим эмэгтэйд их хэмжээний цус алдах гаж нөлөө илрэх магадлалтай гэсэн санамжтай аж. Тэгэхээр дээрх эмийг хоёр сартай жирэмсэн эмэгтэй ууж болохгүй байх нь. Харин тус эмийг лабораторид шинжлүүлэхэд сав агшаах зориулалттай гэсэн хариу гарчээ. Ходоодны элдэв эмгэгтэй хүн тус эмийг уувал сөрөг нөлөө үзүүлэх юм байна.
ФЭЙСБҮҮК Ч ЭМИЙН ХУУЛЬ БУС БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛЖЭЭ
“Нарантуул” олон улсын худалдааны төвд эмийн хууль бус худалдаа газар авсан байгаатай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээгээр эмийг хяналтгүй худалддаг хүмүүсийг судалж үзлээ. Явуулын эмийн сан гэлтэй хүмүүсийн талаар “Уг нь энгийн эмийг ч нууцаар зардаг байсан юм. Одоо бүр цагаандаа гарчээ” гэх цагдаагийн ажилтан ч таарав. Цагдаагийн алба хаагчид наймааг нь хянаж эхэлсэн учир зарим нь олон нийтийн сүлжээгээр эмээ худалддаг болжээ. Хүмүүсийн түгээмэл ашигладаг фэйсбүүкт эмийн худалдааны группүүд бий болчихож.
Тэнд цагаан махны лаа, тосон түрхлэг, даралт тэнцвэржүүлэгч, эмэгтэйчүүдийн үрэвсэл дарах үрэл, бэлгийн чалх сайжруулах, мөн түрүү булчирхайн үрэвсэл намдаах зэрэг эрэгтэйчүүдийн бүхий л эмгэгийг анагаах үйлчилгээтэй эм худалддаг аж. Тэр ч бүү хэл, үтрээ агшаах, бэлэг эрхтэн томруулах үйлчилгээтэй эм, бэлдмэл ч байна. Түүнд хэн хяналт тавьж байна вэ. Хожим илрэх сөрөг нөлөө бий, эсэхийг судалдаг бил үү, манайхан. Ёсыг бодон асуугаад, худалдагчийнх нь “Ёстой тийм зүйл байхгүй, ургамлын гаралтай” гэх жижүүрийн үгэнд нь итгэж л байдаг шүү дээ.
“Даралт тогтворжуулах үйлчилгээтэй эм худалдана” гэсэн зарын дагуу 944005хх дугаар руу холбогдож тухайн эмийн үйлчилгээ, үнийг лавлалаа. Тогтворжуулна гэдэг нь даралт ихэссэн үед багасгана, багассан үед нь ихэсгэх гэсэн утгатай гэнэ. Хайрцагтаа 100 ширхэгтэй уг эм 6000 төгрөгийн үнэтэй. Худалдаж буй хүн өөрийгөө уламжлалт анагаах ухааны чиглэлийн хувийн эмнэлэгтэй хэмээн танилцуулсан бөгөөд утсаар зөвлөгөө өгч, эмээ гэрийн хаягаар хүргэж өгнө гэсэн. Мөн олон хайрцгийг авбал дээрх үнээс хямдруулна гэдгийг ч дуулгав. Тэгсэн хэрнээ эмнэлэгт чинь очиж үзүүлье гэхээр хаягаа зааж өгөхгүй юм.
Хуурамч эм үйлдвэрлэдгээрээ тэргүүлэх улсуудын тоонд манай хоёр хөрш ордог. Тэгэхээр дунд нь байрлах манай улс эмэнд тавих хяналтаа сайжруулахгүй бол хуурамч, бүртгэлгүй эм худалддаг, дамжин өнгөрүүлдэг зах зээл нь болох хандлага хэдийнэ бий болжээ.
Х.АЗЖАРГАЛ, Г.ЦЭЦЭГ