Замын цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн осол 29 хувь буурчээ. Өнгөрөгч есдүгээр сарын нэгнээс эхлэн Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж, дүрэм зөрчигчдөд ногдуулах шийтгэл өндөрссөн нь зам тээврийн ослыг бууруулахад багагүй нөлөөлж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.
Өдөр бүр зам тээврийн ослын улмаас хүн төрөлхтөн 3500 хүнээ алдаж, 25 хором бүрт дэлхийн аль нэг өнцөг буланд ослын улмаас хүн амиа алддаг гэх харамсалтай тоон үзүүлэлт бий. "Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн" хэмээн нэрийддэг зам тээврийн ослын үзүүлэлт манай оронд буурсан нь талархууштай өөрчлөлтүүдийн нэг болжээ. Өнгөрөгч онд авто ослын улмаас 500 гаруй хүн нас барсан байдаг. Харин оны эхний улирлын байдлыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 35 хувь буурсан үзүүлэлттэй байна.