“Баянгол” зочид буудалд байрлах УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд цагдаа нар нэвтэрч нэгжлэг хийн, “УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл өчигдөр цахим хуудсаар тархаж, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, хотын дарга Э.Бат-Үүл, Асашёорюү Д.Дагвадорж, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид, Х.Баттулгын дэмжигчид гээд олон хүн цугласан байв.
Х.Баттулга гэмт хэрэг хийгээд үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх хамаарахгүйгээр баривчлах боломжтой. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй учраас Х.Баттулгыг баривчилна гэдэг нь үндэслэлгүй байсан юм. Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шинэ төмөр зам” төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлагатай болсон. Тиймээс “Баянгол” зочид буудалд байрлах дээрх компаниудын албан өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр, хөндлөнгийн гэрч байлцуулан нэгжлэг хийж байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй бүрэн эрхэнд халдсан ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Хэргийн газрын үзлэгийг саадгүй явуулах нөхцөлийг хангах үүднээс тус зочид буудлын орчмыг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдаар хамгаалуулсан” гэж 18.00 цагт мэдээллээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга болсон явдлын талаар “Энэ бол улс төрийн захиалгат үйлдэл юм. Хувийн компани руу халдах эрх цагдаа нарт байхгүй” хэмээн мэдэгдэв.