АТГ-ын Мөрдөн шалгах албаны даргаар өнгөрсөн баасан гаригт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Н.Дамдинсүрэнг томилжээ. Дээрх албан тушаалд ажиллаж байсан Э.Амарбат 14 жилийн дараа прокурортоо буцаж очин, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдсонтой холбоотойгоор АТГ-т уг орон тоо суларсан юм. Н.Дамдинсүрэн нь ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярын бусдыг залилан мэхэлсэн хэрэг, Нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан нарт холбогдох албан тушаалаа урвуулж, эд хөрөнгө завшсан, “Монголын төмөр зам” болон “Самсунг Си энд Ти” компанийнхны зэрэг олны анхаарал татсан хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан нэгэн.
АТГ-ын Мөрдөн шалгах албаны даргаар Н.Дамдинсүрэнг томилогдохоос хоёр хоногийн өмнө Мөрдөн байцаах газрын болон тус газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэнг уг албан тушаалд томилсон байна. Гэвч тус газрын дарга гэнэт шийдвэрээ цуцалсан талаар олон эх сурвалж хэлж буй юм. Х.Доржсүрэн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан үндэслэлээр ажилгүй болж байсан нэгэн. Түүнийг Мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаа Ө.Энхтөр зүтгүүлж томилуулсан гэх яриа ч байна.
АТГ-ын удирдлага шийдвэрээ гэнэт эргэж харах болсон нь тус газарт шалгаж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгатай Х.Доржсүрэн холбоотойгоос болсон гэх хүмүүс АТГ-ынхан төдийгүй, цагдаагийнхны дунд буй юм. Х.Доржсүрэн нь УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байхдаа “Женко”-гийн 17 чингэлэг спиртийн гэх дуулиант хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгоход оролцоотой гэсэн яриа байдгаас АТГ-ын дарга шийдвэрээ өөрчилсөн бололтой.