ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг НИК ХХК-д ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулиа хүчингүй болгосон, “Миний”, “Номин”, “Макс” сүлжээ дэлгүүрийн эздээс авлига авч, торгуулийг нь цуцалсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл сүүлийн үед цацагдаад буй. Энэ талаар О.Магнай өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр “ШӨХТГ-т байхдаа НИК ХХК-д ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, бид ялсан. Гэхдээ шүүхээс торгуулийн хэмжээг буруу тооцсон гэж үзсэн тул 2014 оны аравдугаар сарын 17-нд 148 тоот тушаал гаргаж, таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэд Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, Газрын тосны газраас НИК ХХК-ийн 2011 онд борлуулсан АИ-92 шатахуун болон дизель түлшний хэмжээг гаргаж өгөхийг хүссэн ч янз бүрийн шалтаг хэлсээр 2015 он хүргэсэн. Тэд зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байсныг та бүхэн санаж буй биз. 2015 оны нэгдүгээр сард ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайхан томилогдоход байцаагч нар НИК-тэй холбоотой ажлын явцыг танилцуулсан юм билээ. Тэгтэл ажлын хэсгийнхнээс бүх материалыг нь авч, уг ажлыг зогсоон, торгууль ногдуулсан улсын байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна” гэж ярив.
Тухайн үед уг хэрэг дээр ажиллаж байсан байцаагч нар О.Магнайтай хамт MN мэдээллийн төвд иржээ. Ж.Очирхуяг байцаагч “НИК ХХК-ийн борлуулалтын мэдээлэлд тулгуурлан 2015 оны наймдугаар сард торгуулийн хэмжээг 2.8 тэрбум төгрөг болгон багасгасан. Гэсэн ч Т.Аюурсайхан биднийг буруутгаж, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсныг Төрийн албаны зөвлөл баталсан. Одоо болтол ажилдаа орж чадаагүй л явна. Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга болонгуутаа анхан шатны шүүх хурлын үеэр НИК ХХК-д албаар ялагдаж, торгуулийн тогтоолыг илт хүчингүйд тооцуулсан” гэсэн юм. О.Магнай “Сүлжээ дэлгүүрүүдийн торгуулийг шүүхийн шатанд эвлэрээд, хэрэгсэхгүй болгосон гэж бас л мушгисан байна. Сүлжээ дэлгүүрүүдэд торгууль ногдуулсан ч тэд зөрчлөө арилгасан. “Дахин алдаа гаргавал үл маргах журмаар торгууль төлүүлнэ” гэсэн болзолтойгоор шүүхийн шатанд эвлэрсэн. Гэтэл Т.Аюурсайхан миний нэр төрд халдаж, улс төрийн зорилготойгоор илт худал мэдээлэл олон нийтэд цацаж байгаа явдлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр тэдний яриад буй шиг авлига авч, үгсэн тохиролцсон юм бол намайг шалгуул. Хэрэв гүтгэсээр байвал НИК компанийнхан торгуулиа хүчингүй болгуулахаар хэн, хэнийг надтай яриулж байсныг нь илчилнэ” хэмээн мэдэгдлээ.