Өнгөрсөн бямба гаригт мэргэжлийн боксийн домогт тулаанч Филиппиний Мэнни Пакьяо өнгөрсөн бямба гаригт сүүлчийн удаа рингэнээ гарлаа. Энэ удаа түүний өрсөлдөгч нь АНУ-ын Тимоти Брэдли байсан юм. Тэд өмнө нь хоёр удаа нударга зөрүүлж бие, биенээ нэг, нэг ялж байв. Гурав дахь уулзалт Пакьяогийн мэргэжлийн рингэнээ хийж буй сүүлчийн тулаан гэдгээрээ онцлогтой боллоо. Тулаан тэнцүүхэн өрнөж, 12 үеийн турш үзэгчдийг уйдаасангүй. Улмаар эцсийн мөчид шүүгчдийн саналаар ялагчийн зарлахад Мэнни Пакьяо 116:110-аар ялжээ. Шүүгчийн дүнтэй санал зөрөх хүн байгаагүй. Учир нь Пакьяо долоо болон ес дэх раундад өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тоолуулсан юм. Филиппин эр тулааны дараа “Би зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Одоо би гэр бүл болон улс төрийн карьертаа илүү цаг зарцуулах хэрэгтэй. Брэдлитэй хийсэн өмнөх хоёр тулаанаас ялгаатай нь би өнөөдөр илүү дайчин тоглож, цохилтууд оновчтой байлаа. Ялахад амар байсан гэж хэлэхгүй. Брэдли хүчтэй, хашир туршлагатай тамирчин. Би дахиад рингэн дээр тулалдаж чадна. Гэхдээ би зодог тайлан, Филиппиндээ харихаар шийдсэн” хэмээн өгүүллээ.