Хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж борлуулдаг, өөрсдөө хэрэглэдэг бүлэг хүнийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн энэ сарын 5-6-нд баривчлан шалгаж эхэллээ. Энэ хоёр өдөр дээрх хэлтсийнхэн ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн албаныхан, Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран гэнэтийн шалгалт хийсэн бөгөөд гэр, автомашинд нь үзлэг хийхдээ үнэрч нохой ашигласан юм байна.
Энэ үеэр сэжигтэн 14 хүнээс метамфетамины агууламжтай ice (мөс) хэмээх хар тамхи, мансууруулах төрлийн бодис 13.7 гр-ыг хураажээ. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад зарж борлуулдаг, хэрэглэдэг Т, Э нарын 14 хүний заримыг нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бол, нэг хэсгийг нь ар гэрийнхнийх нь батлан даалтад өгсөн аж.
Иргэн Т нь мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдэлд удаа дараа холбогдож, цагдаагийнхны хяналтад байсан бөгөөд энэ сарын 5-ны үдэш Баянгол дүүргийн нутагт найз А-гийн хамтаар Ж, Ч, Г нарт “мөс” борлуулж байгаад баригдсан юм байна. Тэр үдэш Ж, М нар Баянгол дүүргийн I хороонд байх зочид буудалд 0.5 гр “мөс” хэрэглэж байгаад баригдсан бол иргэн О, Б, М нар тус дүүргийн IV хорооны нутагт “Nissan” маркийн автомашиндаа, иргэн Ч, Г, И мөн дүүргийн 11 дүгээр хороонд бас л суудлын машиндаа мансуурч байгаад үйлдэл дээрээ саатуулагджээ.
Дээрх хэргийн гол сэжигтэн болох Т болон Э-гийн гэрт нь цагдаагийнхан нэгжлэг хийсэн бөгөөд Э-гийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байх гэрээс нь нэлээд их хэмжээний “мөс” илрүүлэн эд мөрийн баримт болгон хураан авсан талаар эх сурвалжууд мэдээллээ. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн энэ үеэр өмнөд хөршөөс бэлэглэсэн тусгай багаж, хэрэгслээрээ сорил авч шинжлэхэд Э-гээс бусад 13 хүний цус, шээснээс мансууруулах бодис илэрсэн аж.
Дээрх 14 хүнд Эрүүгийн хуулийн 192.3.4-т заасан давтан үйлдлээр их хэмжээний хар тамхи хууль бусаар олж авч, хэрэглэсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод байна.