Сүүлийн үед Монголд хөрөнгө оруулалт татах нэрийдлээр БНХАУ-ын томоохон том бизнесменийг хууран мэхэлсэн хэмээх нэр зүүгээд буй “Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат өнөөдөр энэхүү мэдээлэлд хариу мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрээр Д.Дагвадорж аварга Хятадын бизнесмен Хуан Ёу Лунтай хамтран өөрийг нь залилж, гүтгэн доромжилж байгаа хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, олон жилийн өмнө Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга Б.Баярсайхан нар А.Эрдэнэбатад хоёр төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр Хятадын иргэн Хуан Ёу Луныг танилцуулжээ. Үүний дараа тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
Гэтэл дээрх 10 сая ам.доллар компанийн дансанд бус их аварга Д.Дагвадоржийн дансанд хоёр хуваагдан орсон байна. Үүнийг нь ч их аварга хувьдаа захиран зарцуулжээ.
Энэ талаар тэрээр ярихдаа “Би хөрөнгө оруулалтын 10 сая ам.доллараас 1 долларыг ч хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. Гэтэл Д.Дагвадорж аварга өөрөө тэр их мөнгийг хувьдаа зарцуулчихаад намайг луйварчин мэтээр бодогдуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагаад байгаа нь зохисгүй үйлдэл гэж бодож байна. Би анхнаасаа яагаад хөрөнгө оруулалтын мөнгө компанийн дансанд бус хувь хүний данс руу шилжүүлэгдсэнийг тодруулахаар Монголын хуулийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Цаашлаад энэ хэргийг шийдүүлэхээр Хонгконгийн Арбитрын шүүхэд ч мөн хандсан. Хэрэв хэргийг үнэн зөвөөр тогтоож өгөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Жишээлбэл, Хонгконгийн хэвлэл болон цагдаагийн газарт хандах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ.