"Челси" клубийн зүгээс багийн ахлах дасгалжуулагчаар Антонио Контег томилж гурван жилийн гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. 46 настай Итали менежер одоогоор үндэсний шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд энэ зун явагдах Евро 2016 тэмцээний дараа Стэмфорд Брижэд хүрэлцэн ирэхээр болжээ. Антонио Конте нь тоглогч ахуйдаа төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байснаас карьерийнхаа ихэнх хугацааг Ювентүс клүбт өнгөрүүлэхдээ Италийн дээд лигт 5 удаа, Аваргуудын лигт 1 удаа (1996) түрүүлж байсан бол шигшээ багийнхаа нэр дээрээс нийт 20 тоглолт хийхдээ 1994 оны Дэлхийн аварга болон Евро 2000 тэмцээнүүдэд оролцож байсан удаатай. Конте 2011 онд Ювентүс клүбтээ эргэн ирэхдээ менежерийн дүрээр хүрэлцэн ирсэн бөгөөд 2012-2014 оны хооронд Турины багийг 3 улирал дараалан Серия А лигт түрүүлүүлсэн нь Ювентүсийн хувьд 1930 оноос хойш үзүүлсэн анхны өндөр амжилт нь болж байсан түүхтэй билээ. Үүнээс Конте Бианконеричүүдтэй өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа буюу 2013/14 оны улирал лигтээ 33 ялалт байгуулж 102 оноотой аваргалж байсан нь Италийн Серия А лигийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байдгаас гадна Конте нь Италийн лигт Ювег нийт 114 тоглолтонд удирдан оролцохдоо 83 ялж ердөө 7 удаа хожигдож байсан гэсэн класс статистикыг дагуулж явдаг нэгэн юм. Ийнхүү Лондоны Челси клүбт Жанлука Виалли, Клаудио Раньери, Карло Анчелотти, Роберто Ди Маттео нарын араас премьер лигт ажиллахаар болсон 5 дахь Итали мэргэжилтэн болжээ.
Эх сурвалж: www.facebook.com/epl999/?fref=ts