Вьетнам улсад "Зика"вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамны дэд сайд Нгуен Тхань Лонг мэдэгдлээ.
Ханой хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн мэдээгээр хоёр эмэгтэй хүн халдвар авсан нь албан ёсоор тогтоогдсон бөгөөд Нячага хотын 64 настай, Хошимин хотын 33 настай хүмүүс байсан байна.
Эхний тохиолдол гуравдугаар сарын 26-нд илэрсэн бол үүнээс хэд хоногийн дараа гуравдугаар сарын 31-нд дараагийн тохиолдол бүртгэгджээ. Бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр олон нийтэд мэдэгдэж байгаа ба эмэгтэйчүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.
"Зика" вирусийн халдвар одоогийн байдлаар Ази, Африк, Өмнөд Америк, Номхон далайн орнууд буюу нийт дэлхийн бөмбөрцгийн 20 оронд тархаад байгаа билээ. Уг вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.