Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газрын нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, бүх шатны шүүхээс 3.6 жилийн ял сонсоод байгаа Л.Гансүх шоронгоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захиа бичжээ. Тэрбээр энэхүү захидлаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргэсэн байна.
Тэрээр захидалдаа “Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГазрын ажлыг зохион байгуулсан миний бие болон байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компанийн захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1.1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3.6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигшсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж гурван тэрбум төгрөгийн ашиг олсон Түүгээр ч зогсохгүй ЗГазар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхжиж 2014 онд ажилчдаа таван сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья.
Мөнгөнтуяаг зургаан сар шоронд хорьж, хоёр жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн тав хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийнхээ төлөө уучлал хүсэхгүй, энэ "ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэн Л.Гансүх 2016.03.30” гэсэн байна.