Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтай ярилцлаа.
-Сүүлийн үед удаа дараа болж буй алан хядах үйл ажиллагаа Туркийн хувьд сорилт болж буй. Элчин сайдын хувьд сүүлд болсон халдлагын улмаас хэр хэмжээний хохирол амссан талаарх шинэ мэдээлэл өгнө үү?
-Манай улсад үйлдэж буй алан хядах ажиллагаа өнгөрөгч зунаас идэвхжсэн. Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Дияарбакыр, Суруч болон Анкара хотын галт тэрэгний буудалд болсон халдлага зэрэг нь үүний эхлэл байлаа. Эдгээр нь Турк улсын үндэсний зөвшилцлийн үйл явц буюу террорист бүлэглэлүүдийн галыг зогсоож, эв нэгдлийг хадгалах бодлогыг нураасан явдал юм. Дээрх үйл ажиллагаа идэвхжих үеэр өнгөрсөн зун Турк улсад 3-4 сарын дотор хоёр ч удаа парламентын сонгууль болж таарсан.
Сонгуулийн дараа энэ мэт халдлага намжина гэсэн хүлээлт Туркийн Засгийн газар болон хууль, хүчний байгууллага, ард түмэнд байсан. Гэвч өнгөрөгч нэгдүгээр сараас хойш Анкара болон Истанбул хотод тус тус хоёр удаа халдлага болж, ойролцоогоор 300 орчим энгийн иргэн, төрийн албан хаагч амь насаа алдлаа. 2016 оны хоёрдугаар сарын 17-нд PKK/YPG-ийн Анкара хотод зохион байгуулсан халдлагын улмаас 29 хүн амиа алдаж, 125 хүн шархадсан. Гуравдугаар сарын 13-нд Анкара хотноо дахин халдлага болж 37 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан. 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Истанбул хотод халдлага болж 13 хүн амиа алдан, 14 хүн шархадсан. Гуравдугаар сарын 19-нд Истанбулд дахин халдлага болж таван хүн амиа алдаж, 37 хүн шархадсан.
Өнгөрөгч оны долдугаар сарын 20-ноос хойш PKK/KCK террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, Туркийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн 326 алба хаагч, 146 энгийн иргэн нийт 472 иргэн амиа алдсаны зэрэгцээ арми болон хууль сахиулах байгууллагын 1879 алба хаагч 718 энгийн иргэн нийт 2597 иргэн шархадсан байна. Үүнээс гадна хүчний байгууллагын 19 албан хаагч, 164 энгийн иргэн нийт 183 хүн ор сураггүй алга болжээ. Туркийн өнцөг булан бүрээс хууль хүчний байгууллагад ажиллагсад халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдаж буй мэдээ авч байна.
-Алан хядах үйл ажиллагаа болон хэт даврагсдын эсрэг Туркийн Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?
-Турк нь улс төр-газар зүйн хувьд их түвэгтэй бүс нутагт оршдог. Сири болон Ирак улстай 1200 км үргэлжилсэн хилтэй. Энэ хилийн дагуух газар нутаг маш эмзэг ч гэлээ туркийн ард түмний хувьд хөрш улсын ард түмэнтэйгээ ямар нэгэн асуудал байдаггүй. Харин хөрш улс Сирийн дэглэм тогтворгүй байдал үүсгэлээ. Дээр нь PKK/YPG, DAE¬SH, DHKP-C зэрэг террорист бүлэглэл Турк улсад халдлага зохион байгуулж байна.
Хэдий тийм боловч Турк улс ардчилал, дипломат үйл ажиллагаа, хүчирхэг эдийн засаг, зэвсэгт хүчнийхээ тусламжтайгаар бүс нутагтаа тогтвортой байдлын арал болж ирсэн, болсоор ч байх болно. Энэ асуудал маш олон талтай бөгөөд манай орны улс төр, нийгэм, хүн ам, эдийн засаг болон аюулгүй байдалд хурцаар нөлөөлж байна. Бид сүүлд бий болсон улс төрийн хямралаас болж дээрх асуудалтай анх удаа тулгарч буй юм биш. Турк улс сүүлийн 30-35 жилийн туршид терроризмтой тэмцэж байна.
Иракийн хямрал бидэнд 1980-аад оноос хойш нөлөөлж ирсэн. Сирийн хямрал сүүлийн таван жилийн турш үргэлжилсээр байна. Асадын харгис дэглэмээс болж олон сая хүн орон гэрээ орхин, дүрвэсэн. Турк өнөөдөр дэлхийн дүрвэгч хүлээн авагч хамгийн том улс болж, тэдэнд 10 тэрбум ам.доллар зарцуулсан. Гэтэл олон улсын нийгэмлэг 450 сая ам.доллар л хандивласан байдаг. Дүрвэгчид Туркийг хөндлөн туулж, Эгийн тэнгисийг гаталж, Балканы орнуудаар дамжин Европыг зүглэж байна. Харин БНТУ, Европын холбооны хооронд хийсэн хэлэлцээрийн дараа Европ руу дүрвэгчдийн тоо буурч байна.
Тийм ч учраас энэ нь улс төр, аюулгүй байдал, хүн ам, эдийн засаг, нийгэм соёлын зэрэг олон талтай үр дагаврыг бий болсон. Жишээлбэл, манай улсад сургуулийн насны 750 мянган сири хүүхэд бий. Манай улс боловсролын системдээ өөрчлөлт хийж, сургуулиудын багтаамжийг нэмэгдүүлэн, эдгээр хүүхдэд сурах боломж олгож, эдийн засаг, нийгэм, соёл, шашны үйлчилгээ үзүүлж байна. Тэд нэр төртэй амьдрах эрхтэй. Үүний төлөө л тэмцэж байна. Ялангуяа терроризмтой хийж буй тэмцэлд Турк улсад анд нөхдийнх нь дэмжлэг хэрэгтэй.
Турк НҮБ, Европын зөвлөл, ЕАБХАБ болон НАТО-гийн гишүүн орон юм. Туркийг дэлхийгээс тусгаарлаж ойлгож болохгүй. Үүнээс гадна бүс нутагт бий болсон хурцадмал байдал нь бидний хүсэл зоригийг үл харгалзан үүсэж гарсан асуудлууд юм. Гэвч шийдлийг нь бид өөрсдөө олохоос өөр аргагүй болоод байна. Энэ нь Туркийг их хүнд байдалд оруулж буй учраас Турк улс Монгол тэргүүтэй нөхөрсөг орноос илүү их хүлцэл, ойлголт, дэмжлэгийг хүлээж байгаа юм.
Сүүлийн 35 жилийн хугацаанд Туркийн Засгийн газар 1.5 их наяд ам.доллар зарцуулж, 40 мянган иргэнийхээ амийг алдсан. Турк улс терроризмтой хийх тэмцлээ олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үүргийнхээ хүрээнд цуцашгүй үргэлжлүүлэх болно. Терроризмтой хамгийн тууштай тэмцэж байгаа орон бол Турк юм. Гэвч терроризм бүх нийгэмд заналхийлж байна. Тиймээс уг тэмцэлд олон улсын нийгэмлэг нэгэн цул болж, нэгдэх хэрэгтэй.
-Олон улсын мэдээллийн зарим эх сурвалж Турк улсад цэргийнхний нөлөө бэхжиж байна гэж тайлбарлаж буй. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Миний бие энэ тухайд үзэл бодлоо маш тодорхой илэрхийлмээр байна. Юуны түрүүнд, Турк бол иргэдийнхээ хүсэл зориг, оролцоог хангасан бүгд найрамдах засаглалтай улс. Бид 1950 онд олон намын тогтолцоонд шилжсэн, ардчилсан парламенттай. Турк улсын сонгууль эрх тэгш, шударга байдаг. Улмаар ардчилсан зарчмын дагуу Засгийн газраа томилдог. Манай улсын түүхэнд цэргийн эргэлт болсон тохиолдол бий.
Гэхдээ орчин цагийн Турк улсад энэ үзэгдэл нэгэнт түүх болон үлдсэн. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, уламжлалт дэг жаягт иргэн-цэргийн харилцааг тодорхой зохицуулсан байдаг. Турк улсын зэвсэгт хүчин иргэний удирдлагад байдаг бөгөөд хуулийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна. Үүний эсрэг хувилбар гэж байхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй боловч засаглалын хямралын талаар ярих нь үнэнд нийцэхгүй.
Мэдээж тогтолцоогоо илүү сайн болгох зорилготой олон ургальч үзлийн алийг тэр гэх вэ. Цэргийнхний хувьд нөхцөл байдалд таагүй хандаж байгаа. Шалтгаан нь засаглалаас илүүтэй 1984-1985 онд Сийрт болон Эрухт хотод эхэлсэн террорист халдлагаас хойш 30 мянган иргэний амь нас үрэгдсэний дийлэнх нь цэргийнхэн байсантай холбоотой. Иймд Турк улс энэ тэмцэлийг зогсоохгүй. Терроризмтой хийх тэмцэлд ганцаардсан ч тууштайгаар үргэлжлүүлэх болно.
Б.НОМИН