Дүүгийнхээ гадаад паспортыг ашиглан удаа дараа хил зөрчиж байсан манай улсын иргэн Ө гэгчийг ОХУ-ын хилийн албаныхан илрүүлэн саатуулжээ. Тэрбээр тус улстай харилцан визгүй зорчдог болсноос хойш буюу 2015-2016 оны хооронд дүү Ц-гийнхээ Е серийн гадаад паспортыг ашиглан хойд хөрш рүү 11 удаа орж гарсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Зөрчил гаргасан иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард өөрийнхөө паспортаар ОХУ руу ороод хууль хяналтын байгууллагынхан нь гурван жил Орост орж ирэхгүй байх тамга дарж буцаасан байж. Тиймээс мань эр Хөвсгөл аймагт амьдардаг дүүгийнхээ гадаад паспортыг авчран өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ашиглах болсон гэнэ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа Хил хамгаалах байгууллагад байсан Шалган нэвтрүүлэх чиг үүргийг салган Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлэхээр болсон нь энэ мэт зөрчил нэмэгдэх үндэс болно гэдгийг тухайн үед зарим учир мэдэх гишүүн хэлж УИХ-ын чуулганы танхимд маргаан дэгдээж байсан билээ.
Г.РАВЖАА