Панамд байрладаг Моссак Фонсека (Mossack Fonseca) олон улсын хуулийн хүрээлэнгээс их хэмжээний буюу 3ТВ хэмжээтэй мэдээлэл алдагдсанаар дэлхийн 140 гаруй улс төрч, төрийн зүтгэлтэн, тамирчин алдартнуудын нууц хөрөнгө буюу оффшор данс олон нийтэд дэлгэгдлээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо (ICIJ) өмнө нь ийм том хэмжээтэй, олон хүний баримт материал дэлгэж байсан удаа байхгүй бөгөөд хамгийн сүүлд 2010 онд 1,7GB хэмжээтэй мэдээллийг нийтэд дэлгэж байсан юм.
ICIJ Германы Suddeutsche Zeitung сонинтой хамтран 40 гаруй жилийн хугацааг хамрах баримт бичлэг бүхий мэдээллийг хэвлүүлжээ.
ICIJ-ийн мэдээллийн хуудсанд бүтэн жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй мэдээллийн байгууллагын судалж гаргасан хамгийн онцлох зүйлийг нийтэлжээ.
Алдагдсан материалд :
1. 214 мянган оффшор компанийн мэдээлэл байгаа энэ нь 200 орчим улсын хүмүүстэй холбоотой
2. 140 төрийн албан хаагч, дээд тушаалтны оффшор хөрөнгийн мэдээлэл байгаа, үүнд Украины ерөнхийлөгч Петро Прошенко, Египетийн ерөнхийлөгч асан Хосне Мубарак, Сирийн ерөнхийлөгч Башар Ассад, Ливийн удирдагч асан Муамар Каддафи, Саудын арабын хаан Салман Бин Абдулазиз нарын гэр бүл найз нөхдийн нэр дээрх данс, мөн Исланд, Пакистаны ерөнхий сайд нарын данс илэрсэн.
3. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй холбоотой хүмүүсийн хэдэн зуун сая долларын мэдээлэл гарч ирсэн нь түүнтэй шууд холбоотой гэж үзэж байгаа. Жишээ нь: Түүний дотны найз мэргэжлийн хөгжимчин Сергей Ролдугины 2 тэрбум ам. долларын сэжигтэй шилжүүлэг
4. Мөн АНУ-ын засгийн газраас хар жагсаалтад оруулсан байдаг 33 компани, хувь хүний мэдээлэл байгаа аж. Энэ дотор Мексикийн хар тамхины наймааны бүлэглэл, зарим алан хядагч байгууллагууд ч байгаа гэнэ.
Эдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний 2 тэрбум ам.долларын оффшор данс байгаа юм.
Алдагдсан мэдээлэл түүний нэр дурдагдсан, шууд холбоотой баримт нэг ч байгаагүй ч дотны найз Сергей Ролдугинтай холбоотой баримт Путинийг онцлоход хүргэсэн юм. Магадгүй С.Ролдугины их хэмжээний мөнгөний гүйлгээ ОХУ-ын “эзэн”-тэй холбоотой авилгын сүлжээний зөвхөн нэг хэсэг нь аж.