Мексик улсад "зика" вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Хамгийн гол нь тус улсад халдвар авсан 183 хүний 42 нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа аж. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамны өвчний тархалтыг судлах газраас мэдээлсэн байна.
"Зика"-ийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч жирэмсэн эмэгтэйчүүд ихээр халдварт өртөж байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байгаа юм.
Халдвар авсан хүмүүсийн 88 нь Мексикийн өмнөд нутгийн Чьяпас муж, 75 нь Оахака мужийн оршин суугчид ажээ. Харин 20 сая хүн амтай нийслэл хотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.
Жирэмсэн эмэгтэй “Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд урагт сөргөөр нөлөөлж, микроцефаль буюу гавлын яс маш жижгэрч, улмаар оюуны хомсдол, хараа, сонсголын бэрхшээлтэй болгодог төрөлхийн гажиг үүсгэдэг байж болзошгүй гэж Бразилын Эрүүл мэндийн яам өнгөрсөн оны арван нэгдүгээр сард мэдэгдэж. АНУ-ын эрдэмтэд үүнийг батлахад тун ойрхон байгаа юм.
Тиймээс "зика"-ийн халдвар аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна гэж үзэж байгаа ажээ.