АНУ-ын Конгресс байрладаг Капитолиаягийн дэргэдэх аялал жуулчлалын төвд галт халдлага болсон талаар мэдээлэл ирж Вашингтон хотын төвд цагдаагийн болон гал түймрийн аврах ангийнхан цугласан байна.
15 цаг орчмын үед аялал жуулчлалын төвд байсан хүмүүсрүү гал нээсэн тухай мэдээлсэн байна. Капитолиягийн цагдаа нар ойролцоох гудамжнуудыг хааж, хамгаалалтын бүсээс иргэдийг гарган, Капитолияруу орох гарах бүх гарцыг хаажээ.
Аз болж даваа гаригт Улаан өндөгний баярыг тохиолдуулан сенатын хоёр танхимын гишүүд хуралдаагүй байсан бөгөөд ажил дээрээ байсан сенатын болон төлөөлөгчдийн танхимын тамгын газрын ажилтнууд, хороодын гишүүдэд ажлын байрандаа үлдэх зөвлөмжийг цахим шуудангаар өгсөн байна. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордныг хамгаалалтад авч хаасан байна.
Цагаан ордонд Улаан өндөгний баярыг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулж байсан бөгөөд ерөнхийлөгчийн өргөөний хашааг хэн нэгэн давахыг оролдсон гэх мэдээлэл тарсан ч ямар хүн байсан, түүнийг баривчилсан эсэх талаар мэдээлэл үгүй байна. Нууц албаны төлөөлөгчийн мэдээлснээр, энэ нь хуурамч мэдээлэл байсан ба Капитолияд болсон хэрэгтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс Цагаан ордны нутаг дэвсгэрийг бүслэн хаасан гэжээ.
Европт болсон цуврал халдлагын улмаас АНУ-д гал нээсэн, сэжигтэй гэх тохиолдлуудыг халдлага гэх таамаглал бий болоод байгаа билээ. Харин энэ удаагийн Капитолиягийн хэргийг халдлага гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж цагдаагийн газрын дарга Мэтью Вердероса мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, ойролцоогоор 14 цаг 39 минутад “насанд хүрсэн эрэгтэй Капитолиягийн аялал, жуулчлалын төвийн үзлэг шалгалтын хойд цэгт дөхөж очсон байна. Үзлэг хийх үеэр тэрбээр буу гаргаж ирэн цагдаагийн ажилтан руу чиглүүлжээ. Цагдаагийн ажилтан сэжигтэнрүү гал нээсэн бөгөөд эмнэлгийнхэн тусламж үзүүлсэн байна.
Дээрх хэргийн гол эзэн хэн болохыг албан ёсоор мэдээлээгүй байгаа ч 2015 оны 10 дугаар сард Төлөөлөгчдийн танхимд нэвтэрч, өөрийгөө “Бурхны зөнч” хэмээн мэдэгдэж байсан Теннеси муж улсын оршин суугч, 66 настай Ларри Рассел Доусон гэж Америкийн телевизийн сувгууд мэдээлж байна.