“Associated Press” агентлагаас "Исламын улс" бүлэглэл Бельги болон Францад болсон шиг томоохон халдлага үйлдэхийн тулд 400-600 алан хядагчдыг бэлтгэсэн тухай мэдээлжээ.
Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр "Исламын улс" Европт олон мянган хүний цус урсгасан цуврал халдлага үйлдэхийн тулд мөн алан хядах бүлэглэлүүдийн хооронд харилцаа холбоо тогтооход 400 гаруй босогчийг бэлтгэсэн байна. Гэхдээ босогчдын тоо 600-д хүрсэн байж болзошгүй бөгөөд илүү олон хүний амь хөнөөхөд эдгээр алан хядагчид ажиллах гэнэ.
Энэхүү мэдээллийг Европын болон Ираны тагнуулын албаны төлөөлөгчдөөс авсан бөгөөд "Исламын улс" Сири, Ирак мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад цэргийн хуарангуудтай байх магадлалтай ба тэдгээр хуарангуудад "Европын эсрэг халдлага үйлдэх босогчдыг бэлтгэж сургадаг" аж.
Ийм сүлжээнүүдийн толгойлогчийн албан тушаалыг франц хэлээр ярьдаг, Хойд Африк, Франц болон Бельги дэх алан хядагчидтай холбоотой хүмүүс хашдаг гэж Европын Холбооны аюулгүй албаны ажилтнуудын нэг мэдээлжээ. Тэд Европт эсвэл өөр аль нэг улсад үйлдэх халдлагуудын стратегийг боловсруулах асуудлыг хариуцдаг байна. Эдгээр алан хядах сүлжээнд ордог босогчдыг байлдааны ажиллагаа явуулах тактик, тэсрэх төхөөрөмжтэй харьцах зэрэгт сургадаг байна.
"Исламын улс" Европт хамгийн аймшигт халдлагуудыг үйлдэх болно гэж заналхийлээд байгаа билээ.