Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 27 настай эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг өнгөрсөн намар гарсан билээ. Есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 03.00 цагийн үед энэ хэрэг үйлдэгдсэн.
24-ний 18.00 цагийн үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар тус сумын Тусгалтын задгай гэдэг газарт нутаглах Н.Ганзориг гэх адуучин айлд морины наймаа хийхээр очоод архи ууж халамцсаныхаа дараа Г.Ариунболд нь сумын малын эмч Б гэх эмэгтэйг “Малын гоц халдварт өвчин гарсан байна. Яаралтай ир” хэмээн дуудуулсан. Ингээд эмэгтэйг ирсний дараа шөнийн 02.00 цаг болтол Н.Ганзоригийнд айраг, архи ууж байгаад явахаар гарцгаасан юм.
Гэрээс гарсан даруйд хохирогч эмэгтэйг Б.Ханбаатар “Приус-20” маркийн автомашиндаа суулгаад, Г.Ариунболдыг орхиод зугтах нь холгүй явсан аж. Улмаар Н.Ганзоригийнхоос холгүй очоод эмэгтэйг зодож, хүчирхийлэн биед нь хүнд гэмтэл учруулжээ.
Гэрчүүд хохирогчийг олох үед машинаас нэлээд зайдуу газар маш их цус алдаж ухаан алдсан байсан бол Б.Ханбаатар машин дотроо унтаж байсан гэнэ.
Түүнд холбогдох энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх С.Батсүрэнгээс хэргийн талаар тодрууллаа.
-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарын хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн. Хэзээ шилжүүлсэн бэ?
-Б.Ханбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
Прокурор уг хэргийг хянаад 2016 оны хоёрдугаар сарын 19-нд яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийн гэм буруутай, эсэхийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Яллагдагч Б.Ханбаатар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
-Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн бэ?
-Эрүүгийн хуулийн 126.1(хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн), 126.2.2 (хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж), 126.2.5 (албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг) болон 125.1 (хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан) дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзээд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан яллах дүгнэлт үйлдсэн.
-Хохирогч энэ зүйлчлэлд яаж хандаж байгаа бол?
-Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаах шатанд байхаас нь эхлээд манай байгууллагад санал гомдлоо гарган, тухай бүрт нь шийдвэрлүүлж байсан. Бид гомдолд дурдсан асуудлуудыг шийдэж, хариуг нь өгч байсан юм.
Ингээд нотлох баримтдаа тулгуурлан хуульд зааснаар шийдвэрлэсэн байгаа. Хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд хохирогчийн өмгөөлөгч зүйлчлэлийн талаар тусгайлан гаргасан санал хүсэлт байхгүй.
-Тэгвэл Б.Ханбаатар өөрийг нь яллаж буй энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Яллагдагчийн хувьд бүх санал хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэргийг шүүхээр хянан хэлэлцээгүй байхад зүйлчлэлийг зөвшөөрч байгаа, эсэхийг олон нийтэд зарлах боломжгүй.
Б.Ханбаатар цагдан хоригдож байгаа тул түүнтэй 14 хоног тутамд манай прокурор хуваарийн дагуу биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь тэмдэглэж ирээд удирдлагадаа танилцуулж, үүрэг чиглэл аван ажиллаж байгаа.
Б.БАЯРНЭМЭХ: Г.АРИУНБОЛДЫГ АЖИЛД НЬ ЭРГҮҮЛЭН ТОМИЛОХГҮЙ БАЙХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ
Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ариунболдыг энэ сард ажилд нь эргүүлэн томилсон байна. Үүнээс үүдэн МАН-ынхан гэмт хэрэгтнийг удирдах албан тушаалд томиллоо гэх мэдээлэл гарч олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. Энэ талаар сумын Засаг дарга Б.Баярнэмэхээс тодрууллаа.
-Танай суманд үйлдэгдсэн ноцтой гэмт хэрэгт орооцолдсон Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилсноос үүдэн олон нийт бухимдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Болсон хэрэг явдалд би үнэхээр харамсаж байна. Үүнд яалт ч үгүй удирдах албан тушаалын хүмүүс орооцолдсон байсан. Энэ хэргээс болоод сумын ажил ч хүндэрлээ. Нэг нь өвчин зовлонтой, нөгөө нь хоригдож, шалгагдаж буй. Миний бие энэ хэргийн талаар дүгнээд ч юм уу, удирдлагынхаа хувиар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Танай сонинд анх удаа хандлаа.
Саяхан сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд өөрөө прокурорын тогтоол бариад “Ажилдаа оръё” гээд надтай уулзсан. Хуулийн байгууллага тэр хүнийг шалгаад хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоосон байна. Тийм байхад ажилд нь эргүүлэн томилохгүй байх эрх надад байхгүй.
Түүнийг ирэх үед сумын нөхцөл байдал хүнд байсан. Учир нь манай суманд хонь, ямааны цэцэг өвчин гарч онц байдал зарласан үе. Тэр үед Г.Ариунболдыг ирэхэд би ажилд нь томилсон. Тэрбээр цэргийн сургууль төгссөн болохоор гамшгийн үед авах арга хэмжээ, зохион байгуулалтыг сайн мэднэ.
Нарийн зохион байгуулахгүй бол манай сумын төрийн албан хаагч нар ээлжээр халдварт өвчний голомтын бүсэд жижүүрлэж, нэг шөнийн дотор 176 малыг устгалд оруулж байсан. Тэр онц байдал зарласан үед ажиллаж эхэлсэн юм.
Гэтэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “МАН-ын дарга хэрэгт холбогдсон хүнийг ажилд нь томиллоо” гэх утгатай зүйл нийтэлсэн. Нэр бүхий зарим улстөрчид ч ийм зүйл бичсэн. Надад ч түвэгтэй байлаа.
Ажил хийлгэхгүй энд тэндээс залгаад, хэвлэл мэдээллийнхэн ч амраахаа больсон. Үүнээс болоод Г.Ариунболд хэрэг шийдэгдтэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөө авсан.
-Прокурорын тогтоол дээр юу гэж бичсэн байсан бэ. Түүнийг ажилд нь эргүүлэн томилоход намын ямар нэг нөлөөлөл байгаагүй юу?
-Хуулиас давсан шийдвэр гэж байхгүй шүү дээ. Г.Ариунболдыг хууль хяналтын байгууллага шалгаад “Гэрч Г.Ариунболд нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдлоо” гэсэн байсан. Түүнээс биш ямар нэг намын нөлөөлөл, даргын хүсэлтээр томилсон юм биш. Намынхаа нэр хүндийг бодож байна, эсвэл олон нийт ингэж хүсэж байна гээд түүнийг ажиллуулахгүй байж болохгүй шүү дээ.
Зарим хүн үүнийг санаатайгаар улстөржүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Өнөөдөр (лхагва гаригт) намайг Лу.Болд гишүүн дуудаад хохирогчид ямар туслалцаа үзүүлж, яаж шийдвэрлэж байгаа талаар тодрууллаа.
Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилоход надад ямар нэгэн дарга цэрэг нөлөөлсөн зүйл огт байхгүй. Би өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу ажлаа хийсэн.
-Одоо энэ хэрэг ямар шатанд явж байгаа бол оо. Цагдаагийн байгууллагаас өөрийг тань хохирогч, гэрч, сэжигтний удирдлагын тань хувиар уулзсан уу?
-Надтай мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар нь ч уулзаагүй. Ер нь би хэргийн талаар ерөнхий мэдээлэлтэй л байна даа. Хэвлэлээр бичигдэж байгаа зүйлүүдийг ч би уншихгүй байгаа.
-Г.Ариунболд өөртэй чинь уулзаад хэргийн талаар ч юм уу, тухайн үед болсон явдлын талаар ярьсан уу?
-Түүнийг ажилд нь томилсны дараа сумын Засаг даргын тамгын газрын бүх ажилчдын өмнө Г.Ариунболд хамт олноосоо уучлалт хүссэн. Тэгээд энэ хэрэг одоо шалгагдаж байгаа тул би та бүхэнд хэргийн талаар ярихгүй, ярьж ч болохгүй гэж хэлсэн. Би ч сонирхоогүй.
-Хохирогч эмэгтэй сумын малын ерөнхий эмчээр ажиллаж байсан. Одоо энэ албан тушаалдаа ажиллах боломжтой юу. Та бүхэн орон тоог нь хадгалж байгаа юу?
-Саяхан болсон бүтцийн өөрчлөлтөөр Б өөрийн хүсэлтээр цомхтголд орсон. Энэ ажлын байранд хоёр хүн өрсөлдөж байсан юм. Нэг нь хохирогч Б-тэй хамт ажиллаж байсан залуу. Нөгөө нь Б. Уг нь хамт ажиллаж байсан залуу “Би Б-тэй өрсөлдөхгүй” гэсэн.
Гэтэл Б өөрөө “Би өөрийнхөө хүсэлтээр цомхтголд ормоор байна” гэсэн хүсэлт өгсөн. Үүнийг би ганцаар шийддэггүй.
Энэ хэргээс болж хохирогч эмэгтэй хэд хэдэн хагалгаанд орсон. Биеийн байдал нь дээрдэж буй ч эмчийн байнгын хяналтад байгаа аж. Хотод оршин суух хаяггүй тул тэрбээр ар гэрийнхний хамт түрээсийн орон сууцанд амьдарч байв.
Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод байрнаасаа гарч, хашаа байшин хөлслөн амьдрах болжээ. Түүний ээж В.Бадамсүрэн ч энэ байдлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж хандив хүссэн билээ.
Бид хохирогч эмэгтэйтэй уулзаж, ярилцах гэсэн боловч “Байрнаасаа нүүж байгаа тул уулзах боломжгүй байна” гэв. Харин Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболдтой утсаар холбогдон уулзах хүсэлт тавихад зөвшөөрсөн ч сүүлдээ утсаа авсангүй.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.