Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумын малын ерөнхий эмч, 26 настай бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэргээр хоригдоод байгаа билээ. Тус хэрэг явдлаас хойш өдгөө гурван сарын хугацаа өнгөрсөн ч хэрэг шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Тэгвэл саяхан хохирогч бүсгүйн ээж хэвлэлийнхэнд хандаж тусламж хүссэн юм. Бүсгүйн биеийн байдал муу байгаа бөгөөд дахин хагалгаанд орох шаардлагатай ч ар гэрийнхэнд нь санхүүгийн асуудал тулгарсан учир арга буюу Монголынхоо ард түмнээс хандив туслалцаа хүсэж байна гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд бүсгүйн ээж болох В.Бадамсүрэн болон ах Ц.Нэргүй нартай цөөн хором ярилцлаа.
-Хэрэг явдал болоод гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо охины тань биеийн байдал ямар байгаа вэ. Дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хэзээ орох вэ?
-Дараагийн хагалгаанд ороход маш хүндрэлтэй байна. Хамгийн гол нь үрэвсэл ихтэй, хэвлий давсаг хоёрын хооронд шингэн их хуримтлагдаж, давсаг бохирдолтой болохоор шууд хагалгаанд орж болохгүй гэсэн. Юун түрүүнд үрэвслийг намдаах ёстой, тэгсний дараа хагалгаанд орох боломжтой гэж нэгдүгээр эмнэлгийн эмч нар хэлсэн.
Сэтгэл санааны хувьд ч гэсэн хүнд байгаа. Шокноосоо ч бүрэн гарч чадаагүй. Өвчин нь үе үе сэдэрч байгаа.
-Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Энэ гурван сарын хугацаанд хэрэглэж болох бүхий л антибиотик эмчилгээнүүдийг хийлгэсэн. Харин одоо дархлааг нь сайжруулах, цус төлжүүлэх эмчилгээ хийлгэж байгаа.
-Нийт эмчилгээний зардалд хэчнээн төгрөгийг зарцуулсан бэ?
-Нийтдээ эмчилгээнд тав гаруй сая төгрөг, бусад зардалтайгаа нийлээд 7-8 сая төгрөгийг одоогийн байдлаар зарцуулсан. Дахиж хэдэн төгрөгөөр хагалгаа хийлгэхийг хэлж мэдэхгүй байна.
-УИХ-ын эмэгтэй гишүүд бас туслалцаа үзүүлсэн гэсэн?
-Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадахгүйн улмаас арга буюу эмнэлгээс гаргасан. Гэвч удалгүй яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэсэн учраас Л.Эрдэнэчимэг гишүүнд хандаж тусламж хүссэн. Тэгээд “Корсан” гээд хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа.
-Дахин хагалгаанд ороход бүрэн эдгэрч, хөл дээрээ босч чадах уу?
-Их хүнд хагалгаа гэсэн. Давсаг нь өөрөө агшиж, сунаж байдаг учраас тавьсан оёонууд нь задраад байгаа.
-Тухайн үед болсон хэргийн талаар танд болон гэрийнхэндээ хэлсэн байх?
-Ярилцаж үзсэн. Гэхдээ ярихдаа аль болох болгоомжтой байхгүй бол дахин шоконд орж болзошгүй гэсэн. Ямартай ч өөрт нь ямар ч буруу байхгүй гэдгээ хэлсэн. Анх халдварт өвчин гарсан гэж худлаа хэлж айлд аваачсан юм билээ. Тэгээд очсон чинь Н.Ганзориг гэдэг малчныд архи ууж байсан гэсэн. Ямар ч найр болоогүй байсан. Мөн охиныг минь архиар шахсан боловч уугаагүй эрүүл байсан.
-Б.Ханбаатар охинд тань ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан зэрэг олон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл бий юу?
-Охин минь их дарамт дор ажилладаг байсан гэж би хувьдаа бодож байгаа. Миний охин Б.Ханбаатартай огт амрагийн харилцаа байгаагүй. Тамгын газрын дарга асан Г.Ариунболд нь өнөөг хүртэл ямар ч буруугүй “гэрч” гэх нэр зүүн эрх чөлөөтэй явж байгаад туйлын их гайхаж байгаагаа хэлэх ёстой. Учир нь тэр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин дуудаж гэмт этгээдийн гарт авчирч өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол ийм хэрэг явдал гарах байсан гэж үү? Үүнд эх хүний хувьд маш их гомдолтой байна. Ямар нэгэн санаа зорилго өвөрлөн худлаа хэлж дуудсан нь илт.
Мөн ах Ц.Нэргүйгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Б.Ханбаатарын зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үү?
-Тэдний талын өмгөөлөгчтэй манай талын өмгөөлөгч харилцан санал солилцоод нэг удаа уулзсан. Харин миний зүгээс тэдэнд дөрвөн удаа уулзах санал тавьж байж уулзсан. Тухайн үед хагалгаанд орсны дараа антибиотик эмчилгээ болон томограф дуранд харуулах зэрэг шаардлагатай болсон. Зөвхөн эмчилгээнд л 7-8 сая төгрөгийг зарцуулсан болохоос биш урсгал зардал гээд бараг 12-13 сая төгрөгийг гаргаад байгаа. Анх эмнэлгээс гаргасны дараа хашаа байшинд шороотой нөхцөлд байлгаж болохгүй, өгсөх замын халдвар авч магадгүй гэсэн болохоор 500 мянган төгрөгөөр байр түрээсэлж амьдарч байна. Үүнээс гадна бусад шинжилгээнд орохын тулд хүүхдүүдийнхээ хадгаламжийг хүртэл барьцаалж банкнаас зээл авч байсан. Яг ийм үед бид дөрвөн удаа уулзсан. Бүх тал дээр нь тусална гэсэн хоосон ам гараад л явсан. Одоог хүртэл тусалж байгаа зүйл алга. Харин ч эсрэгээр нь ямар мөнгө нэхээд байгаа юм бэ гэж ярих жишээний.
-Хэрэг хэрхэн шийдэгдэх төлөвтэй байгаа вэ?
-Хэрэг прокурорт шилжсэн. Б.Ханбаатар хоригдож байгаа. Харин архи зөөж өгч, ганц эмэгтэй хүнийг согтуу хүмүүс дээр худлаа хэлж аваачсан Г.Ариунболд болон н.Эрхэмтөр гэх хүмүүс “гэрч” гэх нэрийн дор чөлөөтэй явж байгаа. Анх тэр айл руу явж байх замдаа дэлгүүрээс архи авахад нь дүү маань “гоц халдвар гарсан голомт дээр очих гэж байж архиар яах гэж байгаа юм бэ” гэж асуухад н.Эрхэмтөр “удаан уулзаагүй айлдаа өгөх гэж байгаа” гэж хариулаад манай дүүгээс 20.000 төгрөг зээлж авсан гэсэн. Тиймээс тэдгээр хүн тодорхой хэмжээнд оролцсон, “үүрэг гүйцэтгэсэн” юм чинь ял үүрэхгүй юмаа гэхэд хариуцлага хүлээх ёстой.
-Дүүгийн тань сэтгэл санаа ямархуу байгаа вэ. Сэтгэл засах эмчилгээ хийлгэсэн үү?
-Гэмтлийн эмнэлгийн нийгмийн ажилчид нэг удаа ирж уулзсан. Мэргэжлийн сэтгэл зүйчид авчрах гэхээр бас л мөнгө шаардлагатай болно. Сэтгэл санааны хувьд арай дээрдэж байснаа сая нэг байцаалт өгсөн чинь дахиад хямарсан.
-Нийт хэдэн удаа байцаалт өгсөн бэ?
-Сэхээнд байхдаа хоёр удаа, дараа нь тасаг руу шилжсэний дараа өмгөөлөгчтэйгөө нэг удаа байцаалт өгсөн. Сүүлд харьяа шилжсэний дараа Сонгинохайрхан дүүргийн байцаагч өмгөөлөгчтэй нь хамт нэг удаа байцаалт авсан. Тэр үед маш хямарсан байсан учир дахиж байцаалт өгүүлэхийг хүсээгүй. Дахин дахин хямраад байгаа. Ямар сайндаа л бид утас бариулахгүй байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр яригдаж буй зүйлийг олоод уншчихвий гэж болгоомжлох юм.
-Хэрэг явдал сунжирсаар байгаад мартагдах хандлагатай болж байна гэж олон нийт хардаж байгаа?
-Анх бид хэвлэл мэдээллийнхнээс их зугтаасан. Хэрэгтэн нь тодорхой, хариуцлага хүлээлгэх нь мэдээжийн хэрэг учир тухайн үед тэгэх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл өнгөрсөн гурван сарын хугацаанд гол хариуцлага хүлээх хүн нь мултарч магадгүй хандлагатай болсон болохоор яалт ч үгүй дахин хэвлэлийнхэнд хандсан. Сайтуудад тавигдсан зургийг үзүүлэх үү үгүй гэж их эргэлзсэн. Хүнийг тийм болгочхоод цаагуур нь өөрсдийгөө өмгөөлж, сөрөг мэдээлэл цацаад байгаа юм. Дүүг маань бараг тэр хоёр залуутай зэрэг амрагийн холбоотой байсан гэх мэтээр харагдуулж байна. Огтхон ч тийм зүйл байхгүй гэдгийг өөрөө хэлсэн. Харин хадланд нэр цохож авч яваад 1-2 удаа оролдох гэж үзсэн юм шиг байна лээ. Гэхдээ дүү маань өөрөө эсэргүүцсэн байсан. Тэрийг болсон мэтээр олон нийтийн анхааралд оруулж, дөвийлгөж, хоёр залуутай зэрэг холбоотой байсан учир өс хонзонгийн сэдэлтэй, хардалтаас үүдсэн байж болзошгүй ч гэх шиг утга учиргүй мэдээллүүдийг их цацсан. Зүгээр ажлаа хийж явсан хүнийг эрүүл мэндээр нь хохироочихоод тийм муухай зүйл хийж болохгүй шүү дээ. Дүү маань эх хүн, бага насны охинтой өрх толгойлсон эмэгтэй хүн. Цаашид дахин хүүхэд төрүүлж болох эсэхийг нь ч хэлж мэдэхгүй байгаа. Сайн эмнэлэгт эмчлүүлэх гэхээр хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсээд, нарийн оношлогоонуудыг ч хийлгэж чадахгүй байна. Арга буюу олон түмэнд хандаж тусламж хүссэн юм.